Бидэнд уул уурхайгаас хараат бишээр хөгжих өргөн боломж байна
УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ярилцлаа.
-Ардчилсан нам 2012 оны улс төрийн сонгуулиар төрийн бүх шатанд олонх болж засаг барьсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд тус намаас хийж хэрэгжүүлсэн ажлын алдаа оноо болоод үр дүнгийн талаар Та юу хэлэх вэ?
-“Монгол Хүн 2020” хөтөлбөрийн хүрээнд өнгөрч буй гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар өнөөдөр бид бүхэн ярилцаж, алдаа оноогоо хэлэлцэн шүүж байна. Мэдээж хэрэг хийсэн, бүтээсэн амжилттай хэрэгжсэн ажлууд маш их байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, тэр дундаа орон нутгийн хөрөнгийг шийдвэрлэх , төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд тухайн сум орон нутагт яг ямар, хөтөлбөр хэрэгжүүлбэл үр дүнд хүрэх вэ гэдгийг сайн мэддэг улсууд нь хөрөнгөө өөрсдөө мэдэж зарцуулдаг болсон “Сум хөгжүүлэх сан”-гийн ажил маш их үр дүнд хүрсэн байна.
Өнөөдөр л гэхэд миний зүгээс Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд очиж ажиллаад ирлээ. Арвайхээр сум Чингис бондын санхүүжилтээс 2.2 тэрбум төгрөгийн зээл аваад жилдээ 5 000 тонн ноос угаах хүчин чадалтай үйлдвэрийг барьж байгуулсан байна. Ноос угаах үйлдвэр маш сайн ажиллаж, олон ажлын байрыг бий болгосон нь талархалтай санагдлаа. Зөвхөн Өвөрхангай аймаг биш баруун аймгуудын ноосыг Өвөрхангай аймаг дээр хүлээж авч боловсруулдаг тийм үйлдвэр юм байна. Тэр үйлдвэрийг дагаад цаашид утас ээрэх үйлдвэр, даавууны үйлдвэр, мөн бэлэн хувцас оёх үйлдвэр баригдахаар төслүүд явж байна. Энэ нь монголын малчдын өдөр шөнөгүй зүтгэж байж бий болгосон тэр малын гаралтай түүхий эд, баялгийг зэх зээл дээрээс нь өндөр үнээр худалдаж аваад, авсан бүтээгдэхүүнээ дахин боловсруулж, сайн чанартай бараа бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын хэрэгцээнд экспортлох бололцоог бүрдүүлэхээр байна гэж харагдаж байна.
-“Монгол хүн 2020” хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн нэр бүхий төслүүдийн үр дүнд хөдөө орон нутаг, тэр дундаа сумдад жижиг дунд үйлдвэрүүд, аймгуудыг холбосон зам харилцаа амжилттай хөгжиж байгаа талаар чуулганд оролцогчид онцолж байна?
-Сумуудаар яваад ажиллаж байхад хөдөө орон нутагт маш олон үйлдвэрлэгчид бий болсон байна. Улмаар тэдний зүгээс өөрсдийнхөө зах зээлийг мэдэрч, өөрсдийнхөө боломжтой зах зээл дээр тохирсон, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн өрсөлдөж байгаа нь амжилтад хүргэж байна гэж бодож байна.
Том хөрөнгө оруулалтуудыг бол бид бүхэн мэдэж байгаа. Тухайлбал, аймгуудыг холбосон авто замын асуудал шийдэгдсэн. Энгийн жишээ хэлэхэд Хөвсгөл аймаг хатуу хучилттай замаар бүрэн холбогдсоноор энэ жилийн наадмаар аялал жуулчлал хэрхэн хөгжиж болох вэ гэдгийг харууллаа. Барьсан зам дээрээ багтахгүй шахам гадна, дотны жуулчид Хөвсгөлийг зорьж байсан. Урд нь бол Хөвсгөл аймаг, Хөвсгөл далай байж л байсан. Гэхдээ энэ жилийнх шиг ачаалал бол байгаагүй.
Хөрөнгө оруулалтын тухайд бидний зүгээс шууд үр өгөөж өгөх хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа. Энэ хүрээнд жижиг дунд үйлдвэрүүдийг олноор нь байгуулах, ингэснээрээ ажлын байруудыг бий болгож байна. Нөгөө талаараа шууд биш утгаараа хөрөнгө оруулалтуудыг татаж, үйлдвэрлэлүүдэд дэмжлэг үзүүлдэг томоохон хүчин зүйл болох авто замын асуудлыг дэс дараатайгаар шийдээд явж байна.
Цаашдаа бид орон нутаг дахь нислэгүүдийн чиглэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Монголд ирж байгаа жуулчин монголоос үзье гэсэн бүх түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудыг богино хугацаанд агаарын тээврээр сайн үйлчилгээ авч, тэр хэмжээгээрээ их хэмжээний валютыг монголд үлдээгээд явах тэр бололцоо байгааг олж харж байгаа.
Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогыг бидний зүгээс явуулж чадаж байна. Саяхан гэхэд л үйлдвэрлэлийг дэмжих хуулийг их хурлаар баталлаа. Энэ хуулиар бид экспортыг дэмжсэн, импортыг орлож чадахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн үйлдвэрлэлүүдэд тухайн аж ахуйн нэгжийн авсан зээлийн хүүг хөнгөвчлөх , тодорхой хэмжээний хүүг нь төрөөс төлөлцөөд явах боломжийг нээж өглөө.
Нөгөө талаар чөлөөт худалдааг дэмжих чиглэлээр олон ажлуудыг хийж эхэллээ. Тухайлбал, хилийн бүсүүд болон нутгийн гүнд эдийн засгийн чөлөөт бүсүүдийг бий болгож, тэндээс гарч байгаа бүтээгдэхүүнүүдийг татвараас чөлөөлөх, хөнгөлөх, тэнд орж ирж буй хөрөнгө оруулалтуудыг мөн татвараас хөнгөлөх бодлого явуулах боломж нээгдэж байгаа юм. Ингэснээрээ чиглэсэн үйлдвэрүүдийг бий болгож эхэлнэ. Тухайлбал, Оросын хил дээр гадны болон дотоодын хөрөнгө оруулагчид үйлдвэр байгуулаад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Орос, Европын зах зээл рүү нийлүүлэх өргөн боломжууд нээгдэж байгаа юм.
Чөлөөт бүс гэхээр заавал хил дээр байх ёстой мэтээр ойлгодог байсан үе бий. Бидний зүгээс тэгвэл нутгийн гүнд чөлөөт бүсүүдийг байгуулах бололцоог нээсэн гэж үзэж болно. Чөлөөт бүс гэдэг нь өөрөө эдийн засаг, үйлдвэрлэлийг дэмжсэн сайн бодлого байдаг. Ерөнхийдөө бидний зүгээс хууль тогтоомжуудыг сайжруулах чиглэлээр цогц ажлуудыг хийлээ. Гадаадын хөрөнгө оруулалт нэг хэсэг зогсонги байдалтай байсан бол гадаадын хөрөнгө оруулалтыг монгол руу татсан улс төрийн болон эдийн засгийн тогтвортой бодлогуудыг хангах чиглэлээр нэлээдгүй ажлуудыг хийсэн байна. Энэ бүгдийн үр шим нь хууль баталсны маргаашаас нь эхлээд гарахгүй. Үр дүнгийн тухайд үлдэж байгаа 2016 оны сонгуулийн хугацаа, үүний дараа дараагийн жилүүдэд буюу урт хугацаанд үр өгөөжээ өгөөд явах байх гэдэг дээр итгэлтэй байна. Энэ мэтээр хийсэн ажлуудын маань үр дүн сайн гарах байх гэж бодож байгаа. Гэхдээ үргэлжлүүлэн хийх ажлууд маш их байна. Хатуу хучилттай замуудаар үлдэж буй аймгуудаа холбож дуусгах, зайлшгүй шаардлагатай сумын төвүүдэд “Шинэ сум” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэх мэт.
Ер нь бол зөвхөн уул уурхай дээр суурилсан бус цаашид бүгдээрээ үйлдвэрлэгч болж баялаг бүтээдэг, тэр дундаа мал ахуй, газар тариалангийн чиглэлд бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэх чиглэлд бодлого боловсруулан ажиллах хэрэгтэй байгааг олж харж байна. Тухайлбал, миний зүгээс их хурлын зарим гишүүдтэй хамтраад шинээр “Сүү” нэртэй төслийг боловсруулаад явж байна. Энэ нь орон нутагт малчдын бий болгож байгаа сүүг орон нутагт нь эцсийн бүтээгдэхүүн болгоод удаан хугацаанд, хол тээвэрлэж болдог, өртөг шингэсэн, олон мянган хүмүүсийг ажлын байраар хангасан үйлдвэрүүдийг олноор нь барьж байгуулах хөтөлбөр юм. Ер нь бидэнд уул уурхайгаас хараат бишээр хөгжих өргөн боломж байна. Гэхдээ уул уурхайгаас орж ирж байгаа орлогоо нэмүү орлого байлгая гэж тооцоолох хэрэгтэй. Тухайлбал, шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг нутагшуулах, томоохон үйлдвэрүүдийг шинээр барих, оюуны болон эрүүл мэндийн салбар луу хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх ёстой болов уу хэмээн бодож байна даа.
-Хууль санаачлагчийн тань зүгээс нэг асуулт тавья. Есөн сарын нэгнээс Таны санаачилсан Замын хөдөлгөөний дүрмийн тухай шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Статистик мэдээнээс уг хууль хэрэгжээд долоо хоноход замын хөдөлгөөний зөрчлийн улмаас гардаг осол, эндэгдэл 70 хувиар буурсан гэсэн үзүүлэлтийг харж болохоор байна. Таны тухайд сая Өвөрхангай аймагт ажиллаад ирсэн гэлээ. Нутгийн иргэд уг хуулийн талаар юу гэж ярьж байна?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж их хурлаар батлуулаад, хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна. Уг хуулийн шинэчилсэн найруулга нь анх удаагаа хийгдэж байгаа гэдгээрээ онцлог. Хууль батлагдсанаасаа хойш таван удаа өөрчлөлт орж байсан. Үнэхээр энэ хуулийг сайжруулах, улс орны хэмжээнд явагдаж буй хөгжилтэй холбогдуулж хуулийн найруулгыг шинэчлэх зайлшгүй шаардлага гарч ирсэн. Учир нь одоогоос арав дахин цөөхөн автомашинтай байхад, түүнээс ч олон дахин цөөн жолоочтой байхад уг хуулийг баталж байсан. Хуулийн өөрийнх нь хуучин онцлог гэвэл дүрмээр зохицуулах зохицуулалтуудыг хуульд тусгаж өгсөн, үүнийгээ дагаад дүрэм нь тийм ч тодорхой биш, хүмүүстэй хариуцлага тооцох хийгээд урамшууллын механизмууд нь ойлгомжтой биш байсан л даа. Тухайлбал, нэг хүн өдөрт нэг зөрчлийг хэдэн удаа гаргасныг бүртгэдэг механизм байхгүй, зөрчил огт гаргахгүй байсныхаа төлөө жолооч эдийн засгийн болон ямар нэгэн урамшуулал авдаггүй ийм хууль байсан. Тэгэхээр энэ мэт алдаа дутагдлыг нь засаж сайжруулаад орчин цагт нь тохируулсан шинэ хууль болгосон.
-Иргэдийн зүгээс уг хуулийг нэлээдгүй чанга хууль боллоо хэмээн ярьж байгаа. Гэхдээ ихэнх нь талархан хүлээж авч байна?
-Ер нь бол нэг хэсэг хүмүүс хатуу хууль гарлаа хэмээн шүүмжилж байсан бол одоо харин тийм яриа сүүлийн үед гарахаа больсон байна. Харин ч зөв байсан байна, өшөө ч чангаруулах хэрэгтэй байсан болов уу гэж ярьж байгаа. Хууль бол гол нь торгож, арга хэмжээ авахаасаа илүүтэй хүмүүст зөв ойлголт өгсөн, иргэдийн эрүүл орчинд ажиллаж амьдрах баталгааг нь хангасан байх ёстой гэдэг үүднээсээ боловсруулагдсан.
Хууль боловсруулахдаа манайхтай ижил төстэй хөгжилтэй, замын хөдөлгөөнтэй зургаан орны хуулиас олон сайн заалтуудыг авч хийсэн учраас шинэ хуульд боломжийн заалтууд их орсон гэж ойлгож болно. Ард иргэд ч сайн хүлээж авч, сайн хэрэгжүүлж байгаад нь хууль санаачлагчийн зүгээс талархан харж байна.
Хамгийн энгийн жишээ хэлэхэд, Улаанбаатар хотод болон хөдөө замд даруулгаа хийлгүй явж байгаа жолооч, зорчигч огт байхгүй болсон. Үүний зэрэгцээ улаан цайм дүрэм зөрчиж, эсрэг урсгалаар зорчдог үзэгдэл цөөрсөн байна. Статистик үзүүлэлтэд тулгуурлаад замын хөдөлгөөнд оролцох явцад гардаг байсан осол зөрчлийн тоо 50 орчим хувиар буурчээ гэсэн дүгнэлтийг албаны байгууллагууд гаргасан. Үүнийг цаашид буурах бололцоотой, буурах ч ёстой гэж үзэж байгаа.
Хуучин хуулийн зохицуулалтаар тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч, явган зорчигч, түүнийг зохицуулах үйл ажиллагаа явуулж байгаа замын цагдаа гурвын хоорондын үйл ажиллагаагаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ёстой хэмээн үзэж байсан бол шинэ хуулиар тийм биш. Шинэ хуулиар хөдөлгөөнд ямар нэгэн байдлаар оролцож байгаа бүх байгууллага хариуцлага үүрнэ. Жишээ өгүүлэхэд, авто машины оношилгоо гэж бий. Бид бүхэн сайн мэднэ. Харин оношилгоог хийхдээ гурван минут тутамд нэг тээврийн хэрэгслийг оношилж байна гэсэн судалгаа гарсан байна билээ. Яаж ч бодсон гурван минутад нэг машин бүрэн оношлогдоод гарахгүй. Тэгэхээр одоо бол оношилгоонд ороод гарч ирсэн машин баталгаат хугацаандаа тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас болж ямар нэгэн осол зөрчил гаргах аваас оношилгоог хийсэн байгууллага хариуцлага хүлээхээр хуульд зүйлчилж өгсөн.
Мөн үүний зэрэгцээ замын арчилгаа, эвдрэл гэмтлээс болоод осол зөрчил гарвал замын байгууллага хариуцлага хүлээнэ. Халтиргаа гулгаатай цагт замаа арчилж, элс, давс цацаагүйн улмаас гарсан осол зөрчлийн хариуцлагыг тухайн байгууллага, хувь хүн хүлээнэ. Замын гэрэлтүүлэг муу байснаас болж явган зорчигч зам дээр харагдахгүй байсан ч юм уу, эсхүл гэрэл дохио ажиллагаагүйн улмаас гарсан осол зөрчлүүдийг тухайн ажлыг хариуцсан байгууллага хариуцлага хүлэхээр хуульд тусгаж өгснөөрөө онцлог юм.
Түүнчлэн жолооны сургууль, курсууд л гэхэд өөрийнхөө бэлтгэсэн жолооч нар ямар хэмжээний зөрчил гаргасан бэ гэдгээр нь тэр байгууллагын оноо хөдөлж байх учиртай. Энэ бүх арга замууд бол зөвхөн бид монголд анх удаагаа санаачлаад хийсэн зүйл биш, бусад өөр олон оронд нэвтрээд амжилттай хэрэгжсэн сайн туршлагууд юм. Мэдээж хэрэг хууль хэрэгжүүлэх явцад илүү сайжруулах, магадгүй засаж залруулах зүйлүүд байгаа байх. Гэхдээ хууль маш амжилттай хэрэгжиж байна гэж ойлгож байгаа. 10 хүртэлх настай хүүхдийг сургуульд явахад нь заавал харгалзах хүнтэйгээр замын хөдөлгөөнд оролцуул гэдэг хуулийн заалт дээр иргэд их эмзэглэж байсан. Жилдээ 50 орчим хүүхэд замын хөдөлгөөний осол зөрчлөөс амиа алддаг. Хүүхдийн аминаас илүү үнэтэй цаг хугацаа гэж байхгүй. Тиймээс энэ бүгдийг иргэд маань маш сайн ойлгож байгаа гэж бодож байна.