МСПК төгсөгчдийн 90 гаруй хувь нь мэргэжлээрээ ажилладаг
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.09.23

МСПК төгсөгчдийн 90 гаруй хувь нь мэргэжлээрээ ажилладаг

Мэргэжилтэй ажилтан бэлтгэж хөнгөн үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн эрэлтийг хангадаг цөөн сургуулийн нэг “Монгол-Солонгосын политехник коллеж”-ийн үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан танилцлаа.

Тус сургууль нь анх 1966 онд Хөнгөн үйлдвэрийн техник мэргэжлийн сургууль нэрээр байгуулагдсан байна. Ирэх жил сургуулийнхаа 50 жилийн ойг тэмдэглэнэ гэж сургуулийн захирал Г.Оюунбилэг танилцуулсан.

Монгол-Солонгосын Техникийн Коллеж нь нэг ээлжиндээ 640 хүн хичээллэх 4 давхар хичээлийн байр, 2 давхар мастерын газар, лабораторийн хэсэг, 250 оюутны дотуур байр, спорт заалтай, 17 дадлагын газар, лабораторитой сургалтын орчин иж бүрэн шийдэгдсэн томоохон сургуулиудын нэг юм.

Тус коллеж нь Мэргэжлийн боловсрол олгох, Техникийн боловсрол олгох, Захиалгат болон насанд хүргэчдийн сургалт гэсэн гурван чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. МСПК нь 2010 оноос эхлэн Захиалгат болон насанд хүрэгчдийн мэргэжил олгох сургалтыг явуулж эхэлсэн. Энэ сургалт нь дунд боловсролтой 18-аас дээш насны иргэдэд мэргэжлийн боловсролыг нэг жилийн хугацаанд эзэмшүүлж мэргэжлийн үнэмлэх болон чадамжийн гэрчилгээ олгодог гэж сургуулийн удирдлагууд онцоллоо.

Тус коллеж нь БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 5.7 сая долларын хөрөнгөөр боссон хичээлийн шинэ байрны өргөтгөлөө энэ хичээлийн жилдээ хүлээн авах юм байна.Тоног төхөөрөмжийг суурилуулах үлдсэн. Үүнд 46 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаагаа дуулгав.

“Монгол-Солонгосын политехник коллеж”-ийн үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан танилцлаа.

Шинэ байрны өргөтгөлд оюутны дадлагын газар бий болох юм. Компьютр дизайн, авто машины засвар, механик, аж үйлдвэрийн байгууламжийн технологи, үйлдвэрлэлийн цахилгаан, интерьер дизайн, мэдээллийн технологи гэсэн зургаан мэргэжлээр дадлага хийх байр бэлэн болжээ.

Мөн сургуулийн удирдлагууд Хөдөлмөрийн сайдад хандан санал хүсэлтээ илэрхийлсэн. Оюутнуудын дадлагын материалын зардлыг бодит тооцоонд үндэслэн салбарын хүрээнд нэмэгдүүлэх, Сургуулийн 50 жилийн ой болж байгаатай холбогдуулан их засвар, байрны өргөтгөлийн хөрөнгийг шийдвэрлүүлэх хэрэгцээтэй байгааг уламжиллаа.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Улсын төсөв хөрөнгө дутагдалтай байгаа ч зохих дэмжлэг үзүүлж, холбогдох арга хэмжээг авч, төсвийг шийдвэрлэе. Сургуулийн шинэ байрны нээлтийг хийж, ажлаа эрчимжүүл” гэдэг үүргийг өглөө.Мөн тэрээр “Гадаад харилцаагаа сайжруулах шаардлагатай. Солонгосын томоохон компани, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй. Мөн олон улсын байгууллагуудтай харилцаагаа сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

“Монгол-Солонгосын политехник коллеж”-ийн төгсөгчдийн 90 гаруй хувьнь шууд ажлын байртай болдог байна. Энэ жилийн төгсөгчдийн 93 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа гэсэн судалгааг танилцууллаа.