Нийслэл татвартай боллоо
Улаанбаатар хот татвартай болно
2015.06.15

Нийслэл татвартай боллоо

Ийм гарчигтай мэдээ тун удахгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдахад бэлэн болоод байна.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Нийслэл хотын албан татварын тухай хуулийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснийг энэ долоо хоногт эцэслэн шийднэ.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд “Нийслэл хот бие даасан төсөвтэй байна”, “Нийслэл хот татвартай байна, татварыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг бол Татварын ерөнхий хуулиар нийслэл хотын албан татвар нь орон нутгийн татварт хамаарахаар тус тус заасан боловч Нийслэл хотын албан татварын тухай хууль өнөөг хүртэл батлагдаагүй байгаа аж.

Гэхдээ хэрэгжих хугацааг хойшлуулахыг УИХ-аар хэлэлцэх үеэр гишүүд дэмжсэн. Амнаас нь гарч буй арван үг тутмын тав нь “эдийн засгийн хямрал” гэх үгийг хэлээд буй нөхдүүдийн хувьд хойшлуулах нь яах аргагүй юм.

Татвар юунд ногдуулах вэ ?

-Бүх төрлийн согтууруулах ундаа

-Бүх төрлийн тамхи

-Татвар төлөгчийн худалдан авсан дараах үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулна

-Зочид буудлын үйлчилгээ

-Амралтын газрын үйлчилгээ

-Рестораны үйлчилгээ

-Баарны үйлчилгээ

Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-1.0 хувийн хязгаарт багтаан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах аж.           

Албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг ногдуулахдаа борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд бусад албан татвар, төлбөр, хураамжийг оруулан тооцохгүй юм байна.

Өөрөөр хэлбэл 1000 төгрөгийн үнэтэй тамхинаас 10 төгрөгийн татвар авна гэж тооцвол худалдан авагчийн гар дээр үнэ нь нэмэгдэж очино гэсэн үг. Түүнчлэн татвар авах хэмжээ нь нийслэлийн байршил бүрт өөр байна гэдгийг ажлын хэсгийнхэн хэлэлцүүлгийн үеэр хэлсэн. Тухайлбал хотын захын дүүргүүдэд амьжиргаа доогуур иргэд амьдардаг учраас  хотын төвийнхөн болон хоёр гүүрийн цаадах иргэд ноогдох татвар нь арай бага аж. Гэхдээ үүнийг хотын захиргаа тогтооно.

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы үеэр хуулийн төслийг хэлэлцэх үеэр нэлээд хэдэн гишүүд эсэргүүцэж, цаг болоогүй хуулиа тат хэмээн хэлсэн боловч зүтгэсээр байгаад эцсийн хэлэлцүүлэг рүү оруулчихлаа.

Тухайлбал эдийн засагч мэргэжилтэй Ө.Хүрэлбаатар гишүүн “Нийт аж ахуй нэгжүүд эдийн засгийн хямралтай, өрөөс өр, зээлээс зээлийн хооронд татварын баахан өртэй нь хууль хяналтын байгууллагуудаар тогтоогдчихсон байгаа. Ийм үед татвар нэмж авна гэдэг нь агуулга муутай, буруу бодлого.

Энэ татвар чинь орлогоос авдаг гүйлгээний татвар. Бид НӨАТ-ыг хэрэгжүүлээд буцаан олголттой татварын төрлийг хэрэглэж байсан. Гэвч энэ төрөл нь хамгийн том дарамт болдог. Өөрөөр хэлбэл урд өмнө нь төлдөггүй байсан татварын аж ахуй нэгжүүд төлж эхэхлнэ гэсэн үг.

Тэгэхээр энэ хуулийн нь цаг үе нь биш, тиймээс ч нийгэмд эерэг зүйл авчирах хууль биш. Ерөнхий сайд өөрөө амалсан шүү дээ. “Ерөнхий сайд байхдаа нэг ч ширхэг татвар нэмэхгүй” гэсэн. Би фейсбүүкээс нь хэлсэн үгийг нь үзсэн яг л тэгж хэлж байна лээ” хэмээн нэлээд бухимдуу хэлэх шиг болсон.

Харин “угаасаа л”хочтой С.Дэмбэрэл гишүүн “Хүрлээ хоёулаа угаасаа дийлэхгүй. Анхаасаа орж ирэхдээ муу хууль орж ирсэн. Одоо мууг дунд болгож бид батлах гэж байна” хэмээн ангийн гишүүнтэйгээ санал нэг байгаагаа хэлсэн. Ямартай ч Нийслэл хотын албан татварын тухай хууль батлагдах нь тодорхой боллоо. Гэхдээ хууль батлагдаад маргаашнаас нь хэрэгжихгүй ирэх арван сараас мөрдөгдөх аж.