"Петро Чайна"-гаас 25 жил хүлээсэн 207 км зам одоо л ашиглалтад орох нь
Дорнод аймгийн Матад суманд газрын тос олборлож байгаа Хятадын хөрөнгө оруулалттай “Петро чайна Дайчин тамсаг” компани 25 жилийн өмнө Монгол улстай гэрээ байгуулахдаа автозам барих тухай тусгажээ.
Гэвч эл автозамын ажил эхлэлгүй байсаар энэ жилтэй золгожээ. Уг зам нь Тосон уул 19 дүгээр талбайгаас Баянхошууны боомт хүртэл чиглэлтэй 207 км автозам юм.
Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Өргөдлийн байнгын хороонд өнгөрсөн наймдугаар сард гомдол иржээ. Тухайн гомдол саналд ,Петро чайна компани гэрээндээ заасан автозамаа барихгүй байна. Нөгөө нь Монгол ажилчдыг ажиллуулахгүй байна гэсэн гомдол байжээ. Энэ гомдлын дагуу тус байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан гомдлын мөрөөр шалгах ажлыг эхлүүлж, тус компанид гэрээнд заасан автозамаа хурдан хугацаанд барьж дуусгах тухай үүргийг өгсөн байна.
Тэгвэл энэхүү гэрээний биелэлт ямар түвшинд явж байна вэ гэдгийг шалгахаар УИХ-ын өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, Зам тээврийн яамны Хөгжлийн төвийн Материал шинжилгээний лабораторийн эрхлэгч Д.Мөнхтүвшин нар “Петро чайна Дайчин тамсаг” компанийн Үйлдвэрийн бааз дээр очсон юм. Энэ үеэр тус баазын орлогч захирал Кан дэ Чуаньтай уулзлаа. Кан дэ Чуань "207 км замын ажлын 107 км нь ашиглалтад өгөхөд бэлэн болсон. Энэ хэсгийг Хятадын компаниар гүйцэтгүүлсэн.
Харин үлдсэн 100 км замыг Монголын компаниар хийлгэнэ” гэсэн юм. Харин Зам тээврийн яамны Хөгжлийн төвийн Материал шинжилгээний лабораторийн эрхлэгч Д.Мөнхтүвшин “Үлдсэн 100 зам замын талыг барих Монголын компани тодорсон. Гэхдээ “Петро чайна Дайчин тамсаг” гэрээнийхээ дагуу санхүүжилтын асуудлаа шийдээгүй байгаа” гэсэн юм.
Харин тус компанийн зүгээс ойрын хугацаанд санхүүжилтын асуудлыг шийднэ гэдгийг хэллээ.
Уг автозамын талаар О.Баасанхүү гишүүнээс дараах тодруулгыг авлаа.
-Петро чайнатай гэрээ байгуулснаас хойш 25 жил сураггүй байсан Тосон уул, 19 дүгээр талбайгаас Баянхошууны боомт хүртэлх зам дараа жил гэхэд бүтнээрээ ашиглалтад орно гэдгийг дууллаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-УИХ дахь Өргөдлийн байнгын хороонд ирсэн гомдлын дагуу манайхаас ажлын хэсэг байгуулаад шалгах ажлыг эхлүүлсэн. Ямар ч байсан 207 км зам тавихаас 107 км замыг ашиглалтад оруулсан байна. Үлдсэн 100 км замыг 2 хувааж, монголын компаниар гүйцэтгүүлье гэж байна.
-Петро Чайна компанид Монголд үйл ажиллагаагаа явуулснаас хойш 25 жил өнгөрчихсөн байна. Гэтэл энэ урт хугацаанд яагаад энэ замын талаар хэн ч дурсахгүй, шаардахгүй байсан юм бэ?
- Энэ замыг барилгүй яагаад 25 жил өнгөрөв гэдэгт УУл уурхайн яамны Газрын тосны газар хамаг эрх мэдлийг авчихаад Зам тээврийн яаманд энэ талын хяналт тавих боломжийг ер олгоогүй Харин Өргөдлийн байнгын хорооны шаардлага шахалтаар гэрээ байгуулаад энэ асуудалд Зам тээврийн яам бүхэлд нь хяналт тавих боломж сая л нээгдлээ. Ингээд сая байгуулсан гэрээний дагуу 2016 оны 10 дугаар сарын 31 гэхэд 207 км замыг бүрэн ашиглалтад оруулахаар тохиролцлоо.
Мөн нэмж 68 км зам барих тухай гэрээ хийлгэсэн байгаа. Ямар ч байсан яст мэлхийн хурдаар ч хамаагүй тодорхой үр дүнд хүрээд явж байгаад баяртай байна. 68 км замын эхлэл төгсгөлийн цэг тодорхой болсон. Тэгэхээр нийлээд 275 км зам болж байгаа юм.
-Энэ зам ашиглалтад орсноор орон нутгийн хөгжилд нөлөө үзүүлж чадах уу. Энэ автозамыг ойроор нь Халхгол сумтай холбож болоогүй юм уу?
-Орон нутгийн хөгжилд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэж хэлж болохгүй л дээ. Өнөөдөр Мэнэнгийн тал там болчихсон байна. Энэ зам жилийн дотор бүтнээрээ ашиглалтад орчих юм бол байгаль орчинд ашигтай. Мөн энэ улсын чанартай зам. Монгол Улсын зүүн бүсийн хэвтээ чиглэлийн замтай холбогдох боломжтой. Аймаг нь сумтайгаа энэ замаар холбогдохгүй ч гэсэн 60 км-ээр буйр нууртай холбогдоно. Дээрээс нь аймагтайгаа автозамаар ойртоно. Бас энэ замыг Петро чайна өөрийн хөрөнгөөр барьж байгаа нь улсын төсөвт ч гэсэн нэмэртэй.