Он гарсаар 57 хүн усанд живж, амиа алдсаны 19 нь хүүхэд
Нийслэлчүүд ойрын өдрүүдэд үргэлжилсэн борооноос болоод нэлээд бухимдах болсон.
“Нэг бол усан завь худалдаж авах. Үгүй бол сэлж сурцгаая” хэмээн фэйсбүүк, твиттерээр жиргэцгээж, нийслэлийн замын ус зайлуулах шуудуу, далан, шугам хоолойг шүүмжилж буй. Улаанбаатар хотод өчигдөр 05.00-08.30 цаг хүртэл орсон усархаг борооны улмаас Дарь-Эхийн зам усанд автаж, түгжрэл үүсгэжээ. Баянзүрх дүүргийн XXVII хорооны нутагт орших уг авто замыг 2012 оноос хуулаад, шинэчилсэн юм. Гэсэн ч шинээр тавьсан энэ замд ус зайлуулах хоолой хийгээгүйн улмаас бороо орох бүрт ийн усанд автаж, замын хөдөлгөөнд саад учруулсаар байна.
Өчигдрийн борооноор айл өрх, авто зам усанд автсан, эсэхийг Онцгой байдлын ерөнхий газрынхнаас тодруулахад “Одоогоор ноцтой дуудлага ирээгүй байна. Улсын хэмжээнд голуудын түвшин ихээр нэмэгдэж байхад иргэд анхаарал болгоомжгүйгээсээ болж гол усанд осолдож, амиа алдах болсон. Он гарснаас хойш 12 аймгийн 35 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт ахуйн усны 50 золгүй осол гарснаас 57 хүн нас барсан. Үүний 19 нь бага насны хүүхэд. Наадмаас хойш л гэхэд зургаан хүүхэд голын усанд эндчихсэн байх жишээтэй. Усанд осолдсон нийт хүмүүсийн 90 хувь нь эрчүүд байна. Тэд үерт живээгүй. Сэлж, тоглож наадаж, амарч зугаалж байгаад л зуурдаар амиа алдчихсан. Ерөө голд л гэхэд 10 хүн живж, нас барсан” гэж ярив.