Байгалийн гамшиг зөвхөн бидний зовлон биш
Онцгой байдлын ерөнхий газар
2015.07.29

Байгалийн гамшиг зөвхөн бидний зовлон биш

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээс үзэхэд, энэ оны эхний хагас жилд Монгол Улсад 3028 удаа аюулт үзэгдэл, осол гарснаас 67 хүн амь насаа алдаж, 133.6 мянган толгой мал, амьтан хорогджээ.

Аюулт үзэгдлийн тохиолдол өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 24 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс болж нас барсан хүний тоо 5-аар нэмэгдсэн бол гал түймэр, ус, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлийн улмаас хорогдсон малын тоо 10 дахин өссөн аж.

Байгалийн гаралтай аюулт үзэгдэл дэлхий даяар элбэгшиж байгааг Гамшгийн тархалтыг судлах олон улсын төв (СRЕD)- ийн мэдээллээс харж болно. Тухайлбал, 1963 онд дэлхий даяар байгалийн гамшигт 50 тохиолдол бүртгэгдэж байсан бол өнгөрсөн жил 300 гаруй болтлоо нэмэгджээ. Энэ үзүүлэлт сүүлийн жилүүдэд огцом өссөнийг дагаад хохирогчдын тоо ч нэмэгдэж байгаа нь ойлгомжтой.

Гэвч ийм шалтгаанаар нас барсан хүний тоо буурч байгаа нь улс орнууд байгалийн гамшгийг даван туулах тал дээр илүү бэлтгэлтэй болсны зэрэгцээ аврах ажиллагаа ч сайжирч байгаагийнх биз ээ. Ус, цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл Монголд төдийгүй дэлхий даяар нэмэгдэж байгаа тухай мэдээллийг бид хангалттай авч буй. Эдгээрээс зөвхөн сүүлийн саруудад тохиосон томоохон хэмжээний аюулт үзэгдлүүдийг эргэн сануулахад:

/ Дөрөвдүгээр сарын 25. Непалд 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, мянга мянган хүн амь үрэгдэв.

Тавдугаар сарын 10. Филиппин улсад хар шуурганы үе зургаадугаар сард тохиодог боловч энэ удаад эрт эхэллээ.

Тавдугаар сарын 19. Японд долоо, наймдугаар сард халдаг боловч энэ жил тэгсэнгүй. Зарим нутгаар 40 хэмд хүрч, олон арван хүн амь насаа алдав.

Зургаадугаар сарын эхэн үед АНУ-д шуурга, үер болж, 31 хүн амь үрэгдэв.  ,

Зургаадугаар сарын 15. Гүржийн Тбилиси хотод үер бууж, хотын нам дор хэсэг усанд автав. Үүнээс 10 хоногийн дараа аадар бороо Оросын Сочи хотыг ч үерлүүлсэн.

Долоодугаар сарын 11. Филиппинд хуй салхи дэгдсэнээс хөрсний хүчтэй гулсалт бий болжээ. Мөн өдөр Японы Окинава арлуудад хар салхи болж, урд хөрш 800 мянган хүнээ нүүлгэн шилжүүлэхэд хүрэв.

Долоодугаар сарын 12. Бразил улсад хүчтэй мөндөр орсон.

Долоодугаар сарын 20. Польшид хар салхи дэгдэж, олон байшин сүйрлээ.

Долоодугаар сарын 21. Иранд хар салхи, үер болж, 40 орчим хүн амь үрэгджээ.