АН-ын бүлэг Ерөнхий сайдын өргөн барьсан, шинэ сайдуудыг дэмжинэ
АН-ын өнөөдрийн бүлгийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцсэн талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээллээ.
Бүлгийн хуралдаанаар Өршөөлийн хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцжээ. АН-ын бүлгийн гишүүд хоригийг нухацтай авч хэлэлцээд, хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх явцад хуульд өөрчлөлт орох бол тухайн үед бүлгийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтжээ.
Өршөөлийн хуулийг хэрэгжүүлснээр 2000-3000 хүн суллагдана гэж мэдээлж байсан. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авбал энэ тоо өөрчлөгдөх үү гэсэн асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Ганбат хариулсан. Тэрээр “Маргааш Хууль зүйн байнгын хороо хуралдана. АН-ын бүлэг хоригийг хүлээж авна гэдгээ мэдэгдлээ. Хоригийг хүлээн авсны дараа Дэгийн тухай хуулийн дагуу хуульд өөрчлөлт оруулна” гэсэн юм.
Ийнхүү Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар 160 орчим хүний асуудлыг дахин хэлэлцэх шаардлага үүсч байна.
МАН-ын бүлэг мөн өнөөдөр хуралдсан. Дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн С.Бямбацогт ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахдаа Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэсэн юм.
Харин АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “УИХ-ын дарга гадаадад томилолттой яваа учир УИХ-ын дэд дарга ээлжит бус чуулганыг нээлээ. УИХ-ын дарга З.Энхболд томилолтоор явахаасаа өмнө албан ёсны шийдвэрээ гарган, дэд даргад чуулган удирдах эрхийг нь олгосон. Иймд Үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй” гэсэн юм.
АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдын өргөн барьсан, Засгийн газрын шинэ гишүүдийн нэрстэй танилцжээ. Бүлгийн зүгээс тэднийг дэмжих эсэх нь тодорхойгүй байсан. Энэ талаар Б.Гарамгайбаатар дарга
“Өмнөх ээлжит бус чуулганаар АН-ын бүлгээс Ерөнхий сайдад өөрийн бүрэн эрхийн дагуу шинэ сайд нараа томилох эрхийг олгосон. Өөрөөр хэлбэл АН-ын бүлэг Ерөнхий сайдыг дэмжих шийдвэр гаргасан” гэв.
Одоогоор дэд сайд нарын нэрс тодроогүй байна. Тэднийг салбарын сайд нарыг томилсны дараа шийдвэрлэх аж. Энэ бол Засгийн газрын шийдвэрлэх асуудал гэсэн юм.