Өршөөлийн хуулийн эргэн тойронд
Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэж эхэлсэн үеэс УИХ нээлттэй горимоор хэлэлцсэн.
2015.10.20

Өршөөлийн хуулийн эргэн тойронд

Монгол Улсын Ерөнхийлөгч наймдугаар сард батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсныг УИХ хүлээж авсан. Тиймээс уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон юм.

Хоёр сар гаруйн хугацаанд гараас гаргаж чадахгүй байгаа уг хуулийг хэлэлцэж эхэлтэл УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс ажлын тав хоногийн завсарлага авлаа.

Хуулийн төслийг хаалттай хэлэлцэх ёстой гэсэн горимын саналыг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон гаргасан ч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Нээлттэй хэлэлцэх ёстой. Хаалттай хэлэлцвэл ард түмний дунд улам л хардлага төрүүлнэ. Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэж эхэлсэн үеэс УИХ нээлттэй горимоор хэлэлцсэн. Нээлттэй хэлэлцэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлж байв.

 Уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан гишүүд байр сууриа ийн илэрхийллээ.

 Ж.Энхбаяр: Хоригийг хүлээж авахгүйн төлөө том ажил явагдаж байна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

-Өршөөлийн хуульд чухам ямар өөрчлөлт оруулах гэж байна вэ?

-Өршөөлийн хууль дотор авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудал анхаарлын төвд байна. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших алдаа оноог дүгнэж байна гэсэн үг. Монгол Улс ардчилсан засаглалд итгэх эсэхээ одоо шийдэх гэж байна. Хэрэв парламент авлига албан тушаалын гэмт хэрэгт өршөөл үзүүлж бууж өгвөл ардчилалд итгэх нийгмийн итгэл нурж унана.

Тиймээс маш хариуцлагатай асуудал. Ялангуяа эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, цаашид хямрал нүүрлэх цаг хугацаа бий болсон ийм үед авлигачдын толгойг илвэл ҮАБ-д ноцтой хохирол учруулна. Олон түмний төрд итгэх итгэл бүрэн унтарна. Тиймээс энэ хуулийг нээлттэй хэлэлцэх ёстой. УИХ-ын гишүүн буюу ард түмэн өөрсдөө сонгосон төлөөллөө хэн нь хэн бэ гэдгийг харах нь зүйтэй. Энэ нь ард түмний хайгаад байгаа шударга ёсны эрэлд хариулт өгөх зүйл юм.

Ерөнхийлөгчийг тавьсан хоригийг хүлээж авахгүйн төлөө том ажил явагдаж байна. Хувь хүнтэй ганцаарчилж уулзаж байна. Улс төрд олон жил хамт явсан нөхөд маань хэлэхээр үнэхээр хэцүү л дээ. Гэхдээ үүнээс илүү том эрх ашиг нь нээлттэй хэлэлцэх явдал юм.

-Нэмэлт өөрчлөлтөд яг ямар өөрчлөлт орж байгаа талаар мэдээлэл хомс байна. Та бүхэнд тараагдсан материалд юу гэж тусгасан байх юм?

-Маш олон асуудал байна. Залилан, албан тушаалын хэрэгтэй холбоотой асуудал бий. Энэ тусдаа сэдэв учраас олон түмэнд нээлттэй үлдээе.  

Д.Батцогт: Ил тодоор ярих хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батцогт

-Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэнэ гэж байгаад болилоо. Үүнд та ямар саналтай байсан бэ?

-Хаалттай хэлэлцэх шаардлагагүй. Үүнд нууцлаад байх зүйл байхгүй. Ил тодоор ярих хэрэгтэй. Ямар зүйл заалт байгааг олон түмэн мэдэж байгаа. Ийм үед хаалттай хэлэлцэх ямар ч шаардлагагүй шүү дээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

Я.Содбаатар: Хууль зөрчиж, завсарлага өглөө

-Өмнө нь завсарлага авсан асуудал дээр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэгт завсарлага өгсөн нь УИХ-ын хувьд Үндсэн хууль зөрчсөн асуудал болж цэц дээр очно. УИХ Цэцийн дүгнэлтийг байн байн хэлэлцэж байгаа нь УИХ энэ мэтээр асуудлыг хүч түрэн явуулдагтай холбоотой хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.