Уул уурхайгаас ашиг хүртэгч эздийг ил болгох ёстой
"Хөвсгөл далайн эзэд" хөдөлгөөний тэргүүн, "Төлсөн авснаа нийтэл" эвслийн зохицуулах зөвлөлийн гишүүн Б.Баярмаатай ярилцлаа.
Уул уурхайн компаниуд мэдээллийг ил тод болгохын ач холбогдол юу вэ?
2013 оны тавдугаар сард "Олон улсын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага"-ын удирдах зөвлөл 22-р хурлаар 21 шаардлага бүхий дүрмээ шинэчлэн сайжруулж, санаачлагыг хэрэгжүүлэгч улс орнуудын тайлагналын үйл ажиллагааны 7-н шаардлага бүхий шинэчилсэн стандартыг баталсан. Ингэснээр зөвхөн төлбөр, орлогыг ил тод тайлагнаж байсан мэдээлэл өргөн хүрээтэй болж байгаа юм.
Санаачлагыг хэрэгжүүлэгч улс орнуудад олборлох салбарын тендерт оролцож, хөрөнгө оруулалт хийдэг, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг корпораци, аж ахуйн нэгжийн бенефициар өмчлөгч буюу жинхэнэ өмчлөгч, ашиг хүртэгч эздийн тухай, тэдний эзэмшлийн хувь хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй бүртгэдэг, мэдээлдэг байх шаардлага тавигдаж байна. Хамгийн гол нь төрийн эрх мэдэлтнүүд давуу эрх олж авахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Ингэснээр уул уурхайн салбар дахь авлига, хээл хахууль багасна. Бас аль нэгэн компани бага татвар төлөхийн тулд халхавч компани ашиглаж байгаа эсэхийг илрүүлэх боломж олгодог сайн талтай.
Бенефициар өмчлөгч гэж хэнийг нэрлээд байна вэ?
Бенефициар өмчлөгчийг тухайн аж ахуйн нэгжийг шууд болон шууд бусаар эзэмшдэг, хянадаг этгээд гэж шинэ стандартад тодорхойлсон байдаг. Тухайн улсын санаачлагын оролцогч талууд энэ тодорхойлолт дахь шалгуур, олон улсын хэм хэмжээ, өөрийн орны холбогдох хууль тогтоомжийг үндэслэн бенефициар өмчлөгч гэж хэнийг хэлэх вэ гэдэг асуудлаар зөвшилцөлд хүрсэн байх ёстой юм. Манайд "Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай" хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүдийн хүрээнд ярилцаж, бенефициар өмчлөгч гэдгийг нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гэж нэг мөр ойлгохоор зөвшилцөлд хүрсэн.
Уул уурхайн компанийн жинхэнэ өмчлөгч, ашиг хүртэгч эздийг нийтэд ил тод болгох хууль эрх зүйн орчин манайд хэр бүрдсэн байдаг юм бол?
Монгол Улсын хувьд олборлох салбарын компаниудын бенефициар өмчлөгчдийг нээлттэй болгох төрийн тодорхой бодлого байхгүй, хуулийн зохицуулалт дутмаг. Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газар компаниудын жинхэнэ өмчлөгч, ашиг хүртэгч эздийн бүртгэлийг хөтөлдөг боловч тэдгээрийг ил тод, нээлттэй болгох бодитой алхам хийхгүй, тэдэнд хүсэлт гаргаад ч мэдээлэл авах боломжгүй хэвээр л байна.
Нээлттэй хувьцаат компаниуд цахим хуудсаараа мэдээллээ олон нийтэд өгдөг. Тэдний өгч буй мэдээлэл хангалттай байдаг болов уу?
Манай улсад олон нийтэд хувьцаагаа гаргадаг нээлттэй компанийн нийт гаргасан хувьцааны тав болон түүнээс дээш хувь эзэмшигчдийн судалгааг Монголын Хөрөнгийн Биржийн цахим хуудаснаас авах боломжтой гэдэг ч энэ нь тийм ч хангалттай мэдээлэл байж чаддаггүй. Гадаадын томоохон хөрөнгийн биржүүд дээр бүртгэлтэй компаниудын хувьд биржийн дүрмийн дагуу хувь эзэмшигчийн мэдээллийг нийтэд мэдээлдэг ч жинхэнэ өмчлөгч, ашиг хүртэгч эздийн тухай тодорхой мэдээлэл бас байхгүй.
Бараг 100 хувь зөвхөн англи хэл дээр байдаг тул манай иргэдэд бэрхшээлтэй болдог. Харин ХХК-ийн тухай мэдээллийг тухайн мэдээлэлд холбогдох этгээд өөрөө бичгээр зөвшөөрсөн тохиолдолд гаргаж өгнө гэж зохицуулснаар энэхүү мэдээллийг ил тод байлгах боломжийг эзний хүсэл зоригоос хамааралтай болгосон. Тэгэхлээр өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд уул уурхайн хязгаарлагдмал хувьцаат компанийн жинхэнэ өмчлөгч, ашиг хүртэгч эздийн талаарх мэдээлэл бүр хаалттай, үүнийг нийтэд ил тод мэдээлэх ямар ч боломжгүй байна.
Өнөөгийн эрх зүйн орчин нөхцөлд бенефициар өмчлөгчийг ил тод болгохын тулд санаачлагын зүгээс юу хийж байна вэ?
Хуулиар бенефициар өмчлөгчийг нийтэд ил тод мэдээлэхийг зохицуулаагүй байгаа тохиолдолд компаниудыг энэхүү мэдээллээ сайн дураар гаргаж өгөхийг хүсэх замаар нээлттэй болгох боломжтой. 250 компанид албан ёсны хувьцаа эзэмшигчид, хувь нийлүүлэгчдийн нэрс, эзэмшиж буй хувьцааны тоо, нэгж хувьцааны үнэ, нийт хувьцааны дүнг ирүүлнэ үү гэсэн хүсэлт тавьсан. Ингэхэд 203 компани хариу ирүүлж, 47 компани нь хариу ирүүлээгүй байсан.
203 компани хариу ирүүлж, 47 компани нь хариу ирүүлээгүй байсан
Компаниудаас ирүүлсэн хувьцаа эзэмшигчдийн жагсаалтад хувь хүнээс гадна гадаад дотоодын аж ахуйн нэгж, татварын диваажин гэж нэрлэгддэг оффшор бүсэд бүртгэлтэй компаниуд нэлээд байгаа бөгөөд эдгээр нь жинхэнэ өмчлөгч, ашиг хүртэгч эздийг бүрэн илэрхийлж чадаагүй. Энэ нь цаашид жинхэнэ өмчлөгч, ашиг хүртэгч гэсэн ойлголтыг илүү тодорхой болгох, тэдгээрийн талаарх мэдээллийг ямар хэмжээнд ил тод болгох шаардлагатайг хуулиар тодруулж зохицуулах хэрэгцээтэй байгааг харуулж байгаа юм.
Цаашид өөр юу хийх шаардлагатай вэ?
Өргөн баригдаад байгаа Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийг яаралтай хэлэлцэж баталбал энэ салбар дахь өмчлөлийн ил тод байдал тодорхой хэмжээгээр хангагдаж, эрх зүйн орчин сайжрах болов уу гэж бодож байна. Уг хуулийн төсөлд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн жагсаалт, эзэмшиж буй хувьцааны тоо, хувь хэмжээний талаарх мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн болон төрийн байгууллагын анхан шатны тайланд тусгана гэсэн заалтыг оруулсан байгаа.
Санаачлагын ажлын хэсэг, Үндэсний зөвлөлөөс оролцогч талуудын тэгш төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулан бенефициар өмчлөгч гэж хэн болохыг зөвшилцөж нарийвчлан тодорхойлох шаардлагатай байна. Мөн УИХ-д өргөн баригдаад байгаа Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн тодорхой заалтуудыг өөрчилж, оролцогч талуудын зөвшилцсөн тодорхойлолтыг хуулийн төсөлд тусгах хэрэгтэй .
Бенефициар өмчлөгчийн мэдээлэлд тухайн хүний нэр, регистрийн дугаар, эзэмшиж буй хувьцааны тоо, хувь, шууд болон шууд бус саналын хувь, бенефициар өмчлөгч болсон огноо зэрэг мэдээллүүдийг тусгадаг.
Чухал мэдээллийг олон нийтэд ямар арга замаар хүргэх вэ?
Тухайн бенефициар өмчлөгчийн мэдээллийг АМГ лицензийн өгөгдлийн санд байршуулах, уул уурхайн компаниуд дахь Монголын хөрөнгийн бирж болон цахим хуудсанд тавих, төрийн холбогдох байгууллагууд өдөр тутмын сонин, зарын самбар, мэдээллийн хуудаст байршуулах зэргээр нийтэд хүртээмжтэй байдлаар мэдээлэх ёстой.
Ярилцсанд баярлалаа.