200 тэрбумын боломжийг алдах харамсалтай
БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал, Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн үндэсний захирал Х.Батжаргал
2015.10.14

200 тэрбумын боломжийг алдах харамсалтай

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд орж, халуун сэдэв болсоор байна. Улс орнуудын удирдагчдаас эхлээд жирийн иргэд хүртэл энэ асуудалд анхаарал хандуулж, хүрээлэн буй орчиндоо мод тарьж, хүчилтөрөгч “үйлдвэрлэх”, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг хэрэглээнээс аажмаар татгалзсаар байна. Манай улсын хувьд ч ялгаагүй энэ сэдэвт анхаарал өгч, чамгүй ажил эхлүүлжээ.

Байгаль хамгаалах сан гэхэд Олон Улсын Уур амьсгалын Ногоон сан /УАНС/-гийн Үндэсний хэрэгжүүлэгч нэгж болж, улмаар тус санд итгэмжлэгдэх ажлыг хариуцдаг болсон. Ингэснээр Байгаль хамгаалах сангаар дамжуулж иргэд, байгууллагууд байгальд ээлтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, 10-250 сая ам.долларын санхүүжилтийг шууд авах эрхтэй болох юм байна. Харамсалтай нь, сүүлийн үед улсын төсөв хүндэрсэнтэй холбоотойгоор Цэвэр агаар сан, Байгаль хамгаалах сан зэрэг байгаль орчны салбарын хэд хэдэн байгууллагыг татан буулгаж, зарим яам агентлагийг нэгтгэх тухай асуудал яригдаж буй.

Байгаль хамгаалах сан цаашид хэрхэн ажиллахаар төлөвлөж байгаа, өнөөдөр бодит үр дүн харагдаж байгаа эсэх, түүнчлэн төсвөөс хараат бус бие даасан төсөвтэй болох боломж байгаа эсэх талаар БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал, Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн үндэсний захирал Х.Батжаргалтай ярилцлаа.

-Юуны өмнө Уур амьсгалын Ногоон сангийн талаар тодруулмаар байна. Энэ сан ямар зорилготой байгууллага вэ. Танай сантай хэзээнээс хамтарч ажиллах болов?

-2010 онд Мексикийн Канкун хотноо болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн (UNFCCC) талуудын 17 дугаар Бага хурлын үеэр Уур амьсгалын Ногоон санг байгуулсан юм билээ. Ингэснээр тус сан нь уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг улс орнуудыг хамгаалах, тэдний ирээдүйн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Манай сангийн хувьд 2013 онд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр санхүүжилт олгодог Дасан зохицох сан болон Уур амьсгалын Ногоон сангийн боломжит Үндэсний хэрэгжүүлэгч нэгжээр сонгогдсон.

Яг одоо энэ чиглэлээр олон улсын шалгуур үзүүлэлтүүдийг хангах сангийн үйл ажиллагаа, чадавхийг бэхжүүлэх чухал ажлууд хийгдэж байна.Мөн Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй хамтран тус улсаас ирсэн зөвлөх ажиллаж,сангийн одоогийн чадавхид үнэлгээ хийлгэх,цаашид хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааны зөвлөмжийг боловсруулсан. Зөвлөмжийн дагуу дээрх сангуудын шалгуур үзүүлэлтэд нийцүүлэн Байгаль хамгаалах сантай холбогдох хууль, журмын төслийн шинэчилсэн найруулагыг боловсруулаад Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байгаа.

-Дээрх ажил амжилттай хийгдсэнээр манай улс 10-250 сая ам.долларын санхүүжилт авах боломжтой гэж байна. Мөн бэлтгэл ажлыг бүрэн хангаж байна гэж ойлголоо. Гэхдээ энэ ажил яг хэзээ биеллээ олох вэ?

Уур амьсгалын чиглэлээр санхүүжилт олгодог 6000 гаруй сан байна.

-Чадавхи туршлагатай баг идэвх санаачлагатай ажиллахад санхүүгийн гадаад нөөц бололцоо нээлттэй бий.Бид өнгөрсөн хугацаанд энэ чиглэл рүү түлхүү анхаарсан. Уур амьсгалын чиглэлээр санхүүжилт олгодог 6000 гаруй сан байна.

УАНС-ийн тухайд 2020 он гэхэд улсын болон хувийн эх үүсвэрээс жилд 100 тэрбум ам.долларыг хуримтлуулан зарцуулна гэсэн зорилт тавин ажиллаж байгаа. COP21-ийн үеэр Парисын хэлэлцээрээс тодорхой үр дүнхүлээж байгаа. Нөгөө талд нь улс орнууд санхүүжилт татахаар уралдаж байгаа. Бид бэлэн байдлын дэмжлэг авах өргөдлөө өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Арваас арваннэгдүгээр сарын хооронд эхний гэрээнд гарын үсэг зурахаа мэдэгдээд байна. Тэгэхээр энэ ажил тун удахгүй хэрэгжиж эхлэнэгэсэн үг.

Товчхондоо манай сан нь Уур амьсгалын Ногоон сангийн итгэмжлэгдсэн Үндэсний хэрэгжүүлэгч нэгж болсноор Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн ерөнхий удирдлага, зохион байгуулалтыг бүрэн хариуцаж санхүү мониторинг, тайлангийн талаарх хариуцлагыг бүрэн хүлээдэг болно. Энэ нь олон улсын санхүүжилтийг дамжуулдаг гуравдагч этгээдийн оролцоог арилгаж улсын бодлого, стратегийн дагуу төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх улмаар 10-250 сая ам.долларын санхүүжилт хүсч санд шууд хандах эрхийг нээж өгч байгаа юм. Мөн манай сан нь чадавхи, бэлэн байдлын хувьд бусад улс оронтой харьцуулбал дээгүүр байр суурь эзэлдэг учраас түрүүлж хүсэлт гаргаснаараа илүү давуу эрх эдэлнэ гэж хэлж болно.

Нөгөө талаар нэг сангийн зардлаар хоёр сангийн үүрэг, үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх, цаг хугацаа хэмнэх боломжтой болсон. Хамгийн гол нь би дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтөд онцгой анхаарч Уур амьсгалын Ногоон сан мөнгөн хуримтлал бий болгож байгаа энэ үед Монгол Улс руу төслийн санхүүжилт татахад Байгаль хамгаалах сан гол үүрэг гүйцэтгэнэ л гэж хэлэх гээд байгаа юм. 

-Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж байгаа энэ үед донор байгууллагууд маш чухал үүрэгтэй байдаг. Хамгийн сүүлд ямар томоохон ажил хийсэн бол?

-Уур амьсгалын санхүүжилт гэдэг асуудал бол маш том сэдэв болсон. Мэргэжилтнүүд ч олноор бэлтгэгдэж байна. Өндөр хөгжилтэй улс орнууд энэ чиглэлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхээ мэдэгдэж байгаа. Өндөр хөгжилтэй орнууд олон улсын байгууллагаар дамжуулахаас гадна хоёр талын гэрээгээр шууд санхүүжилт хийх сонирхол нэмэгдэх болсон. Донор байгууллагууд ч ямар нэгэн гуравдагч талаар дамжилгүй шууд санхүүжилтийн механизмаа хөгжүүлэхийг зөвлөж олон төрлийн сургалт семинар зохион байгуулагдаж байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэхэд сая аравдугаар сарын 8-нд Перу улсад болсон Дэлхийн банк, Олон улсын улсын валютын сангийн ээлжит уулзалтын үеэр Филифинийн сангийн сайдаар ахлуулсан уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, хөгжиж байгаа 20 улсын сангийн сайд нар энэ чиглэлийн хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх шийдвэртэй алхам хийхийг COP21, Парисын хэлэлцээрийн өмнө тавьснаараа ихээхэн дэмжлэгийг хүлээгээд байна.

-Гэхдээ та бүхнийг ийм том ажил амжуулчихаад байхад танай санг татан буулгах тухай асуудлыг ярьж эхэллээ. Танайх төсөвт тийм том дарамт учруулахаар байгууллага юм уу.

-Уг нь Байгаль хамгаалах сан төсөвт дарамтгүйгээр үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой. Түүний төлөө л алхам алхамаар бэлтгэлээ базааж байгаа. Тодруулбал, манай сан төсвөөс гадуур болон төсвийн хүрээнд орлогын бүрдүүлэлт бүрэн хийх бололцоог хуулиар олгоод эрхзүйн орчин нь бүрдсэн. Тухайлбал ойн тухай болон усны тухай хуулийн шинэчилсэн найруулгууд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих санхүүгийн механизм нь Байгаль хамгаалах сангаар дамжихаар хуулчилсан.

Мөн НҮБ-ийн Уур амьсгалын суур конвенцийн хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу үндэсний тайлан илтгэл боловсруулан конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэхээр НҮБ-ын Байгаль орчны хөтлбөрийн газартай хамтран ажиллаж байна. Санхүүжилтээ гадаад эх үүсвэрээс шийдэж байх жишээтэй.

-Танай санг татан буулгах гэж байгаа зорилгоо төсөв хэмнэх гээд тайлбарлах юм. Энэ талаар таны бодол?

-Ажлын албаны хэмжээнд бол 200 сая төгрөгийн төсөвтэй. Үйл ажиллагаанд хоёр тэрбум орчим төгрөг 2015 онд төсөвлөгдсөн. Энгийн логикоор бол хоёр тэрбумыг хэмнэх гээд 200 тэрбумын боломжийг алдах харамсалтай санагдаж байна. Мөн манай санг үлдээгээд Ажлын албыг татан буулгах тухай асуудлыг ярьж байгаа. Гэтэл Ажлын албыг татан буулгах нь олон улсын сангуудад хандах шалгуур үзүүлэлтийг хангахгүй болж байгаа юм.

Уг нь нүүрс төрөгчийн зах зээл, уур амьсгалын санхүүжилтын асуудлаар улс орнууд ижил гараанаас хөдөлж байна. Хэн хурдтай бас санаачлагатай байсан нь илүү ихийг хожих зарчмаар ажиллаж байгаа юм. Энэ утгаараа Монгол Улс ухрах нь битгий хэл удаашрах ч эрхгүй.

-Ингэхэд та сангийнхаа талаар товчхон ойлголт өгөхгүй юү. Бас байгуулагдсан цагаасаа хойш ямар ажил амжуулсан юм бол?

-Манай сан 1998 онд үүсгэн байгуулагдаж, 2012 оноос ажлын албатай болж бие даан үйл ажиллагаа явуулж байгаа юм. Бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш бичил төслийн санхүүжилтүүд төдийгүй Ус үндэсний хөтөлбөр, Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр, Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Биологийн төрөл зүйлийг хамгаалах үндэсний хөтөлбөр, Хог хаягдлыг бууруулах тухай хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, Бүх нийтэд экологийн боловсрол олгох үндэсний хөтөлбөр зэрэг холбоотой ажлуудыг санхүүжүүлэхээс гадна зарим иргэд, аж ахуйн нэгжүүдийн байгаль орчинд учруулсан нөхөн төлбөрийг тооцуулж нэхэмжилж улсын төсөвт хоёр тэрбум төгрөгийн орлого оруулсан.

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд хөрсний бохирдлын нөхөн сэргээлтийг ХААИС, Солонгосын эрдэмтдийн судалгааны үр дүнд микробиологийн аргаар хийх ажлыг амжилттай туршиж байна. Арванхоёр дугаар сард болох COP21 буюу НҮБ-ын Уур амьсгалын суурь конвенцийн оролцогч талуудын 21 дүгээр хуралдаанаас дэлхийн нийтийн өмнө уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар томоохон шийдлүүд хүлээгдэж байгаа бөгөөд энэхүү Парисын хэлэлцээрт Монгол Улсын оруулах зорилтот хувь нэмэр баримт бичгийг төслийн хүрээнд боловсруулж хүргүүлээд байна гэх мэт дурьдаад байвал нэлээд ажил бий.

-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.