Дарга нарын цалинг 30 хувь бууруулахыг дэмжлээ
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар
2015.10.02

Дарга нарын цалинг 30 хувь бууруулахыг дэмжлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ удаагийн хуралдаанаар таван асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, УИХ-ын даргын мэдээлэл, хоёрдугаарт, Ерөнхий сайдын мэдээлэл, гуравдугаарт, Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай асуудал, дөрөвдүгээрт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн Хуулийн Цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх эсэх асуудал, тавдугаарт, 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсөв, мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонсч, бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлэв.

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлэхдээ УИХ-ын даргын мэдээлэл болон Ерөнхий сайдын мэдээлэл төсөв, мөнгөний бодлоготой холбоотой байсан. Хамгийн гол асуудал бол Монголбанкнаас оруулж ирж буй мөнгөний бодлого болон Сангийн яамнаас оруулж ирж буй төсөв юм. 2016 оны төсвөөр санхүүгийн реформ хийх санаачилгыг АН-ын бүлэг сайшаан дэмжиж байгаа. Реформыг яаралтай хийх хэрэгтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн.

Засгийн газрын гишүүнийг огцруулах тухайд УИХ-ын тухай хуулиар холбогдох зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан тул уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцсэний дараа бүлгээр хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Бүлгийн хурал дээр Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын мэдээллийг хамт сонссоны учир батлагдах төсвийг мөнгөний бодлоготой уялдуулахад чиглэсэн. Засгийн газраас өргөн барихаар бэлтгэж байгаа төслийг дэмжинэ. Засгийн газар өөрөө бодлогоо хэрэгжүүлэх учраас өмнө нь төсвийн хэт өөрчлөлтийг гаргуулахгүй байхад анхаарч байна.  

Төсвийн алдагдлыг бууруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Ингэснээр бодлогын хүү буурч, улмаар зээлийн хүү бууран, хувийн хэвшилд дэмжлэг үзүүлнэ. Мөн төрийн данхайсан бүтцээс татгалзах,  ялангуяа яамдыг дэд сайдгүй болгох асуудал оруулж ирснийг манай бүлгийн гишүүд дэмжиж байгаа. Мөн цалинг хасахдаа хавтгайруулж болохгүй, ялангуяа, багш, эмч, хэв журмын цагдаа нарын цалинг огт хасч болохгүй гэдэг дээр бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн байгаа.

Төсвийн реформын хүрээнд төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага руу шилжүүлэх, төрийн албан хаагчийн орон тоог биш төрийн ажил үйлчилгээг нь санхүүжүүлэх чиглэл рүү ажиллахаар гишүүд саналаа хэлсэн.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Хэмнэлтийн хүрээнд хичнээн яам, агентлагыг татан буулгах вэ, мөн хэдэн төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх тооцоо байгаа вэ?

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: 

-Өнөөдрийн байдлаар албан ёсоор өргөн бариагүй байгаа учраас тодорхой тоо хэлэх боломжгүй байна. Засгийн газраас төсвийг өргөн барьсны дараа тодорхой болох байх. Ирэх оны долоодугаар сараас эхлээд яамдын бүтцийн өөрчилье, цөөлье гэж ярьж байна. Үүнтэй уялдуулаад хэрэгжүүлэгч болон бодлогын агентлагуудын тоонд өөрчлөлт орно. Мөн яамдыг дэд сайдгүй болгох асуудлыг оруулж ирээд бүлгийн гишүүд бүрэн дэмжлээ.

-Дэд сайд нарыг томилох юмуу, эсвэл түр болон бүр томилохгүй юм уу?

-Засгийн газраас оруулж ирэх гэж байгаа төсвийн төсөлд дэд сайдгүйгээр ажиллахаар оруулж ирсэн байгаа гэж ойлгож байгаа.

-Төсвийн реформд ямар чухал шинэчлэлтүүд байгаа вэ. Сонгуулийн дараа ч гэсэн өөрчлөгдөхгүйгээр мөрдөгдөөд явах уу?

-2016 оны төсвийг оруулж ирэхдээ  энэ бүх асуудлаа шингээж байна гэсэн үг. Энэ нь сонгуулийн дараа хийх ажил биш. Би дээр хэлсэн үйл ажиллагаанд зориулж санхүүжилт олгодог больё гэж байгаа юм.