Хөрөнгө оруулалтаа танан, урсгал зардлаа хэмнээд тартагтаа тулахаар цалин тэтгэвэр рүү ордог
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2015.10.08

Хөрөнгө оруулалтаа танан, урсгал зардлаа хэмнээд тартагтаа тулахаар цалин тэтгэвэр рүү ордог

Төсвийн тодотгол хийнэ гэх мэдээлэлд бид дөжирчээ. Уг нь төлөвлөлтөө сайн хийдэг улс орнууд төсвөө төдийлөн тодотгоод байдаггүй. Харин манайд энэ нь хэвийн үзэгдэл. Гэтэл энэ онд төсвөө бүр хоёр ч удаа тодотгох боллоо.

Өнгөрсөн долоо хоногт Сангийн яамнаас энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн төсөөллийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн. Харамсалтай нь бас л алдагдалтай буюу зарлага нь орлогоосоо хэтэрсэн, гурван хувийн алдагдалтай төсөл боловсруулжээ.

Иймд УИХ-ын гишүүн Ч.Улаанаас төсөвтэй холбоотой асуултуудад хариулт авлаа.  

-Та төсвийн тодотголтой танилцав уу?

-Тэгсэн. Ийм ийм хэрэгцээ, шаардлага манай дүүрэг, манай аймагт гарлаа гэдэг байсан бол одоо тэгж ярихгүй. Орлого тэртээ тэргүй 900 тэрбум төгрөгөөр тасарчихлаа. Гадна дотроос орж ирэх дэмжлэг, туслалцаа тааруухан байна.

Энэ байдалтай яаж зохицох вэ гэдэг тодотгол л болно. Олон жил яваад ирсэн хандлагыг бид өөрчлөх ёстой. Эс бөгөөс бид хямралын үед ажиллаж чадахгүй. Өмнө байгаагүй нөхцөл байдал бий болчихлоо. Үүнд зохицохоос өөр аргагүй. Бидний ярьдгаар хувь заяатайгаа эвлэрэхээс өөр аргагүй.   

-Ерөнхий сайд өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулах санал орууллаа.  

-Хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Онолын хувьд энэ саналыг хэрэгжүүлэх их хэцүү. Уг нь төсөв хүндрэхэд эхний ээлжинд хөрөнгө оруулалтаа танадаг. Дараа нь урсгал зардлаа хэмнэдэг. Тартагтаа тулахаар нийгмийн хамгаалал, цалин тэтгэвэр рүү ордог. Ийм эрэмбэ дараалалтай. Гэхдээ би Засгийн газрыг зөв алхам хийлээ гэж бодож байна. Яагаад гэвэл хямралтай байгааг бодлого гаргагчдадаа эхэлж мэдрүүлье гэдэг үүднээс ийм санал оруулж ирлээ. Энэ бол зөв дохио.

Хямралын үед өмнөх гажуудал, алдаагаа засаад авах ёстой. Жишээ нь төрийн албан хаагчид 200 мянгад хүрлээ гэж шуугиж байна. Гэтэл тэдний дийлэнх нь төрийн биш үйлчилгээний албан хаагчид. Одоо эдгээрийг зөв ангилах алхмыг төсвийн төсөлд оруулсан. Төрийн захиргааны албан хаагчдын цалинг бууруулъя гэсэн ч үйлчилгээний албан хаагчдыг үүнд хамруулаагүй. Хоёр тусдаа гэдэг ялгаа зааг нь одоо тодорч байна. Үүнийг хуульд баталгаажуулах ёстой. Хямралыг давуу тал гэх нь хаашаа юм, алдаагаа залруулах боломж болгон ашиглая.

-Төсвийн төсөлд татвар нэмэх талаар тусгасан уу?

-Хэлэлцүүлгийн явцаас их зүйл хамаарна. Өмнө нь төсвийн төслийн агуулга, зорилт, хэлбэр УИХ-ын нэгдсэн чуулганы үед их өөрчлөгдсөн. Үүнээс үүдэн зохисгүй байдал бий болдог. Бүх хүндрэл уялдаагүй, баланслаагүй төсвөөс л үүддэг. Хүнд үед оруулж ирсэн төсвийн бодлого, хэлбэрийг эвдэхгүй байх ёстой. Төсвийн байнгын хорооны гишүүд мэргэжлийн хүмүүс тул нухацтай ажиллах ёстой.                 

-Ирэх оны наймдугаар сарын 1-нээс эхлэн Засгийн газрын бүтцийг цомхотгон, найман яамтай болох юм байна. Энэ хэмнэлт болж чадах уу?

-Манай төрийн байгууллагууд данхайсан нь үнэн. Давхардал, чирэгдэл байгаа нь ч үнэн. Зарим улстөрчдөд зориулан төр засгийн бүтэц бий болгосон нь үнэн. Энэ бүгдийг одоо л засах ёстой.