АН засаглаж байх үед хамгийн их хорьж байна гэв
МоАХ-ны дарга Х.Баттулга
2015.12.03

АН засаглаж байх үед хамгийн их хорьж байна гэв

МоАХ-ны дарга Х.Баттулга Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын хүрээнд бөхийн барилдаан, хурал, концерт зохион байгуулахаас татгалзах Удирдах зөвлөлийн шийдвэр гарсныг салбар зөвлөлийн удирдлагууддаа албан бичгээр хүргүүлжээ. Учир нь, АН нэгнийгээ барьж хорих, бүр ял ногдуулж эхэлсэн нь 25 жилийн ойг баяр хөөр, шагнал цэнгүүнээр ёслон тэмдэглэх нь ёс зүйн хувьд нийцэхгүй гэж МоАХ-ны Удирдах зөвлөлөөс үзсэн бололтой. МоАХ-ны Удирдах зөвлөлөөс гаргасан энэхүү шийдвэр ч үнэний ортой юм.

АН түүхэндээ хоёрхон удаа л засагласан байдаг. Нэг нь 1996-2000 он, нөгөөх нь одоо буюу 2012 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд. Гэхдээ АН-ын эрх барихдаа нэгнийгээ барьж, хорьдог муу зуршилтай. 1996-2000 оны үед үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байхдаа Казиногийн хуулийг баталсан ч казиногийн тендерийг будилуулж, авлига авсан гэх хэргээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд С.Батчулуун агсан, Д.Энхбаатар, Д.Баттулга нарын гурван гишүүнээ бүрэн эрхээс нь түдгэлзүүлж хорьж байлаа шүү дээ. Энэ нь Монголын түүхэнд 1937 оноос хойш өндөр албан тушаалтнуудыг цагдан хорьсон, шүүхээс ялласан эхний тохиолдол гэдгээрээ шуугиан тарьж байв. Улмаар АН засаглахаараа нэгнийгээ хорьж, цагддаг гэсэн тодотголыг улс төрд бий болгосон байдаг. Харин энэ удаад АН-ыг хоёр дахиа засаглах үед ч 1996-2000 оны түүхээ тэд өөрсдөө давтаж эхлээд байна.

Сонгуулийн үр дүнгээр засгийн эрхэнд гарсан АН-ынхан өнгөрсөн хугацаанд хэд хэдэн гишүүн, зөвлөхөө хорьж саатуулан, заримд нь ял ногдуулаад байгаа. Тэдгээрээс дурдвал “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, “Эрдэнэс Тавантолгой” номпанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь нар байна. Эдгээрээс ахлах зөвлөх асан Л.Гансүхэд шүүхээс ял ногдуулаад хорьчихсон. АН-ын дотроо хийж буй гүйцэтгэх ажиллагаа ч цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа. Энэ бүгдээс харахад МоАХ-ноос салбар хороодын удирдлагууддаа хүргүүлсэн албан бичиг шиг АН-ынхан юун Ардчилсан хувьсгалын 25 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүэх манатай л байна.