“Ростех”-ийн тодорхой хэсэгт хориг тавьсан нь “Эрдэнэт”-д ямар ч нөлөөгүй
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2015.10.26

“Ростех”-ийн тодорхой хэсэгт хориг тавьсан нь “Эрдэнэт”-д ямар ч нөлөөгүй

УИХ-ын гишүүн О.Содбилэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн талаар олны дунд янз бүрийн мэдээлэл байна. Та тус үйлдвэрийг сайн мэдэх хүний хувьд бодитой мэдээлэл өгнө үү?

-Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нь ма­най улсад хийсэн гадаа­дын хөрөнгө оруулалтын том үлгэр жишээ. Бид “Эрдэнэт” үйлдвэр ГОК гээд олон жилийн турш яриад сурчихсан болохоос биш гадаадын хөрөнгө оруулалтын том жишээ. Өнөөдрийн байд­лаар “Эрдэнэт” ол­бор­лолтоо хийгээд, үйл ажиллагаа нь явж бай­гаа. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ бууж бай­гаа. Иймд орлогын төв­шин багасч байна. Энэ оны эхний есөн сарын байд­лаар бага зэргийн буюу 9.7 тэрбумын цэвэр ашиг­тай ажилласан гэж харагдсан.

Монгол-Оросын "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн хэлэлцээрийг УИХ-аар өөрчилж баталлаа. Ингэснээр Оросын талын хувьцаа эзэмшигч "Ростехнологи"-ийг "Ростех" болгосон. Энэ нь ямар үр нөлөөтэй вэ?

-Оросын талын хувь нийлүүлэгчийг төрийн байгууллага нь биш 100 хувь төрийн өмчит “Ростех”  компани руу шилжүүлэхээр хоёр улсын Засгийн газар хоорондын протоколыг УИХ-аар соёрхон баталлаа. Ингэснээр тодорхой хэмжээний өөрчлөлт гарахгүй.

Яагаад "Ростех" гэдэг компани руу шилжүүлэх болсон юм бэ?

-Хүмүүс энэ асуултыг их тавьдаг. “Ростех”-ийн зарим хүнтэй уулзаж байхад “Манайх хуучнаар Аж үйлдвэрийн яам шүү дээ” гэдэг. Яагаад гэвэл маш олон төрлийн аж үйлдвэр “Ростех”-д багтдаг. 400-500 орчим охин компанитай маш том аж үйлдвэрийн корпораци байгаа юм. Судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл багтдаг, бараг нэг сая орчим хүн ажилладаг гэсэн. Тиймээс аж үйлдвэрийн чиглэлийн корпораци учраас Эрдэнэттэй илүү тохирох юм шиг харагддаг. Оросын зүгээс ч ингэж харж хувь нийлүүлэгчээ сольсон болов уу. Оросууд 49 хувийг эзэмшдэг учраас тэд хувь нийлүүлэгчээр хэнийг тавих нь тэдний асуудал юм.

Манайх оросуудтай адил Монголын хувь эзэмшигчийг төрийн өмчийн "Эрдэнэс Монгол"-д шилжүүлэх тухай санал гардаг. Энэ тухайд?

-Энэ талаар надад  мэдээлэл алга. Одоогоос хоёр жилийн өмнө энэ тухай яриа гарч байсан. Энэ нь байж болох л зүйл гэж боддог. Яагаад гэвэл “Эрдэнэс Монгол” бол манай 100 хувь төрийн өмчит аж ахуйн нэгж шүү дээ. “Эрдэнэс Монгол”-ыг анх яах гэж байгуулсан бэ гэсэн ач холбогдлыг нь харвал уул уурхай, аж үйлдвэрийн томоохон төслүүдийн толгой корпораци  болгоно гэсэн бодлогоор байгуулсан болов уу. Гэвч өнөөдөр ийм чиглэлд ажиллахгүй байгаа гэж харагддаг.

Сая хоёр улсын Засгийн газар хоорондын протоколыг хэлэлцэх үеэр Оросын талд дөрвөн жилийн ногдол ашиг 100 сая ам.долларыг төлөөгүй явж байгааг албаны хүн хэлж байсан. Энэ мөнгийг яаж шилжүүлэх тухайд гаргалгаа бий юу?

-Миний ойлгосноор “Ростех” гэдэг компанийг “Эрдэнэт”-ийн Оросын талын хувь эзэмшигч гэж албан ёсоор цаасан дээр буулгаагүй байсан учраас ногдол ашиг олгоогүй хүлээгдэж байгаа гэсэн. Ногдол ашигт өгөх мөнгө нь байгаа, үгүй талаар надад дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй. Хэрэв ямар нэгэн тохиолдлоор ногдол ашигт өгөх мөнгө байхгүй бол “Эрдэнэт” үйлдвэр олборлолтоо явуулж байгаа цагт түүнийг төлөх бүрэн боломжтой гэж харж байна. Орлого олж, үйлдвэрлэл явуулж байгаа газарт хувь нийлүүлэгчид нь хоорондоо яриад шийдэх бүрэн боломжтой байх.

Энэ протоколыг батлах явцад "Ростех"-ийг судлахаар хэлэлцүүлгийг хойшлуулсан. Учир нь АНУ-аас Оросын талд хориг тавьсан компаниудын дунд "Ростех" орсон учраас манайх болгоомжилж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Хэлэлцүүлгийн явцад энэ талаар УИХ-ын гишүүдээс асуулт гарсан учраас тодруулахаар  хэлэлцүүлгийг хойшлуулсан. Тэгээд ямар ч асуудалгүй гэж үзээд протоколыг соёрхон батлахыг дэмжчихлээ. Энэ нь Украины асуудлаас болоод АНУ, Европын холбооны барууны зүгээс “Ростех”-ийн тодорхой хэсэгт санкц тавьсан. “Ростех” маш олон чиглэлд ажилладгийн дотор батлан хамгаалах салбар ч ордог юм билээ. Тэр чиглэлд нь хориг тавьсан гэсэн. Мөн “Ростех”-ийн ерөнхий захирал С.В.Чемезов гуайг Ерөнхийлөгч В.В.Путины ойрын хүн  гэдгээр нь өөр дээр нь бас хориг тавьсан байгаа. Гэвч энэ нь манай “Эрдэнэт”-д ямар ч холбоогүй асуудал. Энэ талаар УИХ дээр ярих үед нь манайд нөлөөлөхгүй, саад болохгүй гэж үзсэн.

Хувь нийлүүлэлчийг өөрчилснөөр ногдол ашгийн хэмжээнд өөрчлөлт орох уу?

-Түүнийг хоёр тал Советын хурлаар хэлэлцээд энэ жил тэдийг авна, өгнө гэдгээ шийдэх ёстой.

-“Оросууд “Эрдэнэт”-ийг 100 хувь авна гэсэн санал тавьсан, тавих гэж байгаа, шахсан,тулгасан,цаашид ч ингэнэ” гэсэн явган яриа олны дунд байна. Энэ тухайд та юу хэлэхвэ?

-Энэ талаар надад мэдээлэл алга. Үйлдвэр ажиллаж байна, боловсон хүчний дийлэнх нь монголчууд байна. Үйлдвэр ашигтай ажиллаж байгаа учраас оросууд авна гэсэн яриа яагаад гардгийг мэдэхгүй юм. Иймэрхүү шуугиан нь тодорхой мэдээлэлгүй хийсвэр зүйл. Энэ нь хоёр орны найрсаг харилцаанд төдийгүй, үйлдвэрт ажиллаж буй олон мянган хүний итгэл найдварт нөлөөлж байгаа шүү дээ.

"Оросууд "Эрдэнэт"-ийг 100 хувь авна гэсэн санал тавьсан, тавих гэж байгаа, шахсан, тулгасан, цаашид ч ингэнэ" гэсэн явган яриа олны дунд байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

УИХ-ын гишүүн О.Содбилэг

-“Эрдэнэт” үйлдвэр Монголын эдийн засаг маш хүнд байсан 1990-ээд оны хүндрэлийг нуруун дээрээ үүрч гарсан. Өнөөдөр ч гэсэн эдийн засаг хүнд үед “Эрдэнэт”-ийн орлого төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлж чадаж байна. Оюутолгой төслөөс Монголын төсөвт хангалттай мөнгө орж  ирэхгүй байгааг бүгд мэднэ. Би саяхан Эрдэнэт орж хүмүүстэй уулзсан. Манай ГОК хэцүү байгаа юм билээ. Цалингаа тавих хэмжээний үйл ажиллагаа явуулж байгаа. Үйлдвэр хэвийн ажиллаж байгаа ч бусад хөрөнгө оруулалтын чиглэлдээ хэмнэлтийн горимд шилжиж үйл ажиллагаагаа цомхон болгосон. “Эрдэнэт” хүнд үеийг авч явдаг нь 1990-ээд онд ч, одоо ч мэдэгдэж байна.

-Тэгвэл цаашид яах ёстой вэ?

-Энэ үйлдвэрийн үр өгөөж сайжирч, зардал багасах ёстой. Хүдэрт байгаа зэсийн агууламж нь улам буурч байгаа. Ил уурхай улам доошоо гүн рүү явж байна. Тэндээс хүдэр гаргаж ирэх зардал нь өсч байгаа. Тэр хэмжээгээр баяжуулах зардал өснө. Яагаад гэвэл агууламж нь бага байгаа юм. Тэгэхээр ирээдүйд улам бага агууламжтай зэсрүүгээ орж байгаа гэсэн үг. Тиймээс үйлдвэр дээр анхаарх зүйл бий.

Тантай уулзсаных нэг зүйлийг тодруулья. Та өдөр бүр Фэйсбүүк хуудастаа "Тууз хайчлах синдром" нэртэй гарчигтай мэдээ татдаг болжээ. Энэ нь таны тойрогтоо хийсэн ажилтай холбоотой зүйл үү. Ямар учиртай юм бэ?

-Тэр бага зэрэг ёжилсон зүйл. Манай Эрдэнэтийн ахмадын хорооны дарга нь талийгч болсон. Тэрээр ахмадын ордноо байгуулахаар зураг төслийг нь хөөцөлдөж явж  байсан. Тэгээд дараагийн дарга нь надад танилцуулснаар бид хамтран ажиллаж хөрөнгийг нь төсөвт суулгаж чадсан. Тэр байраа ашиглалтад оруулаад байж байтал өөр хүмүүс ирээд нээлтийн туузыг хайчилчихаад явсан.

Зураг төслийг нь барьж, энэ ажлыг хэрэгжүүлэхээр хөөцөлдсөн гол хүн буюу ахмадын хорооны даргаар үг ч хэлүүлээгүй. Харин Ахмадын чөлөөт холбооны хүн очсон юм шиг байна.Тэгээд өрөө тасалгааг нь хүртэл хаа, хамаагүй хүмүүст хуваарилаад өгчихсөн. Ер нь хүмүүсийг талцуулдаг зүйл байна. Ахмадуудыг хүндэтгэж үг хэлүүлээгүй онцгүй зүйл болсон учраас би түүнд нь эмзэглэж хувийн цахим хуудастаа ёжилсон мэдээлэл татсан юм.

Эрдэнэтийн сургууль, цэцэрлэг, эмнэлэгт ихээхэн тохижилт, хөрөнгө оруулалт очсон гэсэн. Хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ таны хувийн хөрөнгөөр босдог гэх юм?

-Тийм. Миний хувийн зүгээс санаачилж хийж буй дөрвөн төсөл хөтөлбөр бий. “Хөгжилтэй, хөдөлгөөнтэй Эрдэнэтийн хүүхдүүд” гэсэн төслөөр бүх багт тоглоомын талбай барьж, бүх цэцэрлэгт тоглоомын талбай тохижуулж өгч байгаа. “Хөгжимтэй, хөгжилтэй Эрдэнэтийн хүүхдүүд” хөтөлбөрөөр бүх сургууль, цэцэрлэгт хөгжмийн танхим тохижуулж өгсөн. “Эрүүл, хөгжилтэй Эрдэнэтийн хүүхдүүд” төслийн хүрээнд шарлалттай төрсөн хүүхдүүдийг эмчилдэг бүх төрлийн тоног төхөөрөмж бүхий инкубаторуудыг Эрдэнэтийн төрөхөд бэлэглэсэн. Дөрөвдүгээрт бүх сургуульд компьютер дээр гадаад хэл сурах зориулалттай танхимыг байгуулсан. Таван хэлний сургалттай байх юм. Энэ нь улсын төсөв санхүү хүнд үед намайг сонгож, дэмжиж буй тойргийнхондоо хувийн зүгээс үзүүлж буй дэмжлэг юм.