Гэр бүлд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдэх арга зам
МАН-аас зохион байгуулж буй “Бид хамтдаа” үндэсний форумд УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, НАМЭХ-ны хүндэт ерөнхийлөгч доктор, дэд профессор Д.Оюунхоролын тавьсан илтгэлийг толилуулж байна.
“Бид хамтдаа” үндэсний форумд хүрэлцэн ирсэн эрхэм төлөөлөгчид та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье.
XXI зууны хөгжил дэвшлийн өнөөгийн өндөрлөгөөс эргэн харвал манай Монголчууд бидний шийдэгдээгүй асуудал болгоны цаана гэр бүл, гэр бүлийнхээ ихэнх асуудлыг шийдэж байгаа эмэгтэйчүүдийн асуудал хөндөгдөж байжээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн улс төр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд эерэг өөрчлөлтүүд гарсан боловч энэ нь суурь төвшинд хангалттай нөлөөлж чадсангүй. Оновчтой шийдэл нь ажил хэрэг болж, оноогүй хэсэг нь асуудал хэвээрээ үлдсээр байна.
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал, үнэ цэнэ ирээдүйн Монголын иргэдийн ёс суртахууны өлгий нь болж байх учиртай билээ. Эртний сэтгэгч нэгэнтээ төр улсын анхны нэгж бол гэр бүл юм гэж хэлсэн байна. Гэр бүлээс хамааралгүй хүн амын бүлэг, өрхийн гишүүн, иргэн гэж байхгүй. Тэд бүгд нийгмийн анхдагч орчин болох гэр бүлд төрж амьдарч, суралцаж, нийгмийн харилцаанд оролцож улс орныхоо үнэ цэнэтэй иргэн болдог. Монгол төрийн бодлого гэр бүлд л бодит биелэлээ олж үндэс сууриа бэхжүүлдэг. Монголын орхигдсон уламжлал гэр бүлд хадгалагдаж, өнөөгийн бүтээлч үйлсийн эзэд гэр бүлд амьдарч, ирээдүй маргааш мөн л гэр бүлд үндэс сууриа тавьж байна.
Улсын Их Хурлын 2004 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын 2.1-д Гэр бүл нь хүний амьдралын анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж гэж үзэн түүний хөгжлийн тухай асуудлыг төрийн бодлогын төвд байлгахаар заасан нь гэр бүлийн талаарх төрийн бодлогод хийсэн томоохон алхам мөн гэж үзэж байна.
Улс орон хөгжиж өөрчлөгдөхийн хэрээр Монголын гэр бүлийн хөгжилд цоо шинэ хандлагууд бий болж, түүнийг дагалдсан асуудлууд тэр хирээр өсч байна. Гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдрагчид нэмэгдэх, залуус гэр бүлийн амьдралд хангалттай бэлтгэгдээгүйгээс гэр бүл цуцлагдах, цуцалсны дараа үр хүүхэддээ тавих анхаарал халамж муудах зэргээр гэр бүлийн үүрэг хариуцлагаа ухамсарлах нь улам бүр саармагжсаар байна.
Монгол гэр бүлийн уламжлалт үнэлэмжид өөрчлөлт гарч гэр бүлийн үнэт зүйл алдагдаж, гэр бүлийн задрал хурдацтай явагдаж байна гэдгийг судалгааны байгууллагуудын дүн харуулж байна. Өнөөдөр гурван гэр бүл тутмын нэг нь ядуу, найман гэр бүл тутмын нэг нь хамтран амьдрагч болж, 10 гэр бүл тутмын гурвыг эмэгтэйчүүд толгойлж байна. Амьжиргаагаа дээшлүүлэхийн эрхээр мянга мянган нөхөн үржихүйн насны залуучууд гадаадад гарч, гэр бүлийн халуун дулаан орчинд өсөж, торних боломжгүй хүүхдийн тоо нэмэгдсээр, энэ бүхнээс хүүхдүүд хохирсоор байна.
Өнгөрсөн онд 3522 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан нь өмнөх оноосоо даруй 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Сүүлийн үед залуу гэр бүл гэлтгүй олон жил амьдарсан хосууд ч салах нь ихсэв. Гэр бүл цуцлалтын гол шалтгаан нь гэр бүлийн боловсрол хангалтгүй, гэр бүлийн хүчирхийлэл даамжирсан байдал, гадаадад удаан хугацаагаар ажиллах, хөдөө орон нутагт гэр бүлээс нь тусгаарлаж олон хоног, сар, жилээр ажиллуулах, архидалт, гэр бүлээс гадуурх харилцаа болж байна.
Согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжийн тоо зөвшөөрөгдсөн стандартаас хэт олширсноос архинд донтох өвчнөөр өвчлөгсөд улам бүр залуужиж, охид, эмэгтэйчүүд ч татагдаж орсоор байна.
Улсын хэмжээнд 2013 оны байдлаар согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн ес, архины 56, шар айрагны 19, дарсны 10, нийт 95 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Дээрх үйлдвэрүүд нь 2013 онд нэг сая 925 мянган литр спирт, 24 сая 774 мянган литр архи, дарс, 63 сая 775 мянган литр шар айраг үйлдвэрлэсэн байна. Мөн 2013 оны байдлаар согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл бүхий 76 аж ахуйн нэгж нийт 36 сая литр согтууруулах ундаа импортлон оруулж ирсэн байна.
2013 оны байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий 9703 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс орон нутагт 5837, нийслэлд 3866 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар олон улсын төвшинд тогтоосон хэмжээгээр нэг хүний спиртний жилийн хэрэглээ 6.1 литр бөгөөд, 8-9 литрт хүрсэн бол тухайн үндэстэн аюулд учирсан хэмээн үзсэн байдаг бол Монгол Улсад нэг хүний спиртийн жилийн хэрэглээ хэдийнээ 9.2 литр хүрч аюулын харанга дэлдэж байна. Гэр бүл салалтын золиос, хохирогч нь хүүхдүүд байдаг. Гэр бүлдээ хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн асуудлыг бодлогын хэмжээд анхаарч үзэх, хүүхэд хамгааллын байгууллагуудын ажлыг сайжруулах ёстой болсон байна.
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, НАМЭХ-ны хүндэт ерөнхийлөгч доктор, дэд профессор Д.Оюунхорол
Дөрвөн настай бяцхан охин гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэлийн золиос болж амиа алдсан харамсалтай хэрэг гарсныг бид мартах ёсгүй. Иймээс хүүхдийн эрх, гэр бүл дэх дарамт, хүчирхийлэл, хүүхдийн халамж, тэтгэлэг, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг хариуцлагын асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Гэр бүл салсан ч хүүхдээ халамжлах, аюулгүй байдлыг нь хангах үүрэг эцэг эхийн аль алинд нь байх ёстой. Монгол Улсын шүүхээр гэр бүлээ цуцлуулахад шүүхээр тогтоогдсон хүүхдийн тэтгэлгийн биелэлт 12-15 хувьтай л байна. Энэ бүгд гэр бүл салалтын хохирогч нь эмэгтэйчүүд болж байгааг, тэд хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргийг дангаар нуруундаа үүрч байгааг баталж байгаа тоо юм.
Монгол гэр бүлийн уламжлалт үнэлэмжид гарч байгаа сөрөг хандлагатай өөрчлөлтүүд гэр бүлийн үнэт зүйлсийг алдагдуулж, гэр бүлийн задралыг хурдасгаж байна. Гэр бүлээс гадуурх харилцаа нийгэмд хэт задгайрч, гэр бүл эрхэм нандин зүйл гэсэн утга учир алдагдаж байгаа нь нийгмийг цочроосон олон хэргээр илрэх боллоо. Үүний золиос нь мөн л эмэгтэйчүүд болж байна. Хэдхэн долоо хоногийн өмнө жирийн албан хаагч эмэгтэйг гэр бүлээс гадуур харилцаатай байсан дарга нь зүй бусаар эрэмдэглэсэн аймшигт хэрэг гарлаа.
Эрчүүд бус эмэгтэйчүүд л гэр бүлийн ёс суртахууны зүй бус өөрчлөлтийн хохирогч болсоор байна. Миний бие Гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг өмчлөх эрхтэй холбож хуульчлах нь Монгол гэр бүлийн үнэт зүйлийг хамгаалах гол ач холбогдолтой гэж үзэж 2011 онд Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилан боловсруулж УИХ-д өргөн бариад өнөөдрийг хүртэл батлуулж чадаагүй байна. Хүүхэд төрсөн цагаасаа өмчийн эзэн байх нь хүүхдийн амьдралын эдийн засгийн баталгаа, эмэгтэйчүүд, эрчүүдийн эрхээ тэгш эдлэх боломж юм гэсэн байр сууриа хамгаалж, хуулийн төслөө батлуулахын тулд ажиллаж байна.
Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Гэр бүлийн хөгжил, хүүхдийн талаарх төрийн бодлогыг улсын хэмжээнд зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагатай болох, гэр бүлийн гишүүдийн хариуцлага, хүүхдийн эрх ашиг, өмчлөх эрхийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн харилцааг зохицуулахаар тусгаад байна.
Өрх толгойлсон эмэгтэйчүүд гэр бүл салалтыг дагаад улам бүр олширлоо. Өрх толгойлсон ээж, аавууд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргийг угтаа дангаараа нуруундаа үүрч байгааг судалгааны тоо баримт бидэнд харуулж байна. Нийт салсан гэр бүлүүдийг авч үзвэл 85 хувь нь хүүхдийн тэтгэвэр огт авахгүй байна. Шүүхийн шийдвэр гардаг ч биелэгдэхгүй байна. Энэ хүнд ачааны ихэнхийг эмэгтэйчүүд үүрч гадаа гарч эр, гэрт орж эм болж ургах нарнаас үдшийн бүрий болтол ажиллаж байгааг бид эргэн тойрныхоо хаанаас ч харах боломжтой.
Гэтэл тэдгээр эмэгтэйчүүдийн цалин гэр бүлээ тэжээж тэтгэхэд хангалттай хүрэлцэхгүй байна. Өрх толгойлсон ганц бие эцэг, эхчүүдийг төрөөс анхаарч дэмжлэг, тусламж үзүүлдэг туршлага ялангуяа Европын болон Азийн олон улс орнуудад бий болсон байна. Үүнийгээ нэгдсэн нийгмийн бодлогоор хэрэгжүүлж иржээ. Түүнчлэн, “Өрх толгойлсон ганц бие эцэг/эх, түүний хүүхдэд зориулсан халамжийн цогц үйлчилгээ-хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг сайн туршлага ч байна.
Миний бие хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд “Өрх толгойлсон эцэг/эхийн халамжийн тухай” хуулийг санаачлан боловсруулахаар судалгааны ажил хийж байна. Хуулийн зорилт нь өрх толгойлсон ганц бие эцэг/эх болон тухайн гэр бүлд өсч буй хүүхдийг дэмжих, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах явдал юм.
Хүчингийн хэргийн улмаас жирэмсэлж, хүүхдээ төрүүлсэн эх; Эцэг, эхийн аль нэг нь нас барсан гэр бүл; Эцэг эх нь нэг ба түүнээс дээш жилийн хугацаатай ял шийтгэл хүлээн хоригдож байгаа гэр бүл; Эцэг,эх нь бие эрхтний болон оюуны чадамжаа алдсан; Гэрлэлтийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон ба түүний улмаас дангаараа хүүхдээ асрах үүрэг хүлээсэн эцэг/эх; Хүүхдээ өөрөө өсгөн хүмүүжүүлж буй гэрлээгүй эцэг/эх; Эцэг/эх нь 1 ба түүнээс дээш жилээр гэр бүлээ орхиж явсан, эцэг/эх нь алга болох, урт хугацаагаар хол яваад сураггүй байгаа, тусдаа амьдардаг гэх мэт амьдралын бартаанд бүдчин байгаа олон гэр бүлийн ачааг хөнгөлж төрөөс дэмжлэг олгодог байхаар энэхүү хуулийн төсөлд тусгаж байна.
Эдгээр гэр бүлүүдэд төрийн зүгээс хүүхэдээ өсгөн хүмүүжүүлэхтэй холбоотой тэтгэмж, тэтгэвэр олгох, Хөдөлмөр, татвар, орон сууц, зээл, эрүүл мэндийн болон бусад хөнгөлөлт үзүүлэх, Гэр бүл ба хүүхдэд хүүхдийн хүнс, тэжээл, эм, хувцас, жирэмсэн эмэгтэйчүүдэд хоол, хүнс үнэгүй олгох, Гэр бүлд тодорхой хууль, эрх зүй, сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх тусламж, зөвөлгөө өгөх, нийгмийн үйлчилгээ үзүүлэх зэргээр төрөөс дэмжлэг үзүүлж болно хэмээн үзэж судалгаанд суурилан ажиллалаа.
Олон улсын туршлагаас харахад Өрх толгойлсон ганц бие эцэг/эхийг бүртгэлжүүлэн орон нутгийн Нийгэм хамгаалал, хөгжлийн газраас холбогдох байгууллагуудаас халамжийн үйлчилгээ авах эрхийг нээж өгөх боломжтой байна. Халамжийн үйлчилгээнд өрх толгойлсон эцэг/эхээс гадна түүний гэрлээгүй, ажил эрхэлдэггүй 18-аас доош насны хүүхэд, 18-аас дээш настай боловч хөгжлийн бэрхшээлтэй бие даан амьдрах чадваргүй хүүхдүүд хамрагдаж үр ашгийг нь хүртэх боломжтой болох юм.
Нийгэм эдийн засгийн хувьд Азийн бусад улсуудын нэгэн адил Монголд ядуурал илүү эмэгтэйлэг шинжтэй хэвээр байна. 150 орчим мянган эмэгтэйчүүд Монголын уламжлалт нүүдлийн аж ахуйн онцлогоос хамаарч өрх гэрийн ажлыг үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хугацаанд өрх гэрийнхээ ажлыг хийдэг үнэлгээгүй хөдөлмөр эрхэлж байна. Тэд өрх гэрийнхээ хэрэглээний бүхий л зүйлийг үйлдвэрлэж, үр хүүхэд төрүүлэх, асрах, хүмүүжүүлэх болон гэр бүлийн бусад гишүүдийг асран халамжлах ажлыг давхар үүрч байна.
Ядууралд өртөмтгий байгаа эмэгтэйчүүдийг анхаарч тэдний цалин хөлстэй ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, өрхийн бизнесийг дэмжин хөгжүүлэх, бага орлоготой эмэгтэйчүүдийг төрийн бодлогоор дэмжин тэтгэхэд түлхүү анхаараасай гэж эмэгтэйчүүд маань хүлээж байдаг.
Нийгэм эдийн засгийн байдал хүндхэн байна. Эдийн засаг нийтээрээ уналтын байдалтай, бэлэн мөнгөний хомсдолд орсон, долларын ханш өссөөр байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт гурван жилийн дотор 4.6 тэрбумаас 50 сая руу бууна гэдэг хөрөнгө оруулалт үндсэндээ зогсонги байдалд байгааг харуулж байна. Төсвийн ажил үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгжүүдэд төр санхүүжилтийг нь цаг тухайд нь олгохгүй байгаагаас бизнес эрхлэгчид өр зээл, татварын дарамтанд орох, ажилчдынхаа цалинг цаг тухайд тавьж чадахгүй байдалд орсноор олон айл өрхүүдийн амьжиргаа доройтсоор байна.
Энэ хүндрэл хямрал монголын бүхий л айл өрхийн хаалгыг тогшиж, ханшийн уналт, үнийн өсөлт тэдний амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж байгааг судлаачид ч, хууль тогтоогчид бид ч мэдэж, сэргийлэхээр ажиллаж байна. 2014 оны байдлаар Хотын хүн амын 18.8 хувь, хөдөөгийн хүн амын 26.4 хувь нь ядуу амьдарч байгаа судалгааг Үндэсний статистикийн хороо танилцуулжээ. Хөдөө аж ахуйгаас бусад салбарт цалинтай ажил эрхлэгчдийн дотор эрэгтэй, эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин ойролцоо байгаа ч, эмэгтэйчүүдийн цалин хөлсний төвшин эрэгтэйчүүдийн дундаж цалингаас 15 орчим хувиар доогуур байна.
Эмэгтэйчүүд бөөний ба жижиглэн худалдаа, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, зочид буудал, зоогийн газар, санхүүгийн гүйлгээний салбарт, эрэгтэйчүүд уул уурхай, барилга, зам тээвэр зэрэг өндөр бүтээмжтэй салбарт зонхилж байгаа нь тэдний цалин хөлсний төвшинг мэдэгдэхүйц зөрөөтэй болгох эдийн засгийн орчин нөхцөлтөй холбоотой юм.
Үнэлгээгүй хөдөлмөрт хөдөөгийн эмэгтэйчүүд хотын эрэгтэй, эмэгтэйчүүдээс 2-3 дахин илүү цаг зарцуулж байна. Мичин жилийн зудыг олон нийт сануулан хэлж байна. Малчин түмэн сэтгэл түгшин намрыг өнгөрөөж байна. Тариаланчид маань ургац алдлаа. Энэ бүхний ард жижиг дунд үйлдвэрлэл эрхлэж байгаа айл өрх, өрхийн аж ахуйгаа өөд татах гэж зүтгэж буй эмэгтэйчүүд маань байгаа.
Өрх гэрээ толгойлон амьдарч байгаа хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийг малжуулах төсөл хөтөлбөрт онцгойлон хамруулах, малчин, тариаланч өрх гэр бүлийг нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гэдгийг хүлээн зөвшөөрөх, түүнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. 2014 онд “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөрийн тайланд тусгагдсан ажилд орсон иргэдийн тоо мэдээг авч үзвэл ажилд орсон эмэгтэйчүүдийн тоо эрчүүдээс хоёр дахин бага үзүүлэлттэй байна.
Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, бизнесийг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, бизнес эрхэлж байгаа болон шинээр бизнес эрхлэх гэж байгаа бага дунд орлоготой эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин, бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох, барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах зээлийн баталгааны сан ажиллуулах замаар бодит дэмжлэг үзүүлэх “Эмэгтэйчүүдийн банк” байгуулж болох талаар судалгаа тооцоог хийж үе үеийн засгийн газарт танилцуулан, энэ чиглэлээр тодорхой шийдвэр үр дүнд хүрэх гэж хичээн ажилласаар ирлээ.
Нобелийн шагналт профессор Мухаммад Юнус “Ядуурал бол музейд л байх учиртай амьдралын доройтсон төлөв байдал юм” гэсэн содон үг хэлжээ.
Эмэгтэйчүүдийн банк байгуулж чадвал:
• Зээл авч санхүүгийн үйлчилгээ хүртэх хүний үндсэн эрх хангагдаж,
• Барьцаа харгалзахгүйгээр зээл авч нийгмийн орлого багатай давхарга, ядуу амьдрал өөрчлөгдөж,
• Өрх гэрийнхээ амьдралыг авч явдаг гол түшиг тулгуур болсон өрх толгойлсон 90.000 шахам эмэгтэй жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж өмч хөрөнгийн эзэд болж,
• Эмэгтэйчүүд санхүүгийн эрх чөлөөтэй болж бусдаас хараат явдаг амьдралын хэвшил, сэтгэлгээ дадал зуршлаа өөрчилж үр хүүхдээ өсгөж чанартай боловсрол эзэмшүүлэх бололцоо бүрдэх юм.
Орлого багатай иргэд, эмэгтэйчүүд банкны үйлчилгээ хүртэж, өрх бүр үйлдвэрлэгч болж, амьдралын чанартаа өөрчлөлт гаргаж ядуурлаасаа салах, бэлээхэн туршлага болсон улс орон байна. Бангладеш улс барьцаа хөрөнгөгүйгээр ядуучуудад зээл олгох банк анх байгуулж амжилттай ажилласан туршлагыг 40 гаруй улс хэрэгжүүлээд байгааг бид амьдралд хэрэгжүүлэх, ашгийн төлөө бус ард түмний төлөө ажилладаг банктай болох бололцоотой юм. Бид ядууралтай тэмцэж байгаа Бангладешийн сайн туршлагыг судалцгаая.
Эмэгтэйчүүд санхүүгийн эрх чөлөөтэй байснаар бусдын хараат байдлаас гарч, өрх гэрийн өнөөдрийн амьдралдаа санаа зовних нь багасч өмч хөрөнгийн эзэн болж, амьдралын хэвшил, дадал зуршлаа өөрчилж, үр хүүхдээ өсгөж, чанартай боловсрол эзэмшүүлэх боломжтой болно.
Өвөг дээдэс маань боловсролыг хүний эрдэм, номын эрдэм хэмээн хуваасан байдаг. Номын эрдэмд бидний ойлгох “боловсрол” хэмээх хэвшмэл ойлголт хамаардаг бол хүний эрдэмд жинхэнэ эцэг эх байх, жинхэнэ хүний сайн хань байх, найз нөхдийн итгэлт анд байх, хүнийг хайрлаж, уучилж чаддаг, энэрч ухаардаг, хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлэн боловсруулах ухаан багтдаг байжээ.
Энэхүү хоёр эрдмийг төгс эзэмшиж гэмээнэ сая цогц боловсрол бүхий монгол иргэн төлөвшинө. Үүний үрээр бат бэх гэр бүл үүснэ. Энэ эрдмийг эзэмшүүлэх нэгэн субьект нь гэр бүл өөрөө юм. Бидний ирээдүй болсон үр хүүхдийнхээ хүн болохын утга учир, хувь хүний төлөвшилд онцгой анхаарч зөв зуршилтай, зөв амьдрах зүрх сэтгэлтэй, хүнийг хайрлах хүндлэх монгол ёс заншилтай хувь хүн болгон төлөвшүүлэн, хүмүүжүүлэх талд онцгой анхаарахыг уриалж байна.
Гэр бүл амар тайван бол гэрийн эзэн ч, эмэгтэйчүүд хүүхдүүд ч аз жаргалтай байна. Гэр бүл ажиллаж хөдөлмөрлөж орлоготой амьжиргаатай байвал, улс орон мөн тийм л байна. Биедээ ахадсан ачаа үүрээд ил харагдахгүй ч цаанаа итгэл алдан шантарч буй эмэгтэйчүүд, өрх толгойлсон ээжүүд, энхрий үрсийнхээ төлөө амлах бус ажиллаж, ажлынхаа үр дүнг үзэхийн төлөө БИД ХАМТДАА ЗҮТГЭЕ.
Анхаарал хандуулсанд баярлалаа.