АН-ын бүлэг үндсэн хуульд өөрчлөлт хийх нь зөв хэмээн санал нэгджээ
АН-ын Бүлгийн дарга М.Гарамгайбаатар
2015.11.03

АН-ын бүлэг үндсэн хуульд өөрчлөлт хийх нь зөв хэмээн санал нэгджээ

АН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайдын мэдээллийг сонссоноос гадна 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлдэх асуудлыг хэлэлцсэн байна.

Улсын төсвийн төслийг дагалдан орж ирсэн орон нутгийн өмчийн асуудлыг өнөөдрийн хуралдаанаар мөн хэлэлцлээ. Энэ асуудалд гишүүд нэлээд болгоомжтой хандаж байгаа. Орон нутгийн төрийн өмчийг төвлөрүүлэн татах нь зөв үү, буруу юу гэдэг дээр гишүүд санал нэгдэж чадахгүй байгаа ажээ.

Бүлгийн дарга М.Гарамгайбаатар "Үндсэн хуульд өөрчлөлт хийх эсэх асуудлаар гишүүд мөн байр сууриа илэрхийлэв. Тус хуульд өөрчлөлт хийх нь зөв гэдэг дээр Ардчилсан намын бүлгийн гишүүд санал нэгдлээ. Одоогийн байдлаар гарын үсэг зурах ажил хийгдэж байгааг Ажлын хэсэг мэдээлсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд 57 гишүүний гарын үсэг шаардлагатай.

Ардын намын зүгээс аман дээрээ Үндсэн хуульд өөрчлөлт хийхэд бэлэн байна гэх боловч ам, ажил нь зөрөөд байгаа. Тус нам өнгөрсөн долоо хоногт томоохон арга хэмжээнүүд зохион байгуулсан. Энэ үеэр намын дарга М.Энхболд нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байсан ч одоогоор нэг ч гишүүн гарын үсэг зураагүй байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдье" гэлээ.