Ардчилсан хүчний холбооныхон чуулав
2015.09.12

Ардчилсан хүчний холбооныхон чуулав

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө ямар их үнэ цэнээр олдсоныг монголчууд мартаагүй.

Мартах ч үгүй биз. 1990 оны тэртээх өдрүүдэд олж авсан эрх чөлөөгөө бид өнөөдөр ч хайрлаж, хамгаалах нь бидний үүрэг. Энэ хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг үүрэлцэж яваа хүчин бол Ардчилсан хүчний холбоо төрийн бус байгууллага юм. Тус холбоо нь нийгмийн гарал, нийгэмд эзэлж буй байр суурь, намын харьяалал үл харгалзан Ардчиллын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүрийг нэгтгэдгээрээ онцлогтой. Бас давуу талтай юм. Тиймээс ч АХХ-нд гишүүнээр элсэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.

Саяхан Зүүн бүсийн чуулганаа Хэнтий аймгийн Дадал сум Их Эзэн Чингисийн өлгий нутагт хийгээд ирсэн Ардчилсан хүчнийхэн Төвийн бүсийн чуулганаа Булган аймагт хийгээд ирлээ. Анхдагчдийн өлгий Булган аймагт болсон тус чуулганд найман аймгийн 1000 гаруй хүн оролцож, “Ардчиллын ололт амжилт, алдаа оноо”, “Хувьцаа болон ноогдол ашиг гэж юу болох”, “Сумдын нислэгийг сэргээх төсөл”, “Эрүүл мэндийн даатгалын хууль”, “Хамтын тэтгэврийн хууль”, “Сошиал медиа орчинд хууль хэрэгтэй юу” зэрэг олны анхаарлын төвд байгаа олон сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Эдгээр сэдэв олны анхаарлын төвд байгаад зогсохгүй өнөөдрийн Монголын нийгэмд тулгамдаж буй асуудал билээ. Тиймээс чуулганд оролцогчид идэвхтэй оролцож, санал бодлоо харамгүй солилцсон юм.

Сумдын нислэг сэргээх төслийн хувьд алслагдсан аймаг, сумдын тээвэр, шуудан харилцааг хөгжүүлэх, түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай болгох өндөр ач холбогдолтой. Ялангуяа яаралтай мэс засал хийх шаардлагатай болон хүнд гэмтэл авсан, хол замд тээвэрлэж болохгүй өвчтөнд эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх тал дээр “Сумдын нислэг сэргээх төсөл” үнэлж баршгүй ач холбогдолтой юм. Мөн төсөл санаачлагчид ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх санал боловсруулсан нь иргэдийн талархлыг хүлээж байв.

Энэ талаар онцлон дурдаж байгаа нь АХХ-ны Төвийн бүсийн чуулганд Архангай, Булган, Орхон, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Өвөрхангай гэсэн найман аймаг 50-150 хүнтэй төлөөлөгчдийн багаа илгээсэн юм. Эдгээр аймагт алслагдмал аймгуудыг бодвол зам харилцаа харьцангуй сайн хөгжсөн ч шуудан харилцаа, эмнэлгийн яаралтай тусламж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүнд өвчтөнүүдийг хол замд тээвэрлэхэд маш их хүндрэл бэрхшээлтэй учирдгаа ярьж байв. Тиймээс АХХ-нд харьяалалтай УИХ, Засгийн газрын гишүүдэд хандаж “Сумдын нислэг сэргээх төсөл”-ийг дэмжиж, амьдралд хэрэгжүүлж өгөхийг хүсч байв. Ингэснээр орон нутагт тулгамдаад байгаа бас нэгэн том асуудал болох төв рүү шилжих хөдөлгөөнийг бууруулах ач холбогдолтойг ч онцолж байлаа.

АХХ-ны гүйцэтгэх захирал Б.Батхуяг энэ төслийн талаар “Монгол Улсын хэмжээнд ашиглаж байсан 160 гаруй аэродром бий. Үүнийг сэргээж, орон нутгийн нислэгийг сэргээх төслийн талаар бид ярьж байгаа. Энэ ямар ач холбогдолтой вэ гэхээр шуудан харилцаа холбоо шуурхай болно. Мөн онцгой байдал, хүн эмнэлэг гээд нийгэм тулгамдаж буй олон асуудлыг шийднэ. Үүнээс гадна аялал жуулчлалын чиглэлээр тодорхой чиглэлүүдэд нислэг сэргээх талаар ярьж байгаа” гэсэн юм

Үүнээс гадна орон нутаг дахь АХХ-ны гишүүддээ зориулж хувьцаа болон түүний ноогдол ашгийн талаар танилцуулга, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ нь иргэд Эрдэнэс-Тавантолгойн 1072 хувьцаагаа хэрхэн өөрийн болгохоос эхлээд Хөрөнгийн биржийн арилжаанд оролцож, хувьцаагаар яаж мөнгө олж болдог талаар мэдлэг олгосон үр дүнтэй сургалт болсон юм. Энэ талаар УИХ, Засгийн газрын гишүүн, АХХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ хэлэхдээ “Өнөөдөр бидний энд ярьсан, хэлсэн бүхэн бодитой ажил хэрэг болох боломжтой. Жишээлбэл, АХХ-ны Эрүүл мэндийн клубээс анх Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх, хууль эрх зүйн орчинг нь өөрчлөх санал санаачилга гарч байсан. Өнөөдөр энэ санал, санаачилга бодит ажил хэрэг болсон байна.

Мөн манай клубуудээс ноос ноолуурын салбарыг хөгжүүлэх чиглэлээр санал санаачилга гаргаж байсан. Тухайн үедээ энэ чиглэлийн хууль, тогтоолууд гарч байсныг та бүхэн санаж байгаа байх. АХХ бол ийм л нйигэмд идэвхтэй байр суурь баримталж ажилладаг холбоо. Өнөөдөр бид зүгээр ч нэг цуглаж суугаад дэмий ярьдаг хүмүүс биш ээ. Эндээс гарсан санал санаачилга хууль болж хэрэгжсэн нь 10 гаруйгаар тоологдоно. Өөрөөр хэлбэл, бид бодитой олон санаачилга гаргаж, түүнийгээ эцэст нь хүртэл хөгжүүлж чаддаг хүмүүс” гэсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн, АХХ-ны дэд ерөнхийлөгч С.Одонтуяа “Монгол Улс хөгжье гэвэл хүнээ хөгжүүлэх ёстой. Эхлээд хүнээ хөгжүүлж байж улс хөгжих ёстой. Тиймээс бид “Хүнээ хөгжүүлж, Монголоо шинэчилье” гэсэн уриаг дэвшүүлсэн юм. Орчин цагт дэлхийн улс орнуудын хөгжлийг хүнийх нь хөгжлөөр дүгнэдэг болсон” гэдгийг онцолж байв. АХХ-ны дараагийн зогсоол бол Завхан аймаг юм. Энд тус холбооны Баруун бүсийн чуулган болох учиртай.