Олон улсыг холбосон авто зам өргөжинө
Нээлтийн үйл ажиллагаа
2015.09.23

Олон улсыг холбосон авто зам өргөжинө

Баруун бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төслийн Толбо нуур-Хашаатын даваа, Хашаатын даваа-Шургийн гүүр, Цагаан нуур-Улаан байшинт чиглэлийн гурван багцын замын ажлын нээлтийн ажиллагаа болов.

Нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен, Зам барилгын ажлын хяналт зөвлөхийн багийн ахлагч Ч.Энхжаргал, “Чайна Хуаши” компанийн орлогч захирал У Юун болон тус компаний инженерүүд мөн төслийн гүйцэтгэлийг хянах компанийн албаны хүмүүс, инженерүүд, Ховд, Баян-Өлгий аймгийн иргэд, бизнесийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Баруун бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төслийн хүрээнд

Улаан байшинт-Цагаан нуур – 25,8км
Толбо нуур- Хашаатын даваа – 60км
Хашаатын даваа-Шургийн гүүр- 50км нийт 135,8км замын барилгын ажлыг гурван  жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээлжээ.

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа бол зөвлөх компаниар Ай Си Ти сайн консалтинг компани, гүйцэтгэгч компаниар БНХАУ-ын China Huashi Enterprises company limited ажиллаж байна. 

Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хэлсэн үгэндээ дээрх гурван  багцын 135,8 км авто зам ашиглалтанд орсноор БНХАУ, ОХУ хоорондын тээвэр ложистикийн харилцаа өргөжих цаашлаад эдийн засгийн олон боломж бүрдэнэ, мөн энэ зам Ховд, Баян-Өлгий аймгуудын зам бус Олон улсыг холбосон авто зам болон өргөжин хөгжих эхлэл тавигдаж байна хэмээн онцлон хэллээ.