АШУҮИС-ийн ирээдүйн шүдний эмч нар хиймэл хүн дээр дадлага сургуулилтаа хийнэ
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2015.09.23

АШУҮИС-ийн ирээдүйн шүдний эмч нар хиймэл хүн дээр дадлага сургуулилтаа хийнэ

 - АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургууль шинэ лабораторитой боллоо -

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль бүрэлдэхүүн таван сургуультай. Үүний нэг нь Чингэлтэй дүүрэгт байрлах Нүүр ам судлалын сургууль болон Шүд эрүү нүүрний эмнэлэг. Сургууль, эмнэлэг нэг дор байрлаж, оюутнууд онол практик  хослуулан суралцах хамгийн том боломжийг бүрдүүлсэн газар бол яах аргагүй энэ сургууль юм.

Сүүлийн жилүүдэд олон улсад шүд, эрүү нүүрний мэс засал болон арчилгаа, эмчилгээний салбар хурдацтай хөгжиж буй.  Харин манай улсад ч гэсэн энэ салбар эрчимтэй хөгжиж, орчин үеийн техник тоног төхөөрөмжийг эмчилгээ, сургалтдаа ашиглах болсон билээ. Шүд ам судлалын сургуулийн хувьд ч ийнхүү олон улсын жишигт нийцсэн лабораторийг ашиглалтад оруулжээ. 

Сурч буй оюутан сурагчиддаа сурах орчныг нь  хамгийн дээд зэргээр бэлдэж, тус сургуулийн эмнэлгийг зорин  ирж буй үйлчлүүлэгчдийн ая тухтай орчныг хангах тал дээр тусгайлан анхаарч ажилладаг  энэ хамт олонд өчигдөр нэгэн сайхан үйл явдал тохиосон юм.

Тодруулбал, тус сургуульд сургалтын 170 сая төгрөгийн өртөг бүхий 24 суудал, модель буюу хиймэл хүн, иж бүрэн тоноглол бүхий ур чадварын лабораторийг ашиглалтад хүлээн авах ёслолоос гадна УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы санаачлагаар тус сургууль руу орох, гарах явган хүний болон автомашины гүүрэн гарцны нээлт боллоо. Та бүхэн автомашины болон хүний гүүрэн гарц гэхээр гайхаж магадгүй. 

Нээлтийн ёслолд  УИХ-ын гишүүн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал, анагаах ухааны доктор, профессор, академич Г.Батбаатар, Нүүр ам судлалын сургуулийн захирал Т.Ариунтуул

Тус сургуулийн хувьд бидний хэлдгээр Долоон буудлаас хот руу ирэх замын баруун талд байрладаг. Гэхдээ яг тус сургуулийн төв  хэсэгт  зам сургууль хоёрыг заагласан далан байдаг учраас сургууль руу орохын  тулд яах аргагүй тойрох нөхцөл байдал үүсдэг байж. Тиймээс тус тойргоос сонгогдсон  УИХ-ын гишүүн  гүүрэн гарцны асуудлыг шийдэж өгчээ.

Нээлтийн ёслолд  УИХ-ын гишүүн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал, анагаах ухааны доктор, профессор, академич Г.Батбаатар, Нүүр ам судлалын сургуулийн захирал Т.Ариунтуул болон тус сургуулийн багш, сурагчид оролцсон юм. 2011 оны есдүгээр сарын 1-ээс сургалтын үйл ажиллагаа явуулж буй энэхүү сургууль өнөөдөр ийнхүү олон улсын стандартын дагуу жишиг лабораторитой болж, суралцагчдад томоохон боломжийг нээлээ. 

Өөрөөр хэлбэл, суралцагчид сурч байх хугацаандаа модель буюу хиймэл хүн дээр эрүү нүүр, шүдний  дадлага  хийн дадлагажих юм. Бүр тодруулбал, амьд  юм шиг    эд  эрхтэн бүрэн “хүн” дээр эрүү, нүүр, шүдний ажилбарыг хийх аж. Биднийг лабораторийн нээлтэд очиход тус сургуулийн суралцагчид моделийн шүдийг ломбодох, шүд авах, хиймэл  шүд суулгах гэх мэтээр бүхий л мэс ажилбарыг хийж байсан юм. Тэдний хувьд энэхүү модель дээр хэр сайн дадлага хийж сурна төдий чинээгээр өвчтнийг  сайн эмчилнэ гэдгийг Шүд эрүү нүүрний эмнэлгийн захирал М.Соёлмаа  онцолсон.  Ингээд  олон баярт үйл явдал  давхцсан  нээлтийн ажиллагааны үеэр  зочид төлөөлөгчдийн сэтгэгдлийг сонслоо.  

Г.Баярсайхан: Миний санаачлагаар явган хүний болон автомашины гүүр ашиглалтад орлоо

-Би  1997 онд анагаахын их сургуулийг төгсч байлаа.  Энэ сургууль миний амьдралтай салшгүй холбоотой. Тиймээс би өөрийгөө  энэ салбарын хүн гэж итгэл төгс бодож явдаг.  Дээр нь нэмж  хэлэхэд,  Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүний хувьд тойрогтоо олон ажил хийхээр төлөвлөсөн.

Үүний нэг нь өнөөдөр миний санаачлагаар явган хүний болон автомашины гүүрийг барьж байгуулан ашиглалтад өглөө.  Шүд, эрүү нүүр судлалын  сургуулийн ажилчид, оюутан сурагчид  сургууль руугаа  бараг км шахам газраар тойрч ирдэг байсан бол өнөөдөр төв замаас шууд  орох боломж бүрдэж байна. Энэ  нь нэг талаар цаг хэмнэх, нөгөө талаар оюутнуудын сурах орчныг сайжруулсан том ажил гэж хэлмээр байна.