АН-ын бүлэг УИХ-ын гишүүдийн цалинг хасаж болох юм гэв
Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, 2016 оны Мөнгөний бодлогыг голчлон хэлэлцсэн байна.
Бүлэг 2016 оны нэгдсэн төсвийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр нэг их засвар өөрчлөлт хийхгүйгээр батлах чиг барих гэнэ. Зардлыг танахын тулд дэд сайд нарыг цомхотгох, яам, агентлагийн зарим бүтцийг жижигрүүлэх. Ингэхдээ зарим агентлагийг татан буулгаж, зарим агентлагийг нэгтгэх.
Чиг үүргийг нь төрийн бус байгууллагад шилжүүлэх. Түүнчлэн 2016 оны наймдугаар сарын 1-нээс эхэлж Засгийн газар 9 яамтай үйл ажиллагаа явуулахаар төсвийн хуульд зохицуулалт хийсэн байна. Үүнийг бүлэг бүрэн дэмжжээ.
Мөн “2016 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэх шатанд цалинг хасахдаа хавтгайруулж болохгүй. Тэр дундаа энэ хасалтад эмч, багш, хэв журмын цагдаа нарыг хамруулж болохгүй. Төрийн захиргааны ажилтан, УИХ-ын гишүүдийн цалинг нэлээд хасч болох юм. Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлье гэж оруулж ирсэн саналыг дэмжсэн байна.