Манай улсын зээлжих зэрэглэл 3 дахь удаагаа буурлаа
МАН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дарга С.Бямбацогт
2015.11.10

Манай улсын зээлжих зэрэглэл 3 дахь удаагаа буурлаа

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буйтай холбогдуулан МАН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дарга С.Бямбацогт уншиж танилцууллаа. 

Тэрээр танилцуулга хийх үеэрээ “Биднийг ирэх онд төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогоо хэлэлцэж байх энэ цаг мөчид дэлхийн эдийн засаг, санхүүгийн экпертүүд Монгол орны эдийн засгийг улам хүндэрнэ гэж дүгнэж байна. Тухайлбал, олон улсад нэр хүндтэй "Стандарт энд фүүрс" агентлаг манай орны зээлжих зэрэглэлийг Та бүхнийг эрх барьж байгаа гурван жил хагасын хугацаанд 3 дахь удаагаа бууруулав.

МАН-ыг эрх барьж байх 2012 онд манай улсын зээлжих зэрэглэл "ВВ" байсан. Тэгвэл 2012 оноос хойш манай улсын зээлжих зэрэглэл "ВВ-", "В+" болж буураад байсан бол одоо "В" үнэлгээтэй боллоо. Ийнхүү  эрх баригчид та бүхний төсөв, мөнгөний бодлогыг олон улсын байгууллагууд гурав дахь удаагаа буруутган буулгалаа. Улсаараа гурван шатлалаар зэрэглэл буурлаа.

Тиймээс улс орны эдийн засагт гол нөлөөлөл үзүүлж байгаа Монголбанкны үйл ажиллагаа, төрөөс мөнгөний бодлогын талаар 2013, 2014 онд баримтлах үндсэн чиглэлээр өгөгдсөн УИХ-ын тогтоолуудын хэрэгжилт, Монголбанкны хуримтлагдсан алдагдал, богино хугацаатай өр зээл зэрэг асуудлуудыг УИХ-аас ажлын хэсэг гарган шалгаж, дүгнэлт хийх ёстой гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна.” гэсэн юм.