Сонгууль өгөх иргэдийн ирцийн идэвхийг хэрхэн дээшлүүлэх бэ
2015.10.23

Сонгууль өгөх иргэдийн ирцийг хэрхэн нэмэгдүүлэх бэ

2016 оны сонгуульд санал өгөх иргэдийн тоог хэрхэн нэмж, идэвхижүүлэх бэ гэдэг талаар тодрууллаа.

Өмнөх сонгуулиар сонгогчдын ирц харьцангүй өндөр байсан бол үндсэн хууль хэрэгжих хугацаанд тогтмол буурч ирсэн байна. Тодруулбал 2008 оны сонгуульд сонгогчдын ирц 74 хувь байсан нь 2009 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцтэй ойролцоо байгаа юм.

Энэ нь үндсэн хуульт ёсыг хүлээн зөвшөөрөх байдал өндөр байсан нь судалгаагаар харагджа байна. Харин сонгогчдын ирц буурч байгааг нэг талаасаа санаа зовоосон асуудал, нөгөө талаасаа улс орны бүтэц төлөвшихийн хэрээр сонгогчид сонгуульд ач холбогдол өгөх нь буурч байгаа хэмээн зарим судлаачид тайлбарлаж байна.

Аль ч утгаараа орлогын хувьд ижил улс орнуудтай харьцуулахад  Монгол улсын сонгуулийн ирц буурсан нь үндсэндээ хэвийн үзэгдэл хэмээн судлаачид дүгнэж байна.

УИХ-ын гишүүн А.Бакей: Сонгуулийн ирцийн идэвхийг дээшлүүлэхдээ холбоотой заалтыг сонгуулийн хуульд оруулахаар төлөвлөж байна. Зөвхөн сонгууль биш сонгуулийн зэрэгцээ санал асуулга гэх мэт сонирхолтой хэлбэрийн ажлыг хамтад нь зохион байгуулах юм бол ирц сайжирах туршлага бусад оронд байдаг. Иймэрхүү зохицуулалт оруулах шаардлагатай хэмээн ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Ийм заваан юмнуудыг сонгож байхаар сонгуульд оролцож яах юм гэдэг хандлага байна. Тиймээс төрд байгаа хүмүүс маань ёс суртахуун, үйл ажиллагаанаас эхлээд төрд ард түмний итгэх итгэлийг сэргээх чиглэлд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ асуудлаар сонгуулийн хуульд тодорхой заалтууд оруулж ирэх ёстой. Сонгуулийн ирцийг хуулиараа зааж өгсөн. Энэ ирцийг буулгаж болохгүй, харин сонгогчид саналаа өгдөг, төрдөө итгэдэг, өөрийн өгч байгаа саналдаа итгэл дүүрэн байдаг эрх зүйн орчин, үйлдэл, төрийн хүний үйл ажиллагааг идэвхижүүлэх ёстой гэж хэлмээр байна.

Манай улсын хувьд 1990 онд хамгийн өндөр ирцтэй сонгуульд оролцож байсан байна. Тодруулбал бүртгэлтэй сонгогчдын тоо 98 хувь байсан бол 2012 онд 65.4 хувь болтлоо буурсан байна.