Барилгачин, жүжигчин, улс төрч
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэг Дональд Трамп нь үл хөдлөх хөрөнгийн магнат, тэрбумтан, шоу бизнесмен юм. Тэр “Trump Plaza”-г эзэмшдэг бөгөөд “NBC” телевизээр “Нэр алдрын сурагч” нэртэй реалити-шоу хөтөлдөг.
Хүүхэд нас
Фредерик Крист, Мэри Маклауд Трамп хоёрын таван хүүхдийн дөрөвдэх нь болсон Дональд Жон Трамп нь 1946 оны 6 дугаар сарын 14 нд Нью-Йорк хотын Квинсийн районд төржээ. Түүний эцэг нь Квинс, Стэтен-айленд, Бруклин зэрэг районд дунд ангийнханд зориулсан барилга барьдаг барилгын мэргэжилтэн байв. Дональд эрч хүчтэй, санасандаа хүрч байж санаа нь амардаг хүүхэд байв. 13 настайдаа цэргийн академид элсч эцэг, эх нь цэргийн дэглэм түүний эрч хүчийг зөв зүгт чиглүүлнэ гэж найдав. Дональд академид очоод сургалт, нийгмийн оролцооны аль алинд нь гялалзсан амжилт үзүүлэв. 1964 онд төгсөхдөө хөнгөн атлетикийн аварга, манлайлагч сурагч болсон байв. Үүний дараа Фордхэмийн Их сургуульд элсч удалгүй Пенсильваны их сургуулийн дэргэдэх Вартоны санхүүгийн сургуульд шилжин суралцав. 1968 онд эдийн засгийн сэдвээр диплом хамгаалж төгсөв.
Нью-Йоркийн барилгачин
Мэргэжлиинх нь сонголтод эцгийнх нь нөлөө их байсан ч түүний амбиц эцэг эхийн төлөвлөснөөс илүү том байв. Дональд оюутан байхдаа эцгийнхээ компанид цалинтай ажиллаж дараа нь “The Trump Organization” компаний байнгын ажилтан болов. Тэр эцгээ компанийхаа барилгуудыг барьцаанд тавьж зээл авч компаниа өргөтгөх хэрэгтэй хэмээн ятгаж чадав. Гэвч өрсөлдөөн их байсан учраас олигтой ашиг гарсангүй. 1971 онд Манхэттан руу нүүн ирж нөлөө бүхий олон хүнтэй танилцав. Тус хотын эдийн засгийн боломжийг судалж үзээд ирээдүйд их ашиг өгөх, архитектурын өвөрмөц шийдэлтэй барилгын төслүүд хэрэгжүүлж эхлэв. Ингэснээрээ олон нийтийн талархлыг хүлээв.
Трамп эхнэр Иванагийн хамт
Пенсильваны Төмөр замын төв газар дампуурсны дараа Дональд тус байгууллагын Манхэттаны баруун хэсэгт байх газрыг нь худалдаж авах боломжтой болов. Эдийн засгийн таагүй байдлаас болж орон сууц барих төлөвлөгөө боломжгүй болохоор нь Трамп хурлын төв барих газар санал болгосноор 1978 онд Засгийн газар түүний газрыг сонгов. Трамп өөрийн газрыг үнэгүй өгснийхөө хариуд баригдах төвийг өөрийнх нь нэрээр нэрлэх болзол тавьсан ч бүтээгүй аж.
1974 онд Дональд Трамп “Penn Central” компаний олон зочид буудлын нэг, ашиггүй хэмээн тооцогдож байсан “Commodore” зочид буудлыг худалдаж авав. Уг буудал нь ашиг муутай ажиллаж байсан ч Нью-Йоркийн төв вокзалын ойролцоо аятайхан байрлалтай байв. Дараа жил нь Дональд хотын төвд зочид буудал хайж байсан “Hyatt Hotel” корпорацитай гэрээ байгуулав. Трамп хотын захиргаатай цогц хэлцэл байгуулж 40 жилийн турш татварын хөнгөлөлт эдлэхээр болов. Тэрээр санхүүжилт олж тус барилгын хуучин фасадыг архитектор Дер Скаттын шийдэл бүхий загвараар сольж эхлэв. 1980 онд “The Grand Hyatt” нэрээр зочид буудал нээлтээ хийхэд Трампын нэр хүнд асар өндөрт гарав.
Trump Tower
Компаниа өргөтгөсөн нь
1977 онд Нью-Йоркийн загвар өмсөгч Иван Зельниковая-Винкльмайертай гэрлэв. 1978 онд анхных нь хүү төрсний дараа эхнэрээ “Trump Organization” компаний дэд захирлаар томилов.
1979 онд Трамп Тавдугаар өргөн чөлөөнд 200 сая долларын өртөгтэй, орон сууцны асар том цогцолборын төсөл хэрэгжүүлэхээр удаан хугацаанд газар түрээслэхээр болов. 1982 онд цогцолбор «Trump Tower» нэртэй нээлтээ хийв. Тус цогцолбор нь 58 давхар бөгөөд дотроо 6 давхар байшинтай, 80 метрийн усан оргилууртай байв. Удалгүй нэртэй брэндүүд, одууд шинэ цогцолборт талбай түрээслэхээр булаацалдаж эхлэв. Трампын нэр улс даяар түгэв.
Энэ хооронд Дональд Трамп мөрийтэй тоглоомын бизнес эхлүүлэхээр зэхэж байв. 1980 онд Антантик-ситид газар худалдан авав. Газрын эрх худалдан авах, тоглоомын газар байгуулах зөвшөөрөл авах, санхүүжилт гээд олон төвөгтэй ажлыг өөрийн бага дүү Робертад даалгав. “Holliday Inns” нэртэй компани Трампад түншлэлийн гэрээ санал болгож 1980 онд “Trump Plaza”-д “Harrah” казиногийн зочид буудал нээгдэв. Харин 1986 онд Трамп “Holliday Inns” компанийг худалдан авч “Trump Plaza Hotel and Casino” нэртэй болгов. Казиногийн зөвшөөрөл олж чадахгүй болонгуутаа Трамп Атлантик-сити дахь Казиногийн зочид буудлыг тэр чигт нь худалдан авч “Trump’s Castle” гэж нэрлэв. Дараа нь дэлхийн хамгийн том казиногийн зочид буудал болох «Тадж-Махал»-ыг баригдаж байхад нь худалдаж аваад 1990 онд нээв.
Үүний хажуугаар тэр Төв паркийн ойролцоох “Barbizon-Plaza Hotel”-ийг орон сууцны цогцолборын хамт худалдан авч том төсөл хэрэгжүүлэхээр шийджээ. Гэвч орон сууцны тусгай хөтөлбөрт хамрагдсан байсан оршин суугчдыг Трамп дийлсэнгүй. Тэгэхээр нь “Barbizon” – ийг өөрчлөн засахаар шийдэж “Trump Parc” гэж нэрлэв. 1985 онд Трамп Манхэттанд 307,5 км квадрат газрыг 88 сая доллараар худалдан авч хэд хэдэн өндөр барилга, худалдааны төв, цэцэрлэгт хүрээлэн бүхий “Television City” хэмээх цогцолбор барихаар төлөвлөжээ. Дэлхийн хамгийн өндөр барилгыг барих энэхүү төсөл нь телевизийн ач холбогдлыг тодотгох зорилготой байсан ч олон нийтийн эсэргүүцэл, зөвшөөрөл удааширсан зэрэг нь төслийг хойш татаж байв. 1988 онд Трамп 407 сая доллараар “Plaza Hotel”-ийг худалдан авч 50 сая доллараар засчээ.
“Хэцүү бэрхийг даван туулна гэдэг маш сайхан. Бүх хүн энэ нь ямар байдгийг ядаж ганц удаа мэдрээсэй гэж хүсч байна”
Амжилт ба бүтэлгүйтэл
Трамп Флоридад томоохон хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх зорилгоор өөрийн бизнесийг өмнө зүгт тэлж 1989 онд “Eastern Air Lines Shuttle” компаний салбарыг 365 сая доллараар худалдан авч “Trump Shuttle” гэж нэрлэв. 1990 онд нэг тэрбум долларын өртөгтэй 125 давхар барилгын төсөл хэрэгжүүлэхээр Лос-Анжелест иржээ.
Гэвч 1990 онд үл хөдлөх хөрөнгийн зах зээл уналтад орж Трампын орлого багасав. 1,7 тэрбум доллараар үнэлэгдэх түүний сүлжээ нэг л агшинд 500 сая болтлоо буурав. Дампуурахгүйн тулд Трамп хөндлөнгийн хөрөнгө оруулалт хайж эхэлсэн нь дампуурсан тухай цуурлыг дэгдээв.
Гэвч Трамп 900 сая долларын өрнөөс амжилттай салж 1997 онд түүний хөрөнгө 2 тэрбум доллараар үнэлэгдэв.
Хувийн амьдрал, улс төр ба реалити шоу
Трамп эхнэрээсээ салсан нь нэр хүндэд нь муугаар нөлөөлөв. Гэвч тэр залуухан жүжигчин бүсгүй Марле Мэйплстэй гэрлэв. 1993 онд охин төрөв. Харин 1997 онд дуулиан тарьсан салалтын шүүх ажиллагаа эхэлж 1999 онд дуусав. Гэрлэлтийн гэрээний дагуу Мэйлпс 2 сая доллар авав. 2005 онд Трамп дахин гэрлэж загвар өмсөгч Меланя Кнауссыг эхнэрээ болгов. 2006 онд Трампын тав дахь хүүхэд мэндлэв.
1999 онд Трамп 2000 оны ерөнхийлөгчийн сонгуульд Шинэчлэлийн намаас оролцох шийдвэртэй холбоотой судалгааныг комиссыг хуралдуулах тухай зарлав.
2012 онд тэр улс төрд эргэн ирж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдэв. Гэвч Барак Обамаг америк хүн биш гэж үздэг хэт үзэлтнүүдтэй холбогдсон нь түүний улс төрчийн карьерт хор хүргэв. Гэвч Трамп урьдын адил Барак Обамагийн бодлогыг эсэргүүцсэн хэвээр байгаа.
Хэлэх дуртай үг
“Хэцүү бэрхийг даван туулна гэдэг маш сайхан. Бүх хүн энэ нь ямар байдгийг ядаж ганц удаа мэдрээсэй гэж хүсч байна”