Г.Шийлэгдамба сайд гадаад томилолтоо багасгахыг анхааруулжээ
Г.Шийлэгдамба сайд гадаад томилолтоо багасгахыг анхааруулжээ
2015.10.28

Г.Шийлэгдамба сайд гадаад томилолтоо багасгахыг анхааруулжээ

Г.Шийлэгдамба өчигдөр эмнэлгийн удирдлагуудыг зайлшгүй ажлаас бусад гадаад томилолтоо багасгахыг анхааруулжээ.

Тэрээр харьяа байгууллагынхаа  удирдлагуудтай уулзаж,  санал хүсэлтийг нь сонсож,  цаг үеийн мэдээлэл хийж хэд хэдэн үүрэг чиглэлийг өгсний нэг нь энэ юм.

Мөн байгууллага бүр шилэн дансаа хөтлөх,  мэдээллийг  цахим болон цаасан хэлбэрээр  хуудас бүрт нь гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулж заасан хугацаандаа багтааж явуулах, эмнэлгийн удирдлагууд ажлаа танилцуулаад, өвөлжилтийн бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болгожээ.

Ирэх оны төсөвт эмийн төсвийг нэмэгдүүлсэн ч урсгал зардал, шинэ хөрөнгө оруулалтын төсөв буурч байгаа талаар тэрээр онцолжээ.

Мөн яамнаас эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зэрэг хэд хэдэн реформын  шинжтэй  хуулийн төслүүдийг  өргөн барьснаар  байнгын хороогоор дэмжигдэж, УИХ-ын нэгдсэн чуулганд оруулахаар хүлээгдэж байгааг дуулгав.

Дээрх хуулиуд батлагдсанаар эмийн  чанар,  аюулгүй байдал, зохистой хэрэглээ төлөвшиж  эмийн хангамж хүртээмж  сайжирхад  чухал  үүрэг гүйцэтгэнэ гэдгийг сайд мэдээллийнхээ эхэнд хэлжээ.

Улирлын чанартай томуу, томуу төст өвчин болоод халдварт өвчний тархалтын дэгдэлтийн үе эхэлж  буйтай  холбогдуулан  тодорхой төлөвлөгөө гарган урьдчилан тандалтын судалгаа хийж  мэргэжил арга зүйгээр хангаж, тусгай мэргэжлийн ортой төвүүдэд байнгын бэлэн байдалд ажиллах хэрэгтэйг тэрээр хэлсэн байна.

Учир нь улаанбурхан өвчний дэгдэлтийн дараа цэврүүт  тууралт, меникок  гарах эрсдэл өндөр гэсэн судалгаа байна. Тиймээс олон нийтэд хандсан энэ төрлийн сургалт, сурталчилгааг түлхүү хийх хэрэгтэй гэжээ.