Ю.Цэдэнбал бидэнд НҮБ-ын гишүүн, тусгаар улсыг хүлээлгэж өгсөн
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.11.27

Ю.Цэдэнбал бидэнд НҮБ-ын гишүүн, тусгаар улсыг хүлээлгэж өгсөн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд түүхэн хүний ойг тэмдэглэхээс гадна түүнийг цагаатгах асуудлыг хэлэлцэж байна.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 30 гаруй гишүүн санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Энэ асуудлаар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Монгол гэр бүлээс хэлмэгдээгүй хүн байхгүй. Түүх түүхээрээ байдаг. Хамгийн гол нь Төрийн томоохон зүтгэлтнүүдийн ойг заавал 50, 100 жилд нь тэмдэглэнэ гээд байгааг зөв гэж бодохгүй байна. Саяхан жишээ нь Бямбын Ренчин гуайн 110 жилийн ой боллоо. Улс нийтээрээ чимээгүй байлаа. Үүнийг бол тэмдэглэх л ёстой байсан” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Би бол Ю.Цэдэнбал даргад ард түмний дийлэнх нь хайртай байгаа гэж бодож байна. Тийм учраас үүн дээр олон зүйл ярилгүй, ойг нь тэмдэглэж өгөөд, тухайн үед өгч байсан шагналыг нь нөхөөд олгоё. Ю.Цэдэнбал бидэнд НҮБ-ын гишүүн, тусгаар улсыг хүлээлгэж өгсөн. Түүх энэ хүний хар, цагааныг дэнсэлсэн гэж бодож байна.  

Мэдээж жижиг улсын зовлонг үүрч явсан. Одоо ч гэсэн манай Төр, засгийн тэргүүнүүд ийм зовлон тодорхой хэмжээгээр мэдэрч л яваа. Ерөнхийдөө Ю.Цэдэнбал дарга бол Орост очиж хороогдсон манай олон улстөрчдийн л нэг. Тиймээс энэ дээр нэг их олон зүйл ярилгүй, асуудлыг шийдье” гэв.