“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний II чуулганд болов
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.11.30

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний II чуулганд болов

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Сэргээн засалт, хөгжлийн төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж буй тус чуулганы эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах асуудалд төр засгаас онцгой анхаарал хандуулж, Улсын Их Хурал хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр хуулийн төслүүдийг хэлэлцэж байгааг танилцуулав. 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд үндэсний II чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ, 21 дүгээр зууны хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол дан ганц халамж, асрамж шаарддаг хүмүүс биш жирийн иргэдийн нэгэн адил сурч боловсорч, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд бололцооны хэрээр оролцох чин хүсэлтэй иргэд юм. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын асуудлаар төрөөс баримтлах бодлого чиглэлийг үндсээр нь өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Юуны өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авьяас сонирхол, чадварт нь суурилсан сургалтад хамруулж мэргэжил олгох улмаар мэргэжлээр нь ажиллах тогтвортой ажлын байр бий болгох асуудлыг тэргүүн зэрэгт шийдвэрлэх хэрэгтэй болж байна гэлээ. Түүнчлэн Улсын Их Хуралд өргөн барьсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого”, “Хөдөлмөрийн тухай,  “Баялгийн сангийн тухай” зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах асуудлыг тусгасан хуулийн төслүүдийг энэ Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд шийдвэрлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсад нийт 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн судалгаа байдаг аж. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндэсний анхдугаар чуулганыг 2013 онд зохион байгуулжээ. Энэ удаагийн чуулганаар "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт", "Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг үл ялгаварлан гадуурхах", "Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх", "Хууль зүйн туслалцаа авах, бусад эрх" зэрэг илтгэлүүдийг хэлэлцэн, анхдугаар чуулганаас гарсан зөвлөмж, санал санаачилгын хэрэгжилтийг дүгнэн, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох юм байна.

/МҮОНТВ/

Энэхүү чуулган уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны холбогдох мэргэжилтнүүд, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн удирдлагууд болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн төлөөлөл болсон 600 гаруй  төлөөлөгч оролцож байна.