Баруун бүсийн таван аймгийн төлөөлөгчид чуулав
АН-ын “Монгол хүн 2020” хөтөлбөр амжилттай үргэлжилж байна. Анх 2012 онд Монгол орны 21 аймагт хэрэгжсэн тус хөтөлбөр энэ удаа “Монгол хүн 2020- Өнөөдөр, Маргааш...” сэдэвтэйгээр Увс аймгаас эхэллээ.
Увс нуурын хөвөөнд болсон уг чуулга уулзалтад баруун таван аймгийн 500 гаруй төлөөлөл оролцон улс орны өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж, санаа бодлоо солилцов.
Уг чуулга уулзалтаар "Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, ололт амжилтыг нь дүгнэх, алдаа оноог дэнслэх, амжилтыг нь улам бататган, дутуу байгаа зүйлийг хэрхэн гүйцээх тухай хэлэлцүүлэг өрнүүлжээ.
УИХ-ын С.Одонтуяа чуулганы үеэр “Би Чингис бондын санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулж буй үйлдвэрүүдээр явж үзсэн. Өмнө нь дотоодын үйлдвэрүүд ийм хэмжээний зээлийг бага хүүтэй авч байгаагүй юм байна. Тийм түүх байхгүй. Монгол хүн өөрөө ажилтай, орлоготой байх нөхцлийг бүрдүүлж чадна” гэлээ.
Мөн хуралдаанд оролцогч Д.Мөнхжаргал “Баруун бүсийн таван аймгаас дөрвөн нь хүнсний битүү зах байгуулсан. Зарим аймагт нь хоёр зах үйл ажиллагаагаа явуулж байна. Зах дээр борлуулж буй бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтэд маш сайн хяналт тавьдаг болсон. Ингэснээр баруун таван аймагт хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр томоохон ахиц гарсан гэж болно" гэлээ.
“Монгол хүн 2020-Өнөөдөр, Маргааш... “ Баруун бүсийн чуулганы хүрээнд доорх таван сэдвээр хэлэлцсэн байна.
Нэгдүгээрт, Ажилтай орлоготой Монгол хүн- Өнөөдөр, Маргааш...,
Хоёрдугаарт, Эрдэм боловсролтой Монгол хүн-Өнөөдөр, Маргааш...,
Гуравдугаарт, Эрүүл чийрэг Монгол хүн –Өнөөдөр, Маргааш...,
Дөрөвдүгээрт, Аюулгүй орчинтой Монгол хүн-
Тавдугаарт, Өнөөдөр, Маргааш..., Эрх чөлөөтэй Монгол хүн – Өнөөдөр, Маргааш
Хуралдаанд оролцогчид Монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, Монгол Улсыг хөгжүүлэх чиглэлээр өөрсдийн боловсруулсан санал санаачилгаа танилцууллаа.
Энэ үеэр Увс аймгийн Тэс, Тариалан сумын АН-ын Ардчилсан хувьсгал үүсч, хөгжсөний 25 жилийн ойд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Эрх чөлөөний одонгоор шагнав.
“Монгол хүн 2020 –Өнөөдөр, Маргааш... “ сэдэвт чуулга уулзалт 21 аймагт үргэлжилнэ. Зүүн бүсийн чуулга уулзалт энэ сарын 26-ны өдөр, Хэнтий аймгийн Аварга тосонд болох юм.