Мөст сумын хөгжил, бүтээн байгуулалт богино хугацаанд
Ховд аймгийн Мөст сум Улаанбаатар хотоос 1325 км, аймгийн төвөөс 190 км зайд оршдог 3000 гаруй хүн амтай. Саяхан л хөгжлөөрөө аймагтаа сүүл мушгих сумдын тоонд ордог байлаа. Харин өнөөдөр Мөст сумыг зорин очсон хэн ч энэ сум ямар богино хугацаанд хэрхэн өөрчдөгдөж чадсан бэ гэдгийг түвэггүйхэн ойлгохоор харагдана.
Өнгөрсөн зуны хувьд тус суманд их бүтээн байгуулалт өрнөсөн он байв. 100 хүүхдийн ортой дотуур байр, 100 хүүхдийн цэцэрлэг, хүн эмнэлгийн их засвар өргөтгөлийн барилга, сум доторх 1 км хатуу хучилттай авто зам, сумын иргэдийн амрах чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэнг өнгөрсөн амралтын өдрүүдэд албан ёсоор хүлээн авлаа.
/МҮОНТВ/
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч алслагдсан сумдын бүтээн байгуулалтын ажлыг орхигдуулалгүй хийж байгаа нь олзуурхууштай. Тус сумын сургуулийн сурагчдын өмнө ашиглаж байсан дотуур байр нь 40 гаруй жилийн насжилттай, цахилгааны ил монтажтай модон барилга байсан болохоор цахилгаан зуух ашиглах боломжгүй байсан бөгөөд дээд тал нь 60 сурагч авах хүчин чадалтай байсан тухай сургуулийн захирал М.Алтанбаяр ярив. Харин шинээр ашиглалтад орж буй дотуур байр нь 100 хүүхдийн ортой ч биднийг очих үед аль хэдийн 120 гаруй сурагч орсон байлаа. Дотуур байрны сурагчдын хамгийн хол нь сумын төвөөсөө 100 гаруй км-ийн зайд орших Хужирт багаас ирсэн байна.
"Яргуйхан” цэцэрлэг
Малчин Б.Мягмаржав “Хүүхдийн дотуур байр шинээр барьсанд малчин бид баяртай байна. Манай дөрвөн хүүхэд дотуур байранд амьдардаг. Өмнөх дотуур байр тав тух муутай учраас хүүхдүүд ихэвчлэн айлаар байдаг байлаа. Харин шинэ дотуур байртай болсноор хүүхдүүдээ өгчихөөд малчин бид санаа зовох зүйлгүй малаа маллаж байна. Дотуур байрны төсөв хөрөнгийг шийдвэрлэж өгсөн УИХ-ын гишүүд, аймаг, сумын удирдлагууд болон энэхүү дотуур байрыг богино хугацаанд барьж хүлээлгэн өгсөн нутгийн хүү А.Пүрэвдорж гуайд баярлалаа” гэв.
Сургуулийн дотуур байрыг “Хаш өргөө” компани барьж гүйцэтгэсэн бөгөөд хөрөнгө нь улсын төсөвт гүйцэд тавигдаагүй 350 сая төгрөг дутуу байгаа. Гэсэн хэдий ч нутгийн хүний сэтгэл гаргаж өөрийн хөрөнгөөр цаг хугацаанд нь ашиглалтад оруулж буй “Хаш өргөө” компанийн захирал А.Пүрэвдоржид талархсанаа илэрхийлье хэмээн УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт нээлтийн үеэр онцлон хэлсэн юм.
Шинэ цэцэрлэгт 130 гаруй хүүхэд хүмүүжиж байна
Шинэ цэцэрлэгт 130 гаруй хүүхэд хүмүүжиж байна
100 хүүхдийн ортой “Яргуйхан” цэцэрлэг аль хэдийн үйл ажиллагаа нь жигдэрч 130 гаруй хүүхдийг хүлээн авч эхэлжээ. Сумын хэмжээнд 320 гаруй цэцэрлэгийн насны хүүхэд байдаг бөгөөд цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдийн 60 гаруй хувийг малчдын хүүхэд эзэлж байгаа юм.
Тус цэцэрлэгийн барилгын ажил 2011 онд эхэлсэн хэдий ч улсын хэмжээний царцаагдсан барилгын жагсаалтад дөрвөн жил орчим зогсож байж энэ жилийн улсын төсөвт 700 гаруй сая төгрөгийг суулгаснаар ийнхүү ашиглалтад орж байгаа юм.
Цэцэрлэгийн эрхлэгч М.Амарзаяа, манай цэцэрлэг 1960 онд байгуулагдсан. Өнгөрсөн жилүүдэд зориулалтын бус байранд 2 бүлэгт 50 хүүхдийг хамруулдаг байсан. Харин энэ оноос эхэлж шинэ цэцэрлэгтэй болсноор 16 багш ажилтантай дөрвөн бүлэгт 130 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Тохижилт сайтай шинэ цэцэрлэгтэй болсноор эцэг эхийн оролцоо нэмэгдэж, багш эцэг эхийн хамтын ажиллагаа сайжирч байна гэлээ. Мөн нээлтийн үеэр аймгийн засаг даргын орлогч М.Амарсанаа, цэцэрлэгийн гүйцэтгэлийн төсвийг улсын төсөвт суулгахад хувь нэмрээ оруулсан УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогтод талархаж буйгаа илэрхийлээд аливаа ажлыг хийхэд цаг хугацаа багаддаггүй юм. Боловсролын цөм хөтөлбөр батлагдсан. Боловсролын систем хаашаа явах вэ гэдгээ олсон цаг үед Мөст сумынхан шинэ цэцэрлэгтэй боллоо. Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг энэ цэцэрлэгт ажиллаж байгаа багш нар хэрэгжүүлж ажиллана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна хэмээн онцоллоо.
Сумын цэцэрлэгт хүрээлэнг нутгийн уугуул У.Баатарсүрэн өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэжээ
Сумын цэцэрлэгт хүрээлэн
Мөст суманд хийгдсэн бүтээн байгуулалтуудаас онцолж харах нэг зүйл бол яах аргагүй цэцэрлэгт хүрээлэн. Энэхүү бүтээн байгуулалтыг улсын болон орон нутгийн төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй, нутгаа гэсэн сэтгэл зүтгэлээр “Бүрдэн говь” группийн ерөнхийлөгч У.Баатарсүрэн 230 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж гүйцэтгэжээ.
Энд усан оргилуур, хүүхэд тоглох иж бүрэн гулсуур, сагсны талбай моджуулалт, гэрэлтүүлэг, сүүдрэвч гээд цэцэрлэгт хүрээлэнд байдаг бүх л зүйлийг багтааж богино хугацаанд хийж гүйцэтгэснээрээ онцлог юм.
УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн үеэр хэлэхдээ, маш сайхан бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн байна. Хүнд мөнгө илүүддэггүй юм. 230 сая төгрөг бага мөнгө биш энэ бол төрсөн нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй нутгийн хүүгийн сэтгэл, зүтгэл. Өнгөрсөн хавар нутгийн зөвлөлийн уулзалт дээр Мөст суманд хөрөнгө оруулалт хийхийг уриалахад У.Баатарсүрэн цэцэрлэгт хүрээлэн байгуулъя гэсэн амлалт өгсөн. Ийм богино хугацаанд хийж, гүйцэтгэнэ гэж төсөөлөөгүй. Гэтэл өнөөдөр маш сайхан бүтээн байгуулалт бидний өмнө бий болсон байна. Үүнийг цаашид хамгаалж арчилж явах хариуцлагатай үүргийг нутгийн удирдлагууд болон иргэд та бүхэн хүлээн авлаа” гэлээ.
Сумын цэцэрлэгт хүрээлэн
Харин сумын төвд тавьсан 1 км хатуу хучилттай авто замыг баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын гүйцэтгэгч Жиангсу Жианда констракшн компани хийсэн байна. Мөст сумын Улаантолгой багийн иргэн Ц.Идэш сумын төвийн авто замын нээлтийн үеэр сум орон нутгийн хөгжил сайхан болж байна. Мөст суманд улсын төсвийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар таван үндсэн ажил хийгдэж байна. Нутаг орноо хөгжүүлэхэд өөрсдийн хүчин чадлаа дайчлан ажиллаж буй хүмүүст баярлалаа. Цаашид эдгээрийг хөгжүүлж авч явахад сумын иргэд хөдөлмөрчид бидэнд том үүрэг ногдож байна хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Тус сумын хүн эмнэлэг сумынхаа 3000 гаруй иргэн, тойргийн сумдын 10 мянга гаруй иргэдэд эх барих, мэс засал, хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Их засвар хийгдээгүй удсанаас иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, иргэд хэвтэн эмчлүүлэхэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй болж ирсэн бөгөөд эмнэлэгийн өргөтгөл болон их засварын ажил хийгдэж ажиллах орчин нөхцөлийг сайжруулсан байна.