Улаан туузыг эсэргүүцэгч
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2015.10.08

Улаан туузыг эсэргүүцэгч

Энэ цагт улаан, цагаан тууз хайчилж байвал бүтээн байгуулалтын ажил амжилттай болсных. Бас ард түмэнд магтуулах үйл явдал хийсэн мэтээр ойлгогддог болж.

Харин үүнийг эсэргүүцдэг хүн энэ төрд бас байна. Тэр нь УИХ-ын гишүүн О.Содбилэг. Хаа нэг олны өмнө гардаг түүнийг Эрдэнэтийнхэн андахгүй. Тэрбээр өөрийгөө нутгийнхаа ахан дүүст зориулж бага гэлтгүй бүтээн байгуулалтыг хийж өгч байна гэдэг. Тэгвэл түүний бүтээн байгуулалт зарим нь “хумсалж”, хулгайлах нь холгүй байгаа аж.

Тэрбээр үүнд эгдүүцлээ илэрхийлж, дуу хоолойгоо түмэнд хүргэж эхлээд байна. Гэтэл түүний энэ үйлдлийг зарим нь залуу улстөрч, цаашдын карьериа хөөж байна гэдэгтэй холбон тайлбарлаж, таамаглах болж. Гэвч тэрбээр бууж өгөхгүй гэдгээ цахим хуудсаар дамжуулж илэрхийлжээ.

Мөн тэрбээр үүнийгээ Эрдэнэтэд болсон “Тууз хайчлах синдром хэмээн нэрийдэж цахим хуудсандаа нийтэлжээ. Тодруулбал, түүнийг нийслэлд байх хугацаанд Эрдэнэтэд баригдаж байсан “Ахмадын ордон” баригдаж дууссан байна. Гэтэл өнөөх ордныг нь АН-ынхан овжин нүдээр харж, нээлтийн ажиллагааг нь хийж, тууз хайчлаад яваад өгч. Үүнд эгдүүцсэн тэрбээр “Миний бие амалснаа биелүүлж Эрдэнэтийг босголцсон буянтай ахмадууддаа “Ахмадын ордон” бариулах төсвийг маш их тэмцэл дунд улсын төсөвт суулгаж батлуулж чадсан.

Баригдах явцад нь байнга хяналт тавьж, төсвийн хөрөнгө оруулалт нь зогсохгүйгээр барилгын ажил бүрэн дуусах нөхцөлөөр хангасан билээ. Харин нэг өдөр миний бие Улаанбаатарт ажилтай байх үеэд барилга дуусч, улсын комисст хүлээлгэж өгөөгүй байхад нөгөө АН-ынхан Эрдэнэтээр дайрч өнгөрөхдөө тууз хайчлах ажиллагаа хийж, нээгээд явчихжээ” хэмээсэн байна.

Мөн тэрбээр “Өөрийн хөөцөлдөж босгосон ахмадын ордонд ахмадуудтайгаа инээлдэж хөөрөлдөж суух нь тууз хайчилснаас илүү сайхан дурсамж надад үлдээж байна. Эрдэнэтийн ахмадууддаа энэхүү ордонг өөрсдийн хэрэгцээнд сайхан ашиглахыг хүсье” гэжээ.