Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл сонсголоо
Ерөнхийлөгчийн мэдээллийн дараа ШУА-ийн Одон орон, геофизикийн төвийн захирал С.Дэмбэрэл нийслэлийн орчимд газар хөдлөх магадлал хэр байгаа талаар, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах ажлын явцын тухай сэдвээр товч мэдээлэл хүргэсэн юм.
Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал мэдээлэлдээ:
Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал
“Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө”, Засгийн газрын 2014 оны 118 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г тус тус баталсан.
Дээрх төлөвлөгөөнүүдийн хэрэгжилтийг Монгол Улсын Шадар сайдын тэргүүлдэг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий байнгын ажиллагаатай зөвлөл хариуцан ажиллаж байна.
1.Эрх зүйн орчинг бүрдүүлэх, сайжруулах чиглэлээр:
Монгол Улсын Засгийн газраас “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл” байгуулж, уг зөвлөлөөс газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх үйл ажиллагааны хүрээнд Газар хөдлөлтийн гамшгийн нэгдсэн төлөвлөгөө, Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө, Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталсан.
-
Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах чиглэлээр
Улаанбаатар хотоос 200-400 км-ын тойрог (Булган аймгийн Могод, Дундговь аймгийн Дэрэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум)-т газар хөдлөлтийн идэвхитэй голомт байдаг бөгөөд хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд нийслэл хотод их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй.
Дээрх бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн аюулыг амжиж анхааруулах системийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2012-2014 онд байгуулан ашиглаж байна. Энэхүү систем нь газар хөдлөлтийн голомтод чичирхийлэлт мэдрэх 12 станцаас хүлээн авсан мэдээллийг боловсруулж 30 секундын дотор Улаанбаатар хотын 9 дүүрэгт байрлуулсан дуут дохиоллын 60 цамхаг болон 10 радио, 3 телевиз, үүрэн холбооны 2 оператороор дамжуулан иргэд, олон нийтэд зарлан мэдээлэл хүргэнэ.
Онцгой байдлын ерөнхий газар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гаригийн 16:00 цагт зохион байгуулдаг болсон бөгөөд сүүлийн 4 жилд 21 аймаг, нийслэл, 330 сум, 9 дүүрэгт гамшгаас хамгаалах 271 алба, 564 мэргэжлийн анги, 1590 аж ахуйн нэгж, байгууллагын нийт 2.4 сая орчим хүн оролцоод байна.
2013 онд Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс хамгаалах чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийсэн. Энэхүү үнэлгээгээр 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй бөгөөд нийт барилга байгууламжийн 22-50 хувьд эвдрэл, гэмтэл, нуралт үүсч, 30.000-60.000 орчим хүн нэрвэгдэх тооцоо гарсан.
Нийслэлд нийтийн орон сууцны 3133 барилга байгаа бөгөөд 2011 оноос хойш Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 413 барилгад газар хөдлөлт тэсвэрлэх байдал, чанарыг шалгах үзлэг шалгалт хийж паспортжуулан, мэдээллийн санд оруулсан. Энэ ажлын хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй 166 барилга байгааг тогтоосноос 85 барилгыг дахин төлөвлөх шийдвэр гаргаж, үүнээс 42 барилгыг буулган шинэчилж барих ажил эхэлсэн. Дээрх үзлэг паспортжуулалт хийсэн барилгаас 74 барилгыг хүчитгэн ашиглах боломжтой.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2012 онд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 656 сургууль, 686 цэцэрлэгийн барилгын ашиглалтын төлөв байдалд үзлэг хийж газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй 78 сургууль, 103 цэцэрлэгийн барилга байгааг тогтоосон. Үүнээс нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 27 сургууль, 51 цэцэрлэгийн барилга шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан.
Энэхүү дүгнэлтийг үндэслэн 9 цэцэрлэгийг буулган шинэчлэн барьж, 8 цэцэрлэгийг буулгаж шинээр барихаар төлөвлөж, 4 цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, 6 сургуулийн барилгыг буулган, шинээр барьж, 4 сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 512 эмнэлэг, 401 театр, музей, соёлын төв, номын сан, биеийн тамирын танхимд газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй байна.
Газар хөдлөлтийн гамшгийн үед Улаанбаатар хотын 285000 хүнийг 47 түр байрлалд цуглуулан, 6 чиглэлийн 24 байрлалд нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдий Хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолоор баталгаажуулсан.
-
Боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, нийтийг дадлагажуулах чиглэлээр:
АНУ-ын Аляскийн үндэсний гвардитай хамтран “Говийн чоно” олон улсын дасгал сургуулийг 4 удаа, НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах албаны Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэгтэй хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үед хотын дотор эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дасгал, сургуулийг 2 удаа тус тус зохион байгуулж, болзошгүй газар хөдлөлтийн үед гамшгаас хамгаалах улсын албад, мэргэжлийн ангиуд хамтран ажиллах талаар туршлага солилцсон. Мөн 2011 оноос хойш давхардсан тоогоор 20 аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн болон удирдах бүрэлдэхүүний сургуулийг зохион байгуулж, нийт 12.000 гаруй хүн хамрагдсан байна.
-
Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
-
Улаанбаатар хотод газар хөдлөлтийг бүртгэх 5 станцыг нэмж байгуулах
-
Зарлан мэдээллийн дохио дамжуулах цамхагийг 40-өөр нэмэгдүүлэх
-
Газар хөдлөлтийг бүртгэх станцуудын ашиглалтын зардлыг төсөвт тусгах
-
Аймгийн төв, томоохон хот суурин газрын газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг 2016 онд хийж дуусгах
-
Улаанбаатар хотын газар хөдлөлтөд тэсвэргүй барилгын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх
-
Газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх, түр байрлуулах хоргодох байр, цугларах талбай зэргийг төлөвлөж, баталгаажуулах
-
Бүх аймгийн төвүүдэд шуурхай удирдлагын төв байгуулж, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас амжиж анхааруулах системд холбох (2015 оны 09 дүгээр сард Булган аймгийн төвд 168 сая төгрөгийн өртөг бүхий зарлан мэдээлэх төвийг байгуулсан)
-
Аймаг, нийслэл, сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллага бүр “Гамшгийн нөөц” бүрдүүлэх
-
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг дээшлүүлэх сургалт, дадлагын төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон” гэв.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: -Ярьж байгаа нь зөв байх, анх удаа ч ярьж байгаа биш байх. Хэд хэдэн удаа ярьж байсан. Би андуураагүй бол УИХ дээр Ерөнхийлөгч 3 жилийн өмнө айхтар хүчтэй ярьж байсан. Өнөөдөр ярьж байсан шиг зүйлүүдийг ярьж байсан. Давтамж байнга нэмэгдэж байгаа тухай. Хамгийн гол нь яриад л байдаг, ярьснаасаа хойш манай төрийн байгууллагууд ямар арга хэмжээ авсан бэ гэдэг нь чухал байна.
Яг юу хийсэн бэ, төсөвт тусгаад ийм ийм зүйлийг хийх шаардлагатай байна гэсэн асуудал яригдсаныг би санахгүй байна. ОБЕГ таван цэг байгуулах шаардлагатай гэж ярилаа. Ярих биш юм л хийж тодорхой төлөвлөгөө хиймээр байна. Төсөвт жил бүхэн ингэж тусгаж байя гэдэг юм л хамгийн чухал байна. Яриад арга хэмжээ авахгүй байна гэдэг бол “Бид та бүхэнд хэлж байсан шүү. Иргэд өөрсдийгөө хамгаалаагүй шүү, юу ч хийгээгүй шүү. Анхааруулж л байсан” гэх мэтээр хаяагаа манах маягийн юм дараа нь болоод өнгөрөх вий гэж бодогдох юм. Барилгын компаниуд шаардлага хангасан юм хийж байна уу.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга: -Газар хөдлөлт нийслэлийн анхаарах асуудлыг нэг зайлшгүй мөн. 2014 онд барилга газар хөдлөлтөд хэр тэсвэртэй вэ гэдгийг нягталж шалгадаг орчин үеийн багажуудыг 93 сая төгрөгөөр авч байрнуудын шинжилгээг хийсэн. Өнөөдрийн байдлаар орон сууцны 3100 орчим барилга байдаг.
Үүний 30 гаруй хувийн газар хөдлөлтөд тэсвэртэй юу гэдэг шинжилгээг хийсэн байдаг. Сүүлийн үеийн тодорхой барилга байгууламжийг стандарт гэж ойлгож үзэхгүй байгаа. Яг үзэх ёстой барилга байгууламжийнхаа 90 гаруй хувьд нийслэл үнэлгээ хийсэн гэж үздэг. Эндээс үзэхэд 166 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн үнэлгээг нийслэийн ерөнхий төлөвлөгөөний хийсэн. Энэ бүхний дагуу улсын мэргэжлийн хяналтынхан дүгнэлтээ бичдэг .
Нийт 150 барилгыг газар хөдлөлтөд тэсвэргүй гээд дүгнээд оршин суугчдад мэдээлсэн. Сургууль 27, цэцэрлэг 51, эрүүл мэндийн байгууллага 8, соёл урлагийн байгууллага 4 газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан. Өнгөрсөн жилээс үнэлгээ хийгээд хүмүүст мэдэгдэх өөр хэрэг, цаашид үүнийг бууруулах тодорхой арга хэмжээ авах ёстой.
Нийслэл ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж дахин барилгажуулах, энэ журмыг ИТХ-аар батлаад Засаг даргаас зохион байгуулаад хэрэгжүүлж эхэлж байна. Энэ хүрээнд манай ерөнхий төлөвлөгөөний газар 8 барилгад сонгон шалгаруулалт зарласан, нэмээд 5 барилгад зарласан. Сонгон шалгаруулалтын нэлээн хийж явж байгаа. 150 барилгаас 85 барилгыг сонгон шалгаруулалтаар сонгоод ажиллаж байна.
ОБЕГ-ын дарга Т.Бадрал: -Энхтүвшин гишүүний асуусан өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тухайд бол 2011 онд эхэлсэн ажил 2014 онд дууссан. 2014 онд Засгийн газрын 118-р тогтоолоор цаашид хийх ажил гээд дараагийн төлөвлөгөө 108 заалттай гарсан. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл ажиллаж эхэлснээс хойш манай салбар хоорондын хамтын ажил уялдаатай болж эхэлж байгаа. Хоорондоо мэдээлэл сайн солилцож байна. Ялангуяа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МХГ, ЭМЯ, Зэвсэгт хүчинтэй хамтран ажиллаж, уялдаа холбоо сайжирсан гэж бодож байна.
УИХ-ын дарга З.Энхболд: -Саяын газар хөдлөлтөөр аль байгууллага манлайлаад ямар арга хэмжээнд орсон бэ? Тэр чинь та нарын бэлэн байдлыг шалгах гэнэтийн шалгалт боллоо шүү дээ. Төлөвлөгдөөгүй шалгалт. Тэр үеэр яг юу болж хэн голлосон, хэн нь ямар үйл ажиллагаа явуулсан бэ? Лав л мэдээлэл бол өгдөг юм байна лээ. Түүнээс өөр юу хийсэн бэ?
ОБЕГ-ын дарга Т.Бадрал: -Манай систем 4,5 баллаас ажиллаж эхэлдэг. Газар хөдлөлтийн гамшгийн нэгдсэн төлөвлөгөөний 2.1.4 дотор газар хөдлөнгүүт ОБ алба улсын онцгой байдлын гишүүд болон төрийн өндөрлөгүүдэд мэдээлэл хүргүүлэх шаардлагатай. 4,5 систэм ажиллаагүй учраас ард иргэдэд мэдээлэх шаардлагагүй юм байна гэж үзэж цааш нь мэдээлээгүй.
Ер нь бол энэ тохиолдолд Монгол Улсад манай иргэдийн гамшгаас өөрийгөө болон хөршөө хамгаалах мэдлэг доод түвшинд ирсэн. Хуучин цагийн иргэний хамгаалалтын сургууль маш идэвхтэй явагддаг байсан. Энэ сургуулийг жил болгон 5 аймагт хийдэг. Цаг хугацаагаар бол таван жил тутам нэг аймагт хийгддэг. Сумдад мөн ялгаа байхгүй таван жил тутамд хийгддэг.
Гамшгаас өөрөө өөрийгөө урьдчилан сэргийлэх сургалтад ард иргэд хамрагдаж явж байгаа. Гэсэн хэдий ч хамгийн түрүүнд бидний хийх ёстой ажил бага болон дунд боловсрол, их дээд сургуулиудад гамшгаас хамгаалах мэдлэг олгох, амьдрах ухааны сургалтыг зайлшггүй явуулах шаардлага байгаа. БШУЯ-д хандаад 7 жилийн нүүр үзэж байна. Энэ хөтөлбөрийг бид боловсруулсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн бүр, хүүхэд бүхэн өөрөө өөрийгөө авран хамгаалах мэдлэг боловсролтой болох сургалт хөтөлбөрүүд бэлэн болсон. Сургалтын гарын авлагууд нь бэлэн болсон” гэв.