Халх голын 3000 иргэний өргөдлийн дагуу Р.Бурмаа мэдээлэл өгөв
Өргөдлийн байнгын хорооны 2015.12.01-ний хуралдаанаар Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолын талаар ирүүлсэн 3000 иргэний өргөдлийн дагуу Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээллийг сонсов.
Манай улс олон улсын байгууллага, хөрш орнуудаас мал, амьтны халдварт өвчнөөр тайван статус авч чадахгүй байгаа учраас цаашид тайван статусыг бүсчлэн авах, зорилтот зах зээл болох улстай мал амьтны хорио цээрийн хэлэлцээр байгуулах үүднээс Халх голын бүс нутгийг чөлөөт бүсийн хэлбэрээр хөгжүүлэх шаардлагыг харгалзан Улсын Их Хурлаас тогтоол гаргаж хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүсийг байгуулах эрх зүйн зохицуулалт бий болгоод байгааг салбарын сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.
Энэхүү чөлөөт бүс байгуулагдсанаар мал амьтны хорио цээрийн дүрэм журмыг тогтоож, нутгийн зүүн бүсээс мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой болох юм. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт маш бага байгаа нь чөлөөт бүсийг хөгжүүлэх нэг гол үндэслэл болж байна. Учир нь одоогийн байдлаар арилжааны банкуудын зээлийн дөнгөж 2.5 хувь нь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 0.04 хувь нь энэ салбарт зарцуулагдаж байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт юм. Энэ нь хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын нөхцөл тийм ч таатай биш байгааг харуулж байна гэдгийг хэллээ.
Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулагдсанаар чөлөөт бүсийг мал, амьтны халдварт өвчнөөс тайван байлгах, мөн ургамлын хорио цээрийн тусгай дэглэмийг тодорхойлж хэрэгжүүлэх, харьцангуй богино хугацаанд харилцагч орнуудтай хорио цээрийн хэлэлцээр хийж бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ. Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлтийг чөлөөт бүсэд хийх учир бүтээгдэхүүн импортлох, экспортлоход илүү дөхөм болно. Нэг салбарын олон аж ахуйнууд чөлөөт бүсэд төвлөрснөөр шинэ технологи, мэдээллийг хурдан шуурхай түгээж, инноваци бий болгох нөхцөл, нэг цонхны бодлогоор бүтээгдэхүүн экспортлох, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж бүрдэнэ.
Түүнчлэн чөлөөт бүсэд хүнс, хөнгөн үйлдвэрийн боловсруулах үйлдвэрүүд байгуулагдсанаар мал, малын гаралтай бүтээгдэхүүнээ борлуулах шинэ зах зээл бий болно. Орон нутагт эрчимжсэн аж ахуй, боловсруулах үйлдвэр, үйлчилгээний байгууллага, сургалт үйлдвэрлэлийн төвүүд бий болсноор иргэдийн ажиллаж, сурах боломж нэмэгдэнэ. Боломжит зах зээл томорч, мал аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатaй нөөц (тэжээл, үржлийн ажил, мал эмнэлэг, ус) сайжирснаар малчид аж ахуйгаа эрчимжүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулахад дөхөмтэй болох давуу талтайг салбарын сайд тодотголоо.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, М.Батчимэг, Ж.Батсуурь нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Мөн өргөдөл гаргасан иргэдийг төлөөлж өмгөөлөгч Д.Жамц, иргэн Ц.Шинэбаяр нар үг хэлсэн юм.
Салбарын сайд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, газар ашиглалттай холбоотой зөрчил, зөрүүтэй дүн мэдээлэл их байгаа учраас байнгын хорооны чиглэлийн дагуу орон нутагт газар дээр нь очиж танилцсан. Халх голын бүс нутагт газар тариалангийн зориулалтаар 30 мянган га талбай ашиглуулахаар Засгийн газрын тогтоол гарсан байдаг. Гэтэл орон нутгийн удирдлагууд хадлан, тариалан, аялал жуулчлалын зэрэг зориулалтаар 200-гаад мянган га газрыг иргэн, аж ахуйн нэгжид дур мэдэн олгосон нь илэрсэн тул хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчил дутагдлыг арилгуулах үүднээс холбогдох байгууллагуудад хандаад байгаа. Нутгийн иргэдийн эрх ашгийг зөрчсөн, нутаг бэлчээрийг нь хашиж хаах, хорьж хязгаарлах, нутгийн иргэд зөвшөөрөл авч байж нэвтрэх мэтээр ярьж байгаа нь буруу. Тийм зүйл огт байхгүй. Чөлөөт бүсийн талбайн 5 хувь нь мал эмнэлгийн эрүүлжсэн хорио цээрийн дэглэм бүхий бүс, 320 мянга орчим га талбай нь малын бэлчээр, хадлангийн талбай байх юм. Малын тэжээлийн ургамлыг сэлгэж тариалах, элдэншүүлэхгүй технологи хэрэглэхийг гол зарчим болгож байгаа гэдгийг хэлэв.
Мөн тэрээр “Халх гол” чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлснээр зүүн бүсэд мал амьтны гоц халдварт өвчнөөс ангид “Эрүүл чөлөөт бүс” бий болно. Газар тариалан эрхлэлт нэмэгдэж, бүс нутгийн эмзэг хөрсөнд тохирсон тэг технологийн дагуу сэлгэн тариалалт хийдэг болно. Ингэснээр гантай жилд ч зүүн бүсээс нэмэлтээр 100 гаруй мянган тн үр тариа хураан авах боломжтой болох юм. Улмаар мах боловсруулах үйлдвэрүүд бий болж, бүсийн дотоодын махны хэрэгцээг хангаад зогсохгүй жилд 400 сая ам.долларын мах экспортлох боломж бүрдэхийн зэрэгцээ 1000 гаруй ажлын байр нэмэгдэж, тэнд сургалт, үйлдвэрлэлийн төвүүд бий болох юм гэдгийг онцлов.
Түүнчлэн хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын 75 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулах чиглэлийг гурван яаманд өгсөн. Энэ үндсэн дээр ерөнхий төлөвлөгөөг боловсруулж Засгийн газраар хэлэлцүүлж батлуулахад салбарын яам анхаарч ажиллаж байна гэдгийг салбарын сайд хэллээ.
Салбарын сайдын мэдээллийг сонссонтой холбогдуулан хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүсийн үйл ажиллагаанд анхаарч хэрэгжүүлэх зарим асуудлын талаар байнгын хорооны хуралдаанын тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтлоо.