Сонгуулийн маргааныг 60 хоногийн дотор шийдвэрлэдэг байхаар хуульчилсан
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2015.11.11

Сонгуулийн маргааныг 60 хоногийн дотор шийдвэрлэдэг байхаар хуульчилсан

Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг УИХ өнөөдрөөс хэлэлцэж эхэлнэ. Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.

-УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуулийг баталсан байх ёстой. Сонгуулийн нэгдсэн хууль энэ хугацаанаас амжиж гарах болов уу?

-Монгол Улсын төрийн үйл хэргийн хамгийн чухал асуудал бол яах аргагүй сонгууль. Зохион байгуулах эрх зүйн орчинг сонгуулиас сонгуулийн хооронд боловсруулж байсан. Аль ч төрийн сонгууль улам сайжраад байсан. Гэхдээ амьдрал баян учраас сонгуулийн одоо үйлчилж байгаа хуулийг илүү сайжруулж, боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс Сонгуулийн нэгдсэн хуулийн тухай төслийг өргөн мэдүүлээд маргааш(өнөөдөр)-наас хэлэлцэх гэж байна. Үүний зэрэгцээ бусад гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулиудыг хамтдаа хэлэлцээд явах боломжтой.

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хугацаа хуулиар тогтоогдсон байдаг. Ээлжит сонгуулийн санал авах өдрөөс зургаан сарын өмнө өөрчлөлт оруулах боломжтой. Харин тэрнээс хойш боломжгүй. Яагаад гэвэл хууль тогтоогчид өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж, сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулахаас болгоомжилсон зохицуулалт юм л даа. Нөгөө талаар сонгуулийн хууль өөрчлөгдсөнийг ард нийт эртнээс танин мэдэх ёстой. Иргэдийг төрийн ажилд оролцож, ухамсартайгаар саналаа өгөхөд нь дэмжлэг үзүүлэх үүднээс ч ийм зохицуулалт чухал гэж бодож байгаа. Хэрэв УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүд зориг, эрмэлзэл гаргах юм бол арванхоёрдугаар сарын 31- нээс өмнө хэлэлцэж, батлах боломжтой.

-Сонгуулийн нэгдсэн хуульд ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ. Сонгуулийн тогтолцооны аль хэлбэрийг сонгов?

-УИХ-ын даргын захирамжаар парламентад суудалтай бүх нам, эвслийн төлөөлөөс бүрдсэн Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан багагүй хугацаанд ажиллалаа. Хууль батлагдвал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Орон нутгийн сонгуулийн тухай гэсэн гурван хуулийг нэг хуулиар зохицуулна. Дотроо хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт дээрх гурван хуульд байх ёстой нийтлэг зүйлийг зохицуулсан байгаа. Хоёр дахь хэсэгт тус бүрийн онцлогтой холбоотой . зохицуулалтуудыг хийж өгсөн.

Төсөлд сонгуулийн ерөнхий тогтолцоо нэг мандаттай, холимог системийг хадгалсан байхаар заасан. Ингэхдээ 48 нь мажоритар, нэг мандаттай байх нь зүйтэй гэж үзсэн.

-Аймаг, сум болгон харилцан адилгүй хүн амтай. Тойрог бүр нэг мандаттай болсноор тэгш бус байдал үүсгэж байгаа юм биш үү, цаашид сонгуулийн тойрог гэж тусдаа байгуулна гэсэн үг үү?

-Тойргуудын хуваарилалтыг УИХ-ын тогтоолоор баталдаг. Тэр үедээ сонгуулийн тойргийг яаж зохион байгуулахаас хамаарна. Орон нутгийн хүн амын тоо, алслагдсан байдал, газар нутгийн хэмжээ гэх зэргийг харгалзаж байгаад аль болох оновчтой тогтоох боломжтой.

-Жагсаалтаар нэр дэвшигчдийн тухай яаж хуульчлах бол?

-Намын нэрсийн жагсаалтаар нэр дэвшигчдийн тухайд янз бүрийн хувилбар яригдаж байгаа. Ямар ч тохиолдолд нэр дэвшигчдийн нэр нь сонгуулийн санал өгөх хуудсанд тодорхой байлгахаар тусгасан. Яагаад гэвэл намын жагсаалтаар 28 хүн байгаа шүү гэж хэлэх нэг өөр. Эсвэл энэ намын нэрээр ийм 28 хүнийг сонгох гэж байгаа юм байна гэдгээ иргэд мэдэх нь чухал. Ард түмнийг сонголт хийхэд нь тодорхой байх үүднээс энэ асуудлыг зохион байгуулах нь зүйтэй.

-Сонгууль зохион байгуулах хуваарийг яаж тусгасан бэ?

-УИХ-ын тогтоолоор сонгуулийн санал авах өдрийг баталдаг. Сонгуулийн хуулийн дагуу зургадугаар сарын сүүлийн арав хоногийн эхний бямба гаригт санал хураалтыг явуулна гэхчилэн тогтоочихдог шүү дээ. Тэр өдрөөс эхлээд нааш тоолж, сонгуулийн графикт үйл ажиллагааг зохицуулна гэсэн үг. Нэр дэвшигчдийн нэрсийг яаж тодруулах уу, хэзээ олон нийтэд зарлах уу, хэдийд сурталчилгааны үйл ажиллагааг эхлэх үү гэх зэргээр УИХ-ын тогтоолоор баталдаг.

-Сонгуулийн нэгдсэн хуулиар УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг нэг өдөр зохион байгуулахын ач холбогдлыг хэд хэдэн үндэслэлээр тайлбарлаж байсан л даа. Ингэж хоёр сонгуулийг нэг дор явуулснаар сонгуулийн зардлыг хэр зэрэг хэмнэнэ гэж төлөвлөж байгаа вэ?

-Орон нутагт улстөржилт хэрээс хэтэрсэн. Дээр нь УИХ-ын ээлжит сонгууль болсноос хойш хэдэн сарын дараа орон нутгийн сонгууль явагддаг. За тэгээд, дараагийн жил нь Ерөнхийлөгчийн сонгууль явагдана. Ингээд дөрөвхөн жилийн дотор гурван сонгууль явуулахаар нэг талаар иргэдийг хэтэрхий улстөржүүлж, талцуулах шалтгаан болж байна. Нөгөө талдаа сонгууль гээд баахан компанит ажил өрнөж, жирийн иргэдийн ахуй амьдралд ч сөрөг нөлөө үзүүлдэг. Шинжлэх ухаан технологийн дэвшил нэвтэрчихсэн байгаа орчин үед санал тоолох төхөөрөмжийг ашиглаад хоёр төрлийн сонгуулийг цаг хугацааны хувьд хамтад нь явуулах юм бол иргэдэд ч, сонгуульд оролцож байгаа нам эвсэл, нэр дэвшигчдэд ч амар.

Харин хэдий хэмжээний зардал мөнгө хэмнэх тал дээр нарийн тооцоо судалгаа хийлгээгүй. Сонгуулийн ерөнхий хороондоо чиглэл өгчихөөд байгаа. Зөвхөн УИХ- ын сонгуулийг явуулахад 16-17 тэрбум төгрөг зарцуулагддаг шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгууль мөн адил. Орон нутгийнх ч ялгаагүй ийм хэмжээний мөнгө зарцуулдаг. Тэгэхээр сонгуулийн зардлын дор хаяж 50 хувийг нь хэмнэх болов уу гэж харж байгаа.

-Сонгууль болгоны дараа маргаан гардаг. Гэвч шийдвэрлэхгүй явсаар дараагийн сонгуультай золгох тохиолдол ч бий. Тэгэхээр маргаан шийдвэрлэх, тухайн тойрогт дахин болон нөхөн сонгууль явуулах хугацааг хуулийн төсөлд хэрхэн заасан бэ?

-Дахин, нөхөн сонгууль явуулах хугацааг Сонгуулийн ерөнхий хороо зарлахаар одоогийн мөрдөгдөж байгаа хуульд тусгасан шүү дээ. Тэр маргаан нь шийдэгдэхгүй явсаар байгаад дахин, нөхөн сонгууль хэзээ болох нь тодорхой биш байдаг. Энэ нь сонгогчдын хувьд ч ойлгомжгүй байдал үүсгэдэг төвөгтэй асуудал л даа. Тиймээс нөхөн сонгууль эхнээсээ иргэдэд тодорхой байх үүднээс жилд хоёр удаа улсын хэмжээнд явуулахаар зохицуулсан. Эхнийхийг нь зургадугаар сарын сүүлчийн долоо хоногийн бүтэн сайнд, дараагийнхыг нь аравдугаар сарын эхний ням гаригт улс даяар зохион байгуулна гэж байгаа.

Сонгуулийн дараа гарсан маргааныг 60 хоногийн дотор шүүхээр эцэслэн шийдвэрлэх ёстой гэж тусгалаа.

-Сонгуулийн компанит ажлын зардал, хандивын дээд, доод хэмжээг тогтоож өгсөн үү?

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей

-Сонгуулийн зардлын хэмжээг одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар Сонгуулийн ерөнхий хороо тогтоодог байгаа. Харин бидний өргөн барьсан төслийн дагуу Үндэсний аудитын газар тогтоох юм. Гэхдээ өнөө жилийн улсын төсөвт Сонгуулийн ерөнхий хорооны тооцоолсноор, Засгийн газрын өргөн мэдүүлж буйгаар сонгуулийн зардлыг 14 тэрбум гаруй төгрөг байхаар төлөвлөж оруулж ирсэн.

Энэ дүнг Тесвийн болоод Төрийн байгуулалтын байнгын хороо ярьж байгаад 1.7 тэрбум төгрөгийг нэмэгдүүлэхээр болсон. Тэгэхээр 16 орчим тэрбум төгрөгөөр сонгуулийг зохион байгуулах боломжтой гэж үзэж байгаа. Энэ бол улсын төсвөөс гарах зардал. Үүнээс гадна нам эвсэл, хувь хүнээс гарах зардлын хэмжээг Үндэсний аудитын газар дээд хэмжээг нь тогтоож өгөх ёстой. Сонгуулийн компанит ажлын зардлыг байж болох хамгийн бага хэмжээнд байлгаж зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Нэр дэвшигчийн хувиасаа гаргадаг хөрөнгийг данс бүртгэлтэй болгож, хяналт тавих асуудлыг хуульчилж байна. Сонгуулийн мөнгөн хандивын хэмжээг мөн шинэчлэн тогтоож байгаа. Иргэн гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээд 15 сая төгрөг хүртэл мөнгөн хандив өгч болно гэж зааж өгсөн.

-Эдийн засаг хүнд байхад сонгуулийн зардлыг танах биш харин ч 1.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх асуудал шүүмж дагуулах байх?

-Засгийн газраас оруулж ирсэн 14 тэрбум төгрөг бол 2012 оны сонгуулийн зардлаас бууруулаад оруулж ирсэн. Ядаж 2014 оны түвшинд байх үүднээс 1.7 тэрбум төгрөгийг нэмсэн юм шүү дээ. Сонгуулийн ажил бол төрийн ажил. Тиймээс төрийн ажлыг элдэв маргаан, зөрчилгүй, сонгогчдын саналыг зөв бодитойгоор тоолж, зохион байгуулах асуудал бол хөрөнгө мөнгөгүйгээр шийдэгдэх боломжгүй.

-Нэр дэвшигчдийн зүгээс тойрогтоо мөнгө, эд зүйлс тараалаа гээд хэл ам байнга гардаг. Үүнд хэрхэн хяналт тавих вэ?

-Одоо мөрдөгдөж байгаа хуульд маш тодорхой заасан. Нэр дэвшигчийн хориглосон зүйл дотор багтаж байгаа юм л даа. Сонгогчдын саналыг татах зорилгоор тэдэнд эд хөрөнгө, мөнгө тараах, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх зэргийг хориглосон байгаа. Гагцхүү үүн дээр хяналт тавьж, баталгаажуулах ажил чухал байгаа юм. Харин сонгуулийн жил эхэлснээс хойш буюу нэгдүгээр сарын 1-нээс хойш нэр дэвшигчид хориглосон заалтыг мөрдөх учиртай.

-Шинээр байгуулагдаж байгаа нам, эвсэл сонгуульд оролцох боломжийг нь яаж хангасан юм бэ?

-Улсын Дээд шүүхэд сонгуулийн санал авах өдрөөс өмнө 180-аас дээш хоногийн хугацаанд бүртгүүлсэн нам сонгуульд нэр дэвших эрхтэй гэсэн ерөнхий зохицуулалт байгаа.

-Су.Батболд нарын нэр бүхий гишүүд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл бас өргөн барьсан. Тэдний санаачилсан хуулийг Сонгуул ийн нэгдсэн хуультай хэрхэн уялдуулж байгаа вэ. Хамтад нь хэлэлцэх үү?

-Нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуульд Сонгуулийн нэгдсэн хуультай төстэй тусгагдсан зүйлүүд ч байна. Жишээлбэл, холимог системийг авах, 48 нэг мандаттай тойрог байх гэх мэтчилэн. Ялгаатай зүйл нь гэвэл сонгуулийн саналыг гар аргаар бүгдийг тоолж баталгаажуулна гэсэн байна лээ. Энэ бол төвөгтэй асуудал л даа. Одоогийн УИХ-ын гишүүд бүгд санал тоолох төхөөрөмжөөр иргэдийн саналыг тоолуулж сонгогдсон. Энэхүү дэвшилтэт технологийн тусламжтайгаар сонгуулийн эцсийн дүн тэр дороо гарна. Гэтэл гараар тоолж, бүтэн хоёр, гурван хоногоор удаашруулах гээд байна.

Тэр хооронд маргаан гарах асуудал байгаа. Тиймээс хяналтын тоог нэмэгдүүлэх замаар тэдний саналыг зохицуулж авч явах боломжтой. Мөн Су.Батболд нарын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд хороодын бүрэлдэхүүнд төрийн албан хаагчдаас гадна улс төрийн нам, эвслүүдийн төлөөллийг жигд оруулъя гэсэн байна лээ. Энэ бол хэлэлцүүлгийн шатанд ярих л асуудал. Тэдний ярьж байгаа бас нэг зүйл нь “Сонгуульд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна” гэсэн. Сонгуулийн нэгдсэн хуульд үүнийг тусгасан байгаа.

Тэдний санал болгож байгаа өөр нэг зүйл бол нам эвсэл, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, танилцуулгыг Сонгуулийн ерөнхий хороо нэгдсэн байдлаар хэвлэж, тараах үүргийг хүлээж, сонгуулийн зардлаас гаргах нь зүйтэй гэж үзсэн байна лээ. Хэрэв ингэх юм бол сонгуулийн зардал улам нэмэгдэнэ. Одоо бол тараах материалыг нам эвсэл нэр дэвшигчид өөрсдөө хариуцаж тарааж байгаа.

-Үндсэн хуулийг өөрчлөх төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож, таван жилийн хугацаатай сонгодог байхаар тусгасан байна лээ. Энэ асуудлыг Сонгуулийн нэгдсэн хуультай яаж холбож байгаа вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ гишүүд хууль санаачлаад өргөн барих нэг асуудал. Хамгийн гол нь ард нийтийн санал асуулга явуулъя гэж байгаа шүү дээ.

-Ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор санал асуулга явуулах заалт орсон байна л даа. Иргэд санал асуулгад оролцохын тулд тодорхой мэдээлэлтэй байх ёстой. Тэгэхээр цаг хугацааны хувьд амжих боломжтой гэж үү?

-Гишүүдийн өргөн мэдүүлээд байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалыг дэмжих үү, үгүй юу гэдгийг иргэдээс асууя гэж байгаа. Ингэхдээ механикаар биш. Өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон нийт иргэдэд тайлбарлаж, тэдний саналыг авъя гэж байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг цаг бага байгаа учраас яаравчилъя гэхээс илүүтэй эхлээд ард нийтээс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь зөв үү гэдгийг санал асуулгаар асууна. Энэ хуулийн хэлэлцэх эсэх нь дэмжигдвэл тойргуудаар 76 гишүүн тойрч Үндсэн хуулийн ямар заалтуудад өөрчлөлт оруулахаар бэлдэж байгаа талаар иргэдэд мэдээлэл өгч ойлгуулна. Үүний үндсэн дээр иргэд санал асуулга өгөх өдрөө тодорхой мэдээлэлтэй оролцоно.

Өнөөдрийн замбараагүй төрийн тогтолцоонд байгаа гажуудлыг засч сайжруулахтай холбоотой гол өөрчлөлтийг хийх ёстой. Тэгэхгүй бол дараагийн 2016 оны сонгуульд ямар ч мундаг нам засгийн эрхэнд гараад энэ засгийн тогтолцооны гажуудал арилахгүй. Төсвөө баталчих юм бол ард нийтийн санал асуулга явуулах нь цаг хугацааны хувьд амжина.

-Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг ямар байдлаар өөрчилсөн юм бэ?

-Дорвитой өөрчлөлт ороогүй. Г эхдээ Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт батлагдвал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль өөрчлөгдөнө.

-Санал тоолох машинтай холбоотой гардаг маргааныг хуулийн төсөлд нарийн шийдээгүй байсан?

-Санал тоолох төхөөрөмжөөр 2012 оны УИХ, Орон нутгийн сонгууль мөн Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулж, хяналтын тооллого явууллаа. Санал тоолох төхөөрөмжөөс хяналтын тооллого зөрсөн юм байхгүй. Энэ бол техникийн дэвшил. Хуулийн төсөлд хяналтын тоог нэмэгдүүлэхээр тусгаж байгаа. Сум бүрээс нэг, дүүрэг бүрээс хоёр байхаар оруулж байгаа.

-Сонгогчид саналаа өгөхдөө заавал иргэний үнэмлэхээ авч очих шаардлагагүй гэсэн үү?

-Өмнөх сонгуулиудад иргэдээс иргэний үнэмлэх шаарддаг байсан. Одоо иргэний бүртгэлтэй холбоотой систем бүрэн автоматжсан учраас сонгуулийн насны сонгогч хурууны хээгээ таниулах замаар саналаа өгөх бүрэн боломжтой. Тийм учраас заавал иргэний үнэмлэх шаардахгүй. Манай улс үүнийг бусад орноос түрүүлж нэвтрүүлснээрээ том туршлага болж байгаа шүү дээ.

-Нэр дэвшигчид өөрсдийгөө ард түмэнд таниулах, сурталчилгаа явуулах боломжоор нь хэрхэн хангаж байгаа вэ?

-Тодорхой зохицуулалтууд тусгасан байгаа. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал нь ерөнхийдөө нэр дэвшигчийн болон нам эвслийн сурталчилгааны материал гэж хоёр төрөл байна. Нэр дэвшигч буюу сонгуулийн штаб тодорхой хэмжээнээсээ хэтрүүлэхгүйгээр хэвлэмэл материалыг сонгогчдод тараана. Үүндээ гурван хэвлэлийн хуудас сонин гаргаж болно.

Мөн гурван хэвлэлийн хуудас сэтгүүл гаргаж болно. Хоёр хэвлэлийн хуудас ухуулах болон зурагт хуудас гаргаж болох юм. Бас хоёр хэвлэлийн хуудас нэр дэвшигчийн намтар, гурван хэвлэлийн хуудас ажлын тайлан гаргах боломжтой. Телевизийн хувьд нэг хоногт 60 минут буюу нэг цагийн сурталчилгааны цагтай байна. Энэ хугацааг сонгуульд оролцож байгаа улс төрийн нам эвслүүдэд ижил хэмжээгээр хувааж үйлчилнэ гэсэн үг.

-Төрөөс нэг ч төгрөгийн татаас авдаггүй хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хувьд зар сурталчилгаагаараа санхүүждэг. Гэтэл Сонгуулийн нэгдсэн хуулиар энэ боломжийг нь хааж байна гэж ойлгож болох уу?

-Телевизийн хувьд гэхэд л өдөрт нэг цаг хангалттай хугацаа юм биш үү. Олон телевиз, хэвлэл байгаа. Өрсөлдөөн их байгаа л даа.

-Зар, сурталчилгааны хувьд ингэж хязгаар тогтоосон нь улс төрд шинэ хүн гарч ирэх боломжийг хааж, боосон заалт гэж харагдаж байгаа. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар олонд танигддаг. Гэтэл дархлагдсан гишүүд өөрсдөдөө давуу эрх олгож байгаа юм биш үү?

-Ер нь сонгууль болгоноор УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь шинэчлэгдэж л байгаа. Заримдаа 50 болон үүнээс дээш хувь нь ч шинэчлэгддэг тохиолдол байдаг юм билээ. Зөвхөн сурталчилгаанаас хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, сонгуулийн хэд хоногт сурталчилгаа хийснээр нийгэмд танигдахгүй шүү дээ. Бусад үед ч өөрийгөө таниулсан хүн амжилтад хүрэх нь нээлттэй байгаа. Зөвхөн сурталчилгааны хоногуудад олон нийтэд танигдана гэдэг бол харьцангуй ойлголт л доо.

-Намдаа 500 сая төгрөгийн хандив өгвөл жагсаалтад орох боломжтой гэсэн яриа байсан. Ингэж босго тавих асуудлыг хуульд тусгасан юм байна уу?

-Ийм зохицуулалт байхгүй. Энэ бол цэвэр намын тухай хууль, тухайн намын дүрэм журмаар зохицуулагдах асуудал. Ялангуяа тойрогт нэр дэвшигчдээсээ нам мөнгө авах нь буруу. Яагаад гэвэл хувь хүн өөрөө нэр дэвшихийн тулд асар их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа. Дээр нь нам тэр хүнээс нэмж мөнгө саана гэдэг бол тухайн хүнд дарамт учруулж байгаа. Тиймээс энэ бол намын дотоод зохицуулалтаар явах байх. Одоохондоо манай намын зүгээс тэгэх ёстой, ингэх ёстой гэсэн зохицуулалт яригдаагүй.