Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагаахгүйн төлөө Ардчилсан намын бүлэг ажиллана
УИХ дахь АН-ын бүлэг
2015.10.13

Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагаахгүйн төлөө Ардчилсан намын бүлэг ажиллана

УИХ дахь АН-ын бүлэг өчигдрийн ээлжит хуралдаанаараа дараахь асуудлуудыг хэлэлцлээ. Уламжлал ёсоор хуралдааны эхэнд УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонсчээ.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, мөн Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар мэдээлэл хийсэн байна.

Ардчилсан намын бүлэг эдгээр хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.

Түүнчлэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг УИХ-ын  гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа, Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар Ц.Оюунгэрэл гишүүний мэдээллийг сонслоо хэмээн бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдэгдлээ.

Бүлгийн удирдлагууд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хуульзүйн байнгын хорооны даргын асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн үү?

Б.Гарамгайбаатар: -Хуульзүйн байнгын хорооны асуудлаар бүлгээс гаргасан шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Ш.Түвдэндорж гишүүн байнгын хорооны даргаас нэрээ татаж авсан.

-Г.Уянга, Л.Цог нарын 14 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг зураад байгаа юм билээ. Энэ асуудлаар бүлгийн байр суурь ямар байгаа вэ?

Б.Гарамгайбаатар: -Бүлгийн байр суурь тодорхой. Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагаахгүй байхын төлөө Ардчилсан намын бүлэг ажиллана.

-Өршөөлийн хуулийг бүлэг бүхлээр нь дэмжсэн гэж ойлгож болох уу?

Б.Гарамгайбаатар: -Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг АН бүлэг хүлээгээд авчихсан байгаа. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хариулна.

Д.Ганбат: -Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан байгаа. Хуулийн дагуу Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулж орж ирэх ёстой.  Хууль зүйн байнгын хороо хуралдаад, Оюунбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Гэхдээ ажлын хэсгийн санал тус байнгын хорооны хурлаар унасан. Дараа нь хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хориг тавьсан 11 зүйл, заалтаар санал хураалгасан.

Хоригийн талаар С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Ш.Түвдэндорж нарын гишүүд санал гаргасан.  11 зүйл, заалтаас зургаа нь дэмжигдсэн. АН өршөөх,  авлигатай тэмцэх асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Авлига авахыг өршөөхгүй. Дэмжигдээгүй зургаан зүйл, заалт дээр Хууль зүйн байнгын хороо болон чуулган ажиллаад явна. Энэ асуудлыг чуулган дээр шийдэх нь зөв гэсэн бүлгийн шийдвэр гарсан. 

Б.Гарамгайбаатар: -Нэмж хэлэхэд, Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг бүрэн дүүрэн дэмжиж, хүлээж авсан. Авлигачдыг хаацайлсан ямар нэг хууль Ардчилсан намын бүлэг гаргахгүй гэдгээ тодорхой мэдээлсэн. Хоёрдугаарт, одоо байнгын хороогоор Өршөөл үзүүлэх тухай хууль хэлэлцэхгүй, шууд УИХ-ын чуулганы хуралдаанаар орж үлдсэн зургаан асуудал дээр санал хураалт явуулна. Тухайн санал хураалтад гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр дэмжих, эсэхээ шийднэ гэсэн шийдвэр гарсан.

-Засгийн газрын зүгээс зарим агентлагийг нэгтгэх, татан буулгах асуудлыг оруулж ирж байгаа. Үүн дээр Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

Б.Гарамгайбаатар: -Би өмнөх бүлгийн хэвлэлийн хурал дээр тодорхой хэлсэн. Засгийн газраас өргөн барьсан 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөөллийг Ардчилсан намын бүлэг бүрэн дэмжиж байгаа. Засгийн газрын өргөн барьсан хуулийн нэгдүгээр хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт дууссан. Одоо хоёр дахь хэлэлцүүлэг явна. Мөн ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчлан ажиллах учраас явцын дунд энэ асуудал хэзээ, хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхой болох байх.