Доороо гүйдлээ, дээрээ суудлаа олдоггүй АН
Өчигдөр АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо мэдэгдэл гаргаж.
Уг мэдэгдэлд, Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж, МАН-тай хамтарч Шийдлийн Засгийн газар байгуулсан нь анхнаасаа буруу шийдвэр байсныг дурьдаад, өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт өгөхийг намынхаа удирдлагуудаас шаардсан тухай дурьдсан байна.
Түүнчлэн тэд УИХ-д хамгийн олон суудал авсан АН-ын улс төрийн шийдвэр нь нийгэм, улс орны хөгжил дэвшилд шууд хамаатай учир аливаа эрсдэл, хүндрэл бэрхшээлийг тооцож үзэх ёстой гэж үзэж байгаа бололтой.
Мөн АН-ын дарга фракцгүй болсноо 25 жилийнхээ ойгоор зарласан. Гэтэл сүүлийн үед сайд нарын томилгоонд фракцуудын зарчим үйлчилж байгаа нь АН ялагдах үндэс болж буйг уг мэдэгдэлдээ “дахин” сануулжээ. “Дахин” гэхийг тодотгохын учир нь өнгөрсөн хавар тохиосон АН-ын 25 жилийн ойн баярын хурал дээр намын хэсэг залуучууд уриа, лоозон барь намын шинэчлэлийг шаардаж залууст бариа тавьж өгөх хэрэгтэй хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн.
Үнэхээр өнгөрсөн дөрвөн жилийг дүгнээд харвал АН-ын нэр хүнд тоос шороондоо хутгалдсан нь намын одоогийн удирдлагуудын хийсэн ажлын үр дүн гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа.
Гэтэл одоо залуучууд нь хүртэл өөрсдийнх нь эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа зэргийг нь харвал АН үнэхээр хагарал бутрал ихтэй байгаа бололтой.
Магадгүй тэд МАН-аас суралцах хэрэгтэй болов уу. Энэ бол нэгийг нь муулаад, нөгөөг нь магтаж буй зүйл ер биш. 80 гаруй жилийн түүхтэй МАН уламжлалт, шинэчлэлт хоёрыг хослуулж чаддаг улстөрийн хүчин. Харин уламжлал гэх зүйлгүй АН-ынханд ардчиллын алтан хараацайнуудаас өөр хүнгүй мэт бүх сонгууль, компанит ажилд нөгөө хэд нь зүтгэж байгаа. МУ-ын ерөнхийлөгч, Хотын дарга зэрэг нь одоогийн АН-ын нэр сүрийг өөрийн царайгаараа талхалж сууна.
Өнгөрсөн25 жилийн хугацаанд АН-ын монгол улсад оруулсан хувь нэмрийг үнэлээд үзвэл мэдээж их зүйл байгаа ч саар нь хамаагүй олон. Засаг барих болгондоо олон том асуудалд ордог нь албан тушаал, эрх мэдэлд дуртай суудлаа тавьж өгөх дургүй нөхдүүдтэй холбоотой ч юм бил үү. Үнэхээр цаг үеэ мэдрээд залуу шинэ залуустаа итгэл хүлээлгээд, араас нь хэлж, зөвлөөд суух нь хамаагүй ухаалаг хэрэг байлтай. Ямартай ч ирэх сонгуулийн сунгаа хаяанд тулчихсан үед АН-ын гаргаж буй шийдвэр бүртээ маш хариуцлагатай хандах нь зүйн хэрэг.