Маргааш хотын албан татварын хууль хэрэгжиж эхэлнэ
Амралтын газар, зочид буудал, уушийн болон зоогийн газраар үйлчлүүлсэн, согтууруулах ундаа, тамхи худалдан авсан тохиолдолд иргэд 0.5-1 хувийн татвар төлнө.
2015.09.30

Маргааш хотын албан татварын хууль хэрэгжиж эхэлнэ

Эдийн засгийн товч мэдээлэл. Есдүгээр сарын 30-н байдлаар

Ирэх аравдугаар сарын нэгнээс нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн нийслэл хотын есөн дүүрэгт амралтын газар, зочид буудал, уушийн болон зоогийн газраар үйлчлүүлсэн, согтууруулах ундаа, тамхи худалдан авсан тохиолдолд иргэд 0.5-1 хувийн татвар төлнө.

Есдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн аж ахуйн нэгж, байгууллагууд энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс өмнө нуун дарагдуулсан орлогоо дахин мэдүүлэх боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл Татварын Ерөнхий газрын iltod.mta.mn гэсэн сайтаар дамжуулан хувь хүн, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг зургаан төрлийн татвараа ил тод болгосноор хуулиар тогтоосон хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөх боломжтой болж байна.

Улсын хэмжээнд үр тарианы хураалт 31.3 хувьтай үргэлжилж байгаа талаар ХХААЯ-наас мэдээллээ. Хамгийн сүүлийн нэгтгэсэн дүнгээр тариаланчид 92.9 мянган га талбайгаас 78.9 мянган тонн үр тариа хураан авсан байна. Энэ онд үр тарианы ургац хураалт есдүгээр сарын дөрөвнөөс эхэлсэн юм.

“Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан томилогдлоо.

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт наймдугаар сард 4.2 сая тонн болж, өмнөх сараасаа 38 хувиар буурсан бол өнгөрсөн оны мөн үеэс 8.1 хувиар өссөн байна.

Үндэсний Статистикийн хорооны мэдээлснээр улсын хэмжээнд нэг сая таван зуун мянган төгрөгөөс дээш цалинтай 50 мянга гаруй ажил эрхлэгч байна. Харин 170 гаруй мянган иргэн улсын дунджаас дээгүүр буюу 900 мянгаас дээш төгрөгийн цалин авч байна.

2015 оны 8-р сарын байдлаар банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ 7.3%-д хүрч өнгөрсөн оны мөн үеэс 2.3 нэгж хувиар өсчээ. Тус дүн татан буугдсан банкуудыг хассан дүнгээр 5.3%-тай байна. 2009 оны эдийн засгийн хямралын үед чанаргүй зээл 17.3%-д хүрч үүнээс хойш тасралтгүй буурч байсан хэдий ч өнгөрсөн оноос огцом өсч эхэллээ.

"Тэнхлэг зууч” компанийн мэдээлснээр 8-р сарын үзүүлэлтээр Улаанбаатар хотод захиалга авч байгаа 47 мянга 361 айлын орон сууцны барилгуудын 79 хувь нь 80 ам метрээс бага талбай бүхий орон сууцууд байна. Түүнчлэн энэ оны эхний найман сарын үзүүлэлтээр худалдаалагдсан шинэ орон сууцны 62 хувь нь 40-80 ам метр талбайтай байна.

8-р сарын байдлаар ипотекийн зээлийн 23.2 хувийг хөдөө орон нутгийн иргэдэд олгожээ.

Манай улс энэ жилийн хувьд 128.5 мянган тонн мах экспортлох боломжтой бөгөөд үүнээс 483.2 сая ам.доллар олох боломж бүрдэх юм.

Мягмар гарагт Лондонгийн Хөрөнгийн биржийн арилжаанд “Rio Tinto”, “BHP Billiton” тэргүүтэй компаниудын хувьцаабүгд уналттай байснаас “Glencore”-ийнх 16 хувиар унаж, 2011 оноос хойш анх удаа 100 песиэс доогуур түвшинд хүрсэн нь шинжээчдийн анхаарлыг татаж байна

2015 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа гэж Сангийн яамнаас мэдээллээ. Ингэхдээ урсгал зардлыг тэвчиж болох дээд хязгаарыг барьж байгаа гэж онцолсон байна.

“Эрдэнэс Монгол” компани Азийн Хөгжлийн банктай хамтран Төв Азийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр буюу “CAREC”-ийн "Хөрөнгө оруулалтын форум"-ыг Монголд анх удаа зохион байгууллаа. Форумд оролцогчид бүс нутгийн хэмжээг хамарсан дэд бүтэц, эрчим хүчний төслүүд хөгжлийн хөшүүрэг болж байгааг онцолж байв. Форумын үеэр Пакистаны “Buksh Energy” компани Монгол Улсад эрчим хүчний нөөц бололцоо өндөр байгааг онцлоод сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

“2030 он гэхэд ядуурлыг бүрэн арилгасан байна” гэж Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар 836 сая хүн хэт ядуу гэх ангилалд багтаж байна.