Амины үнэтэй like
2015.09.24

Амины үнэтэй like

Селфи хийх дуртай нөхдүүд олон нийтийн сүлжээнд лайк цуглуулахын тулд эрсдэлтэй алхам хийж амиа алддаг тохиолдол цөөнгүй гарах болов. Mashable хэвлэлийн газрын тооцоолсноор 2015 онд дэлхий даяар сэлфинээс болж амиа алдсан хүний тоо акуланд бариулсан хүний тооноос давж гарчээ.

Энэ оны эхнээс амжилтгүй сэлфи 12 хүнийг, акулын шүд 8 хүнийг нөгөө ертөнцөд илгээсэн байна. Сэлфинээс болж үхэж байгаа нь энэ төрлийн зугаа цэнгээг аюултай үйлдлийн ангилалд оруулах хэрэгтэй биш үү гэсэн дохиог өгч байна.

 Есдүгээр сарын 17

Японы нэгэн жуулчин Энэтхэгийн Тажмахалын шатан дээр Ордны өмнө өөрийн зургийг авах гэж байгаад халтирав. Толгойгоороо чулуун шал мөргөж эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ.

Есдүгээр сарын 1

АНУ-ын Хюьстан хотод 19 настай Делеон Алонсо Смит цэнэглэсэн буутай зургаа авахыг хүссэн ч харамсалтай нь санаандгүй гохон дээр нь дарж сум эрүүн доороос нь дээш гарчээ.

Наймдугаар сарын 24

ОХУ-д хэсэг сурагчид багш нарын хамт Томскоос Приморскийн хязгаарт аялалаар иржээ. Тэд Япон тэнгисийн эрэг дээрх Гамовын хойгт буудаллав. Орой болоход нэгэн сурагч охин үзэсгэлэнт байгалийн өмнө сэлфи хийхийг хүсчээ. Гэвч хөл дээрээ тогтож чадалгүй 30 метрийн өндрөөс унаж газар дээрээ амьсгал хураажээ.

Наймдугаар сарын 9

Испаний Вилласека де ла Сагра хотод 32 настай Давид Гонзалес Лопес энсьерро буюу гудамжинд гаргасан галзуу бухнуудаас зугтаадаг үндэсний баярын үеэр сэлфи хийхийг оролджээ. Гэвч нэг бух түүнийг анзаарч мөргөжээ. Эмч нар түүнийг аварч чадсангүй. Их хэмжээний цус алдсанаас нас баржээ.

Долдугаар сарын 5

Их Британий иргэн сэлфи хийдэг бариул нь аянганд ниргүүлсний дараа нас баржээ. Энэ явдал Өмнөд Уэльсийн Брекон-Биконсын цэцэрлэгт хүрээлэнд болжээ. Гэрчүүдийн ярьснаар хүчтэй цахилгаан цахиж байхад олон хүн сэлфи хийж байсан гэнэ.

Тавдугаар сарын 22

ОХУ-ын Рязань мужид есдүгээр ангийн сурагч ангийнхантайгаа төгсөлтөө тэмдэглэж төмөр замын гүүрний ойролцоо шорлог хийхээр явжээ. Найзууд нь болиулахыг ятгасан ч тэрээр сэлфи хийхээр өндөр хүчдэлийн цамхагт авирчээ. Хэтэрхий өндөрт гарч цахилгаан гүйдэл бүхий дамжуулагчид ойртсоноос хүчдэлд цохиулсан хүү гурван давхрын өндрөөс унаж эмнэлэгт очих замдаа амьсгал хураажээ.

Яг энэ өдөр Чеченд 15 настай хүү бетонон хананд авирч зургаа авахыг хүсчээ. Гэвч нэгэн бетонон хавтан унаж түүнийг няц даржээ.

Тавдугаар сарын 21

Индонезийн Нуса Лембонган арал дээр есөн найз далайн эрэг дээр амарч байв. Тэдний нэг 21 настай сингапур залуу Мохамед Аслам бин Шахуль хоёр метрийн асган дээр зургаа авах гэж гараад давалгаанд цохиулж тэнцвэр алдан доош унажээ. 

Хоёрдугаар сарын 21

Вашингтонд Ореган хотын оршин суугч найз хүүхэнтэйгээ төмөр зам дээр зургаа авч байгаад галт тэргэнд дайруулжээ. Өөрөө нас  барж найз хүүхэн нь амьд гарав.  Үүнээс болж долоон галт тэрэгний хөдөлгөөн саатжээ.

Нэгдүгээр сарын 26

Энэтхэгт гурван оюутан ойртон ирж буй галт тэрэгний фон дээр селфи хийж байгаад амиа алджээ.

 

Энэ мэтийн золгүй явдлаас үүдэж (золгүй явдлын тоо үүгээр зогсохгүй) зарим байгууллагууд ийм үхлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар бодож эхэлжээ.

АНУ-ын Колорадо мужийн Денверийн амьтны хүрээлэн хүмүүс баавгайтай сэлфи хийдгээс болж хаагджээ. Зарим нь бүр гуравхан метрийн зайд баавгайд ойртож зургаа авахыг оролддог ажээ.

Tour de France дугуйн тэмцээний тамирчид болон үзэгчдийг уралдааны үеэр сэлфи хийхгүй байхыг уриалжээ.  

Мөн ОХУ-ын Дотоод хэргийн яам өнгөрсөн зургадугаар сард амь нас, эрүүл мэндэд халгүй хэрхэн сэлфи хийх талаар гарын авлага хэвлэжээ.