Хөнгөн атлетикийн зам, талбайтай болно
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.10.14

Хөнгөн атлетикийн зам, талбайтай болно

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны 49 дүгээр Конгресс 2013 онд Москва хотноо хуралдсан билээ. Тус Конгрессоор Монгол улсад олон улсын стагдартад нийцсэн 400 метрийн тойрог бүхий хөнгөн атлетикийн зам, талбайг барьж байгуулах шийдвэрийг гаргасан юм.

Өөрөөр хэлбэл манай улсад 450-500 мянган америк долларын өртөг бүхий тартан зам, талбайг үнэ төлбөргүй өгөх асуудлыг шийдсэн. Энэхүү зам, талбайг авч барихын тулд манай улс тодорхой нөхцөлүүдийг биелүүлэх ёстой юм.

Үүнд, тартан замын суурийг цутгаж бэлэн болгох, нааж байрлуулахад шаардлагатай цавуу болон бусад бодисыг худалдаж авах, ажлын хүч гаргаж наан байрлуулах, тэмдэглэгээ хийх болон ажил удирдах нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудыг хүлээн авах, шаардлагатай тохиолдолд горимын дагуу хадгалах зэрэг арга хэмжээнүүд орж байна. Одоогийн байдлаар тартан зам, талбай тавигдах бүх нөхцөл боломж бүрдээд байна.

Хөнгөн атлетикийн зам, талбайтай болно

Монгол улсад анх удаа тавигдаж буй энэхүү зам талбайг шийдвэрлүүлэхэд Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Л.Болдын гүйцэтгэсэн үүрэг онцгой үнэлэмжтэй юм. Өнөөдрийн байдлаар тартан зам ачсан 4 чингэлэг Улаанбаатар хотод ирээд байна. Цаг агаарын эрсдэлтэй нөхцөлөөс хамаарч тартан замыг 2016 оны 4-р сард Налайх хотод баригдаж буй спорт хотхоны талбайд наан байрлуулахаар болж байна.

Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран тус тартан замыг 4-р сар хүртэл хадгалах агуулах байрыг горимын дагуу бэлтгэх ажлыг хамтран хийж байна.

Энэ ажлын хүрээнд өнгөрсөн 7 хоногийн амралтын өдөр Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд,  хөнгөн атлетикийн холбооны гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун тэргүүтэй албаны хүмүүс Хөнгөн атлетикийн спортын хөгжлийг цоо шинэ шатанд гаргах нөхцөлийг бүрдүүлж буй  тартан зам талбайтай танилцлаа.

/NTV телевиз/

Налайхад бий болж байгаа тус зам талбай нь Монгол улсын Биеийн тамир, спортын салбарын түүхэнд томоохон хөрөнгө оруулалт болж байгаа гэдгээрээ онцлогтой юм.