Бид Засгийн газартай тохиролцоонд хүрээгүй
МҮЭХ-ний ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2015.10.15

Бид Засгийн газартай тохиролцоонд хүрээгүй

МҮЭ-ийн холбоо өнөөдөр мэдээлэл хийж, Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх шийдвэр гаргасан гэдгээ дуулгав. Тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ "2015-2016 оны Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 15-ны өдөр Засгийн газартай байгуулсан. Улсын хэлэлцээрийг байгуулсан өдрөөс хойш есөн сарын хугацаа өнгөрөөд байна.

Хэлэлцээрийн дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хороо удаа дараа хуралдаж,

  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг тавдугаар сарын 1-нээс,
  • Төрийн тусгай албан хаагчдын цалин хөлсийг долоодугаар сарын 1-нээс,
  • Төрийн бусад албан хаагчдын цалин хөлсийг 10 дугаар сарын 1-нээс тодорхой мөнгөн дүнгээр нэмэгдүүлэхээр тохиролцсон.

Гэсэн хэдий ч  өнөөдрийг хүртэл биелэлээ олсонгүй. Иймд хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор есдүгээр сарын 14-нд жагсаал цуглаан зохион байгуулж Засгийн газарт Шаардлага, УИХ-д Мэдэгдэл хүргүүлсэн. Хариуд нь "Засгийн газраас цалин нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн хүндрэл, төсвийн алдагдлаас үүдэн шийдвэрлэх боломжгүй болоод байна.

Иймд нэмэлт хэлэлцээр хийхийг санал болгож байна" гэж өгсөн. Гэтэл өнөөдөр ямар мэдээлэл олон нийтэд хүрсэн бэ гэхээр МҮЭ-ийн холбоо Засгийн газартай зөвшилцөж, 2015 онд цалин нэмэхгүй гэсэн тохиролцоонд хүрсэн гэх ташаа мэдээлэл цацагдаад байна. Энэ бол ор үндэсгүй мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье" гэсэн юм. 

Харин нэмэлт хэлэлцээр өнөөдрийг хүртэл хийгдээгүй байгаа аж. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас 2015 оны Улсын төсвийн тодотгол, 2016 оны Улсын төсвийн төсөлд цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх ямар нэг эх үүсвэрийг тусгалгүйгээр УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгаа тул МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн  хурлаас 2015-2016 оны Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн  3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтын хэрэгжилтийг шаардаж Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх шийдвэрийг гаргасан нь энэ юм байна. 

/Ийгл тв/

Хамтын маргаан үүсгэх тухай шаардлагаа МҮЭ-ийн холбоо өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт тус тус хүргүүлсэн бөгөөд маргааныг хуульд заасан үе шатаар зохион байгуулна гэж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлж байна. 

Мөн энэ асуудалд Загийн газар гурван өдөрт багтаан хариу ирүүлэхийг шаардлаа.