Киргизийн парламентын сонгуульд 234 эрүүгийн гэмт хэрэгтэн нэр дэвшив
2015.10.12

Киргизийн парламентын сонгуульд 234 эрүүгийн гэмт хэрэгтэн нэр дэвшив

Өнгөрсөн ням гарагт Киргизэд парламентын сонгууль болж өнгөрөв. Урьдчилсан дүнгээр нэг ч нам парламентад эрх барих хэмжээнд олонхийн санал авч чадсангүй. Парламентын бүрэлдэхүүнд нийт зургаан улс төрийн нэгдлийн төлөөлөл орохоор болов. Киргизийн парламент 120 суудалтай бөгөөд сонгууль цэвэр намын жагсаалтаар явагддаг.

50 хувийн ирцтэй байсан энэ сонгуулийн санал хураалтын үеэр "хэн нэгэн од болж, гэнэтийн цочмог үйл явдал" өрнөөгүй ч нэгэн сонирхолтой баримт бий. Энэ удаагийн парламентийн сонгууль эрүүгийн хэрэгт татагдаж байсан нэр дэвшигчдийн тоогоор рекорд тогтоожээ. Үүнийг нотлох сонгуулийн сурталчилгааны хүрээнд хоёр улс нэр дэвшигч халз мэтгэлцээнд орж байх үеэрээ маргалдаж, нэгнийхээ эгэмийг хугалж, тархийг нь гэмтээжээ.

Давтан хэрэгтэн

Улс төрийн мэтгэлцээнд хүчний арга хэрэглэх нь Киргизэд бол ердийн үзэгдэл. Парламентын түвшинд үзэл суртлын аливаа маргаан хоёр гишүүний хооронд үүслээ гэхэд намын хамтран зүтгэгчдийн дунд нударга зөрүүлэх явдал түгээмэл тохиолддог. Тиймдээ ч 2 долоо хоногийн өмнө болсон дээрх зодооныг Киргиз дэх улс төрийн тэмцлийн зайлшгүй нэг хэсэг гэж үзэж болно. Гэхдээ толгойг нь гэмтээж, эгэмийг нь хугална гэдэг ховорхон байдаг учраас уг явдалтай холбоотой хэсэг хугацаанд шуугиан дэгдэж олны анхааралд өртөв.

Энэ жишээ монголчуудад сэрэмжлүүлэг болж байна уу гэлтэй

Зодооны “ялагч” Ташиев нь Киргизэд зартай нэгэн. 2012 онд тэрээр "Ерөнхийлөгчийн Тамгын газар"-ын хашааг давж, нам нэгтнүүдийн хамтаар ерөнхийлөгчийн өрөөнд нэвтрэхийг оролджээ. Засгийн эрхийг хүчээр авах гэж оролдсоныхоо төлөө тэрээр жил хагас хоригдох ял авч байсан юм. Харин энэ онд ялын хугацаа дуусч сонгуульд нэр дэвших боломжтой болсон нь энэ юм.

Сонгуулийн сурталчилгаа

Эрүүгийн хэрэгтнээс улс төрч болоход нэг алхам

Эрүүгийн хэргээр яллагдаж байсан хүн хууль тогтоох засаглалд нэр дэвшинэ гэдэг Киргиз улсын хувьд сонин үзэгдэл биш. Энэ оны есдүгээр сарын эхээр "Дотоод хэргийн яам" нэр дэвшигчдийн жагсаалтыг шалгаж үзэхэд нийт нэр дэвшигчдийн 234 нь эрүүгийн хэрэгт холбогдож байсан, 15-ынх хэрэг шалгагдаж байгаа, 3 нь бүр улсын хэмжээнд эрэн сурвалжлагдах түвшинд очсон гэсэн дүн гарчээ. Эдгээр хүмүүс зөвхөн улс төрийн үйл ажиллагаанаас болж хэрэгт татагдаагүй. Тэдний дунд залилагчид, танхайчууд, хүн амины хэрэгтэн, авлигын хэрэгтнүүд сонгуульд нэр дэвшихээр материалаа ирүүлсэн байна.

Сонгуулийн төв хороо “цэвэрлэгээ” хийж 100 орчим нэр дэвшигчийг хассан ч нэр дэвшигчдийн ихэнх нь овог, нэрээ өөрчилсөн байжээ. Тухайлбал, "Социал демократ нам"-аас нэр дэвшигчдийн дунд "Дооронов" нэртэй байсан эр Дильмурат Акпаралиев болчихсон явж байж. "Дотоод хэргийн яам"-ны шалгалтаар Дооронов нь “Дики” хэмээх хочтой, дээрэм, хүчингийн хэргээр яллагдаж байсан нэгэн төдийгүй зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн болж таарчээ. Дооронов парламентад нэр дэвшсэнээс гадна "Кенеш" буюу районы зөвлөлийг даргалж байсан юм.

"Шил архи, аяга хоолны төлөө саналаа худалдахгүй" байхыг уриалсан удаатай.

Киргизийн сонгууль аль хэдийнэ арилжааны хэрэгсэл болж, намын жагсаалтад багтахад төлөх төлбөрийн хэмжээг олон нийтээс нуулгүй зарладаг. Судлаачдын тооцоолсноор намын жагсаалтын эхний 20-д багтах ханш нь 50-180 мянган ам.доллараас эхэлж, 1 сая ам.доллар хүрэх тохиолдол ч байдаг байна.

Энэ бүхнийг үл тэвчсэн, Киргиз улсын ерөнхийлөгч Алмазбек Атамбаев ард иргэддээ хандан "Шил архи, аяга хоолны төлөө саналаа худалдахгүй" байхыг уриалсан удаатай. Тэрээр “Хэрвээ эрүүгийн гэмт хэрэгтэн парламентын гишүүнээр сонгогдвол 2 жилийн дараа ерөнхийлөгчид өрсөлдөх боломжтой болно. Хулгайч ерөнхийлөгчтэй болчихвол Киргизүүд хаашаа явах вэ?” гэж хэлж байсан юм. Энэ нь улс төрийн нөлөөллөө алдсан, аргаа барсан ерөнхийлөгчийн үг байлаа.