Ерөнхий сайд хэзээ ч супер эрх мэдэлтэй болж чадахгүй
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.12.07

Ерөнхий сайд хэзээ ч супер эрх мэдэлтэй болж чадахгүй

-Цэрэг, армийн нэрээр төр бизнесийг дээрэмдэж болохгүй-

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа. Тэрээр шинэчлэлийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж, эрхзүйн шинэтгэлийг үе шаттайгаар эхлүүлсэн нэгэн. МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшлахын зэрэгцээ Үндсэн хуулийн талаар 15 орчим жил судалгаа хийсэн. 2008 онд УИХ-д анх сонгогдсон гэдгээрээ улстөрчийн хувьд шинэ харагдах ч салбарынхаа асуудлаар “нэг ангийнхаа” хуучцуултай ана мана мэтгэлцдэг, хуульчийнхаа хувьд боловсрол зузаанд тооцогдох нөхөр.

 Бид энэ удаа түүнтэй Үндсэн хуулийн өөрчлөлт, өмнө нь сайд байхдаа эхлүүлсэн эрхзүйн салбарын шинэтгэл болоод бусад сэдвээр ярилцлаа.

  Өнгөрснөө санагалзахаас илүүтэй ирээдүйгээ харсан шийдвэр гаргаж сурах хэрэгтэй

 -Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал парламентын түвшинд маргаантай байна. Үндсэн хууль судлаач хүнтэй уулзсаных энэ талаар асуух ёстой болов уу. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь одоо мөн үү? Үнэхээр өөрчлөх хэрэгцээ, шаардлага байна уу?

 -Хүмүүс аз жаргалтай, тайван, эрсдэлгүй, эрх чөлөөтэй амьдрахын тулд түүнийгээ хамгаалах нүдэнд харагддаггүй шилэн байшинг хуулиудаар бий болгодог. Тэр харагддаггүй шилэн байшингийн суурь, араг яс нь Үндсэн хууль. Үндсэн хууль өөрөө зорилго биш, зорилго нь хүмүүс өөрсдөө юм. Хүмүүсийн төлөө Үндсэн хуулийг хийсэн учраас хүн бүр амьдарч байгаа тухайн цаг үедээ Үндсэн хуулиа өөрсдөө сайжруулж, засч янзалж байх ёстой. Бусад улс орнуудын туршлагыг судлаад үзэхэд 20-25 жил тутамд Үндсэн хууль шинэчлэгдэж, сайжирч байх ёстой гэж үздэг юм билээ.

Тэгэхээр 1992 онд батлагдсан манай Үндсэн хуульд ч шинэчлэл хийх цаг нь болсон. Би өөрөө энэ чиглэлээр олон жил судалгаа хийсний хувьд хэлэхэд 1992 оны Үндсэн хууль бол нийгмийн суурь харилцааг тогтвортой зохицуулах гэхээсээ илүүтэй шилжилтийн маягийн Үндсэн хууль байсан. Шилжилтийн маягийн Үндсэн хуулиар бид 25 жил явлаа. Одоо шинэ нийгмийнхээ суурь харилцаа, үнэт зүйл, зарчмуудыг илүү тодотгож бэхжүүлсэн, хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлэхүйц, бидэнд тулгарч буй шинэ сорилтуудыг даван туулахуйц өөрчлөлт хийх шаардлага бол байна.

Цаг нь болсон, болоогүй, энэ хүмүүс хийж чадна, чадахгүйн тухай асуудал биш. Цаг үе болгон өөрсдийн асуудлаа хэлэлцэж, дүгнэж, асуудлыг шийдэх хувилбараа дэвшүүлж явах ёстой. УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлэхээр оруулж ирж байгааг би хувьдаа дэмжиж байгаа. Гэхдээ яаран батлая, цаг нь болоогүй гэх хоёр туйлшралаасаа гараад агуулга, шинэчлэх үзэл баримтлалынхаа талаар олон нийтийн хэлэлцүүлгийг маш идэвхтэй явуулах ёстой гэж үзэж байгаа.

 -Хуулийн төсөлд Ерөнхий сайдыг эрх мэдлийг нэмэгдүүлэхээр тусгасан. Гэвч энэ хэр оновчтой хувилбар юм бол. Хэнд ч захирагддаггүй “супер” амьтан гараад ирвэл яах болж байна. Олон улсын жишгээс авсан гэж байгаа ч Монголын хөрсөн дээр яаж буухаар байна вэ?

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой таван зүйл хөндөгдөж байгаа. Таны ярьж буй зүйл нэг хэсэг нь. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд дэмжих ч зүйл бий, дэмжихгүй ч заалт байгаа. Дэмжихдээ үүнийгээ дутуу хийсэн байна, гүйцэд боловсруулах ёстой шүү гэж ярих ч зүйл байна. Тиймээс энэ таван зүйлийг бид ялгаж, салгаж харах ёстой. Нэгдүгээрт, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын эрх мэдэл хуваарилалт, хяналт тэнцлийг яаж хангах вэ. Ерөнхий сайд, Засгийн газар кабинетын зарчмаар ажиллана гэж байгаа бол парламент хяналтаа яаж тавих вэ гэдэг асуудал байна. Хоёрдугаарт, УИХ, Ерөнхийлөгчийн институц хоёрын харилцаа манайх шиг парламентын засаглалтай бүгд найрамдах улсад ямар байдаг юм. Гуравдугаарт, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьтайгаа хот, тосгоны эрх зүйн байдлаа яаж зохицуулах вэ.

Монгол Улсыг зөвхөн дээрээс удирдлагатай, механик зураглалтай засаг захиргааны нэгжээр харах уу. Эсвэл эдийн засгийн хөгжил, хүн ам, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний төвлөрөл, соёлын үйлдвэрлэл зэрэг олон хүчин зүйлтэй дотоод хөгжлийн үүсгэлтэй хотыг засаглалых нь хувьд өрсөлдөх чадвартай болгох. Зохион байгуулалтыг засаг захиргааны нэгжээс гаргах цаг болсон уу. Дөрөвдүгээрт, Дээд шүүх болон Ерөнхий прокурор зэрэг хуулийн байгууллагын дээд томилгоо, түүнтэй холбоотой асуудлыг яаж улс төрийн хувьд төвийг сахисан шийдвэрт оруулах. Тавдугаарт, орон нутагт улс төрийн нам байх уу гэдэг асуудал.

Ийм таван хүрээнд асуудал яригдаж байна. Яах вэ, Үндсэн хуулийн нэр ямар байх вэ гэх мэт бас бус зургаа, долоо дахь асуудал байгаа. Би бол үүнийг шаардлагагүй зүйл гэж харж байна. Дээрх таван хүрээнд ямар асуудал, сорилт тулгарах, судалгаа, шийдэл юу байна вэ гэдгийг бид өргөн хүрээнд ярилцаад шинжлэх ухаанчаар, арга зүйн алдаагүй, алсын хараатай, бодлогын хувьд цогц байж болох сонголт хийж болох юм.

 -Энэ таван асуудлыг цогцоор нь нэг дор шийдэх боломж бий юү?

 -Манайх парламентын засаглалтай улс. Гэхдээ энэ нь УИХ бүх эрх мэдлийг булаацалдаж хэрэгжүүлж болох тухай асуудал биш. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөр аль нь хууль тогтоогч, аль нь гүйцэтгэх эрх мэдэл вэ гэдэг хил заагаа тогтоох нь өнгөрсөн 25 жилд хамгийн их гарсан алдаа завхралыг засах гол арга нь. Тэглээ гээд Ерөнхий сайд хүчтэй, супер болчихлоо гэсэн үг биш. Ерөнхий сайд хэзээ ч супер эрх мэдэлтэй болж чадахгүй. Яагаад гэвэл УИХ-ын хүрээнд байгаа төлөөлөл, хууль тогтоох, хяналтын эрх мэдлийг Ерөнхий сайд хэрэгжүүлж чадахгүй. Гэтэл УИХ энэ эрх мэдлүүдээ хэрэгжүүлэхгүй мөртлөө гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг булааж хэрэгжүүлээд байна. Ерөнхий сайдад кабинетаа бүрдүүлэх, бодлогоо тодорхойлох эрх мэдлийг нь өгчихвөл парламент хяналтаа сайжруулах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, парламентын хяналт илүү ухаалаг, хүчирхэг болох боломжтой болж эхэлнэ. Тиймээс энэ хоёрыг зэрэгцээ хийх ёстой.

Ерөнхий сайдыг хүчирхэгжүүлж эрх мэдэлтэй болгож байгаа бол нөгөө талд парламент Ерөнхий сайдыг хянах хэмжээний хяналтын эрх мэдлийн механизмуудтай болох ёстой юм. Засгийн газрын ажил руу гүйж ороод мөнгө хуваарилаад, хүн томилоод, хуулийн хэрэгжилтийг гүйцэтгэх гэж оролдохыг нь УИХ-ын гишүүдэд хориглоод, хязгаарлаад эхлэхээр тэд өөртөө байгаа хууль ёсны эрх мэдлийг л ашигладаг болно. Энэ нь парламентын хяналт. Хяналт, тэнцэл гэдэг зарчим бодит утгаараа гарч ирнэ гэсэн үг. Үүнийг бий болгохын тулд хүссэн хүсээгүй эрх мэдлийн зааг ялгаагаа илүү тод зурах ёстой.

 -Энэ парламент чадамжгүй, Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгууль болохоос зургаан сарын өмнө баталж амжихгүй гэх шүүмжлэл, эсэргүүцэл сөрөг хүчний зүгээс яваад байна.  Үнэхээр амжихгүй байлаа гэхэд хэлэлцүүлгийг дараагийн парламент руу шилжүүлж болох уу?

 -Бид энэ л цаг үед амьдарч байна. Энэ цаг үед амьдарч буй хүмүүс 1992 онд амьдарч байгаа хүмүүс шиг сэтгэж, бодох албагүй. Энэ цаг үеийн хүмүүс өөрсдийнхөө амьдралыг мэдэж шийдэх эрхтэй. Тиймээс Үндсэн хууль болно, болохгүй байна гэдгийг шийдэхийн тулд олон нийтийн оролцоог хангасан хэлэлцүүлэг, санал асуулгыг түлхүү хийх ёстой. Цаг нь болоогүй, чадамжгүй байна гэдэг бол өөрөө өөрсдийнхөө амьдралыг л үгүйсгэж байгаа хэрэг. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг “Одоо л хийхгүй бол болохгүй” гэж  цаг хугацааны хэмжүүрт захирагдаж хийдэг зүйл биш. Цаг нь болоогүй, та нар чадахгүй гэж бүгдийг хойшлуулж бусдын амьдралыг үрэн таран хийдэг урхаг, үзэл бодлын хоцрогдол ч бас байж болохгүй.

Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн тэнцэл одоо цаг дээр уулзалддаг учраас одоо цаг дээр нь асуудлыг шийдэж сурах ёстой. Одоо цагаа эзэлж чаддаггүй хүмүүст ирээдүй цаг гэж байдаггүй. Тэдэнд зөвхөн бусдын өнгөрсөн цаг л үйлчилдэг гэдэг үг байдаг. Энэ цаг үеийн хүмүүсийн ирээдүйд амьдрах хүсэлтэй нь хэд юм. Тэр хүмүүс нь шийдвэр гаргаж чадаж байна уу үгүй юу гэдгээр хөгжил дэвшил хэмжигддэг. Өнгөрсөн үед амьдарч байсан хүмүүс өөрсдийн түүхээ, эсвэл өнгөрснөө үргэлжлүүлэх гэж оролдвол энэ улс орны ирээдүй бүрхэг болно. Тиймээс цагийн юм цагтаа гэдэг зарчим Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт ч гэсэн харагдах ёстой.

 Шинэтгэл гэдэг сэтгэл хөдлөлөөр хийдэг ажил биш

 -Хууль эрхзүйн салбарын шинэчлэлийн талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Та хоёр дахь удаагаа УИХ-д нэр дэвшихдээ л Хууль зүйн сайд болно гэж зарлаж байгаад болсон. Энэ салбарт нэлээдгүй шинэчлэл эхлүүлсэн. Гэвч өнөөдөр батлуулсан зарим хуулиуд тань Үндсэн хуулийн Цэц дээр унаад байх шиг. Одоогийн Хууль зүйн сайд таныг “Мөрөөдөлдөө автаж хууль зүйн салбарыг самарсан” гэж шүүмжилдэг. Та үнэхээр мөрөөдөл, төсөөллөөрөө энэ салбарыг эргүүлчихсэн юм уу?

 -Намайг Хууль зүйн сайд байхад буюу манай Засгийн газраас өргөн мэдүүлж, батлуулсан хуулийн заалтууд Цэц дээр унаагүй. Ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн 2008-2012 онд өргөн мэдүүлж, батлуулсан зарим хуулиуд Цэц дээр унаж байгаа. Зарим нэг хүн асуудлаа гүйцэд судлаагүй учраас андуурч яриад байх шиг байна лээ. Тэр битгий хэл Цэцийн хурал дээр цэцийн гишүүн хүн хүртэл таны Хууль зүйн сайд байхдаа баталсан хууль гэж ирээд ярьж байна лээ. Цэц шүүх байсан бол тэр хүн аль эрт шүүгчийн ажлаасаа халагдах хариуцлага хүлээх байсан. Шүүхийн тухай таван багц хуулийг Ерөнхийлөгч санаачилж, энэ УИХ биш өмнөх УИХ баталсан. 2012 онд АН сонгуульд ялж олонх болсны дараа би Хууль зүйн сайд болсон. Хууль зүйн сайд болсноос хойш хийгдсэн хуулийн салбарын шинэчлэлтэй холбоотой хуулиудаас өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн Цэцэд очоогүй. Зарим нэг хүмүүс Х.Тэмүүжингийн хуулиудыг унагаж байна гэж бодсон бол эндүүрсэн байна гэж би хэлье. Хууль зүйн сайд байхдаа миний хийх гэж оролдсон хууль эрх зүйн шинэтгэлүүд дуусаагүй байна.

Хамгийн гол шинэтгэл болох Эрүүгийн болон Зөрчлийн хууль өчигдөр УИХ-аар батлагдсан. Сайдаар ажиллаж байхдаа Цагдаагийн алба, Тахарын албаны тухай, Гэрч хохирогчийг хамгаалах, Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор Цэц дээр ямар нэг маргаан болоогүй. Цагдаагийн албаны хуулийг шинэ сайд өөрчилнө гээд явж байгаа. Гэхдээ эдгээр хуулийн заалтуудаас иргэдэд чиглэсэн нэг ч шинэтгэлийг шүүмжлээгүй. Цагдаагийн зарим нэг албан тушаалтны эрх мэдлийг хязгаарласан зүйлийг л шүүмжилж, түүнийг нь өөрчлөхийн тулд миний оруулсан зарим хуулийн төслийг УИХ дээрээс эргүүлж татаж авсан. Энэ бас ялгаатай.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин

 -Цагдаагийн албаны хуулийг өөрчлөх болсон шалтгаанаа Д.Дорлигжав сайд “Мөрдөх албаны хуулиа батлуулаагүй байж Цагдаагийн албаны хуулийг дангаар нь хэрэгжүүлснээс болж хуулийн хийдэл, зөрчил үүсээд байна” гэж тайлбарлаж байсан санагдаж байна?

 

-Мөрдөх албаны тухай хуулийн төслийг шинэ Засгийн газар өөрөө УИХ-аас татаад авчихсан шүү дээ. Мөрдөх албаны тухай хууль, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, гэх зэрэг өргөн мэдүүлсэн байсан хуулийн төслийг сайд болонгуутаа татаад авчихсан. Өргөн мэдүүлэхэд бэлэн болсон байсан Эрүүгийн хэрэг хянан шидвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай, Ял эдлүүлэх үйл ажиллагааны тухай, Шүүхийн шинжилгээний тухай, Хохирол барагдуулах сангийн үйл ажиллагааны тухай гэх процессын цогц хуулиудыг нэгээс бусдыг нь оруулж ирээгүй байна. Одоо хар л даа.

Гэр оронгүй, архинд донтох өвчтэй хүмүүсийг одоо болтол дүүргийн эмнэлгүүдийн хүлээн авахад эмчилж байна, эмнэлгүүдийн хүлээн авах дүүрсэн байна гэх мэдээлэл сошиалаар байнга явж байна. Гэтэл УИХ дээр байсан Албадан эмчилгээний тухай хуулийг Засгийн газар татаж аваад жил гаруй болж байна. Одоо болтол буцааж оруулж ирээгүй байх жишээтэй. Албадан эмчилгээний тухай хууль батлагдчихсан бол гэр оронгүй, араас нь нэхэл дагал болох хамаатан садангүй, архины хамааралтай болчихсон иргэдээ гудамжинд хөлдөөгөөд үхүүлчихгүй Мааньтад байх албадан эмчлэх эмнэлэгт өвлийг өнгөрөөгөөд байж болох байсан. Тэр хуулийг татаж авснаас болоод одоо хүртэл энэ асуудал шийдэгдэхгүй, архинд донтох өвчтэй хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээ авах ёстой иргэдтэй холилдоод байж байна. Бодлогыг цогцоор нь явуулахгүй зэрэмдэглэснээс гарч байгаа алдаа энэ. Одоо тэгээд үүнийгээ “Тэмүүжингээс боллоо” гэж ярих нь утгагүй биз дээ.

 Зөвхөн Эрүүгийн хууль тогтоомж гэхэд цогцоороо найман хууль батлагдаж гарах ёстой. Үүнээс өнөөдөр Эрүү, Зөрчлийн гэсэн хоёр хууль нь л батлагдлаа. Үлдсэн зургаан хуулийг өргөн бариад батлуулах шаардлага байна. Бүх зүйлийг том зургаар нь харж асуудлаа шийдэхгүй байгаагаас алдаа гарч байна. Эрүүгийн хууль тогтоомжуудаа шинэчлэхгүй бол хүний эрх, хэлмэгдүүлэлт, шоронжсон систем, хүнийг заавал хорьж байцааж, мөрдөн шалгадаг, эрүүдэн шүүж, өөрийг нь өөрөөр нь нотлуулах гэж оролддог хуучны энэ арга барил өөрчлөгдөхгүй. Ийм зүйлийг сэтгэл хөдлөлөөр хийж болдоггүй юм.

Олон жилийн судалгааны үр дүнд гаргасан зургаар явах ёстой. Би хууль эрх зүйн салбарын шинэтгэлд сэтгэл хөдлөлөөр хандаагүй, зарим нэг хүмүүстэй философийн болон арга барилын зөрчилд орсон байх. Зөрчилдөж буй үзэл бодол, арга зүй, баримтуудаа бодитой олж харж чаддаггүй хүмүүс л бусдыг сэтгэл хөдлөл энэ тэр гэсэн хийсвэр зүйлээр буруутгах гэж оролддог. Энэ шинэчлэл бол 2002 оны Эрүүгийн хууль, дагалдах процессын хуулиудыг шинэчлэхийн тулд өмнө хийгдсэн судалгаануудын үр дүн. Тэр үед хийх ёстой 10 алхмаасаа хоёрхон алхмыг л хийсэн. Үлдсэн найман алхмыг би хийх гэж оролдсон ч дахиад хоёр алхаад зогссон. Гэхдээ цааш алхах байх аа.

 -Та өмнө нь сайд байхдаа ч гэсэн салбарынхаа хүмүүстэй таарамжгүй байсан гэж харагддаг. Ялангуяа УЕП Д.Дорлигжавтай. Үнэхээр үзэл бодол нийлэхгүй байсан уу, эсвэл өөр том эрх ашгийн зөрчил байна уу?

 -Үзэл бодол гэхээсээ илүүтэй арга барил, хандлагын ялгаа байгаа. Зарим хүний ажиллаж байгаа зарчим, арга барилтай зөрчилдсөн байх. Намайг Хууль зүйн сайдын албан тушаалаас буулгахын төлөө ажиллаж, хууль бусаар гүйцэтгэх ажил явуулсан, тодорхой зохиомол гэмт хэргүүдэд гүтгэсэн, албан тушаалаа урвуулсан цагдаагийн зарим хурандаа нартай холбогдох эрүүгийн хэргийг одоо хуулийн байгууллага сэргээн шалгаж байна. Д.Дорлигжав Ерөнхий прокурор байхдаа тэр хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон. Шинэ Ерөнхий прокурор томилогдсон. Хуулиа баримталдаг хүмүүс ажлаа зохих ёсоор хийдэг болсон учраас хуулийнхаа дагуу бүх зүйл шийдэгдэх байх. Тэр асуудал шийдэгдээд ирэхээр хэн нь хэн байсан бэ гэдэг нь тодорхой болох биз.

 Армийн нэрээр төр дахиад бизнесийг дээрэмдэх нь байна

-Саяхан УИХ-аар “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталж 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа. Шинэ төмөр замаа цэргүүдээр бариулах гэнэ. Үүнээс болж улстөрчдийн дунд нэлээд маргаан дэгдсэн. Энэ маргаан одоо улстөрчдаас халиад нийгмийн хэсэг бүлэг рүү халдаж байх шиг байна. Та энэ хөтөлбөрийн талаар ямар бодолтой байна?

 -Энэ асуудлаар Э.Бат-Үүл саяхан байр сууриа илэрхийлсэн байна лээ. Хувь хүний эрх чөлөөг хүндэтгэдэг, хувийн өмчийг дэмждэг, зах зээлийнхээ дүрмээр энэ асуудал явах ёстой. Бага оролцоотой, үр ашигтай зохицуулалт хийдэг төрийн тухай үзлийг өөрийнхөө үзэл баримтлал гэж боддог АН ийм санаачлага гаргаж болохгүй. Яагаад гэвэл энэ бодлого манай намын үнэт зүйл, зарчимтай зөрчилдөнө. Цэргийн албан хаагчаар төмөр зам бариулна гэдэг Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцыг зөрчихөөс гадна намын суурь үндсэн зарчмыг үгүй хийж байна. Цэрэг гэж хэн бэ гэдгийг бид бодох ёстой. Цэргийн албанд хүн сайн дураараа явдаггүй. Цэрэг татлага эрүүгийн хууль сануулж эхэлдэг.

Эрүүгийн хуулийн цэргийн гэмт хэрэгтэй холбоотой 275, 279, 281, 284 энэ зүйл, заалтуудыг уншсан ямар ч ардчилагч ийм тэнэг санаачлага гаргаж чадахгүй. Эрүүгийн хуулийн ийм диктатуртай цэргийн орчинд хөдөлмөрийн харилцааг оруулж ирэхээр ямар ч маргаангүй албадан хөдөлмөр эрхлэлт болно л доо. Мэдлэггүй сайхан сэтгэл тэнэгээс нэг ах гэх үг байдаг даа. Төмөр зам барина, бүтээн байгуулт хийнэ гэдэг батлан хамгаалах гэхээсээ илүү хөдөлмөрийн харилцаа. Хөдөлмөр хийснийнхээ төлөө цалин авдаг, бэрхшээлтэй гэвэл ажлаасаа гарч болдог тийм л харилцаа. Үндсэн хуульд заасан ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох гэсэн үндсэн эрх, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой олон заалтыг байхгүй болгож, эсвэл цэргийн албыг сайн дурын болгож байж л хийх ёстой болов уу.  Армийн нэрээр, Эрүүгийн хуулиар далайлгаж иргэнээ албадан хөдөлмөрлүүлнэ гэдэг социализм, фашизм хоёрт л төрж болдог санаа.

 -Цэргээр төмөр зам бариулбал манай батлан хамгаалах чадавхийг сулруулах бодлого болно гэж та жиргэсэн байсан. Үүнийгээ тодотговол?

 -Фашист, коммунист нийгэмд л хоригдол, цэрэг хоёроор бүтээн байгуулалт хийх гэж оролддог. Тиймээс шоронг маш олноор байгуулдаг. Цэргийн алба гэдэг нэрийн дор аль болох өртөг багатай, хямд ажиллах фронтыг үүсгэдэг. Ардчилсан нийгэмд ийм зүйл байхгүй. Тэр дундаа 1992 онд ардчилсан Үндсэн хууль баталсан манай улсад энэ боломжгүй. Төсвийн мөнгийг гадны иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд бус, дотоодынхоо хөдөлмөр эрхлээгүй залуусыг дэмжихэд зарцуулъя гэдэг бол зөв. Монгол залуусаа мэргэжилтэй болгоё гэх нь ч зөв.

Гэхдээ үүнийг арми, цэргээр хийж болохгүй. Үүний оронд ажилгүй байгаа залууст хандан “Улсынхаа бүтээн байгуулалтад бүгдээрээ оролцъё” гэдэг уриалга гарга л даа. Тэдэнд мэргэжил эзэмшүүлэхийн тулд байгуулсан МСҮТ-ийг ашигла, үүнийг нь Хөдөлмөрийн яам зохион байгуулах хэрэгтэй. Энэ бол цэргийн бус, хөдөлмөрийн харилцаа. Тэгвэл цэргийн дүрмээр бус, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмээр ажиллана. Цэргийн гэмт хэргээр бус хөдөлмөрийн сахилга батаар асуудлаа шийдүүлнэ. Коммунист гэж шүүмжлүүлж байсан ЗХУ хүртэл 1972 оноос хойш төмөр зам барихдаа хоригдол, цэрэг хоёрыг ажиллуулахаа больсон. Хоригдол, цэргүүдээр төмөр зам бариулах нь дэлхий нийтэд ЗХУ-ыг муухай харагдуулж байна гээд комсомолын байгууллагаараа дамжуулсан.

Гэтэл тэр нийгмийг бузар булай гэж 1990 онд ардчилсан хувьсгал хийсэн хүмүүс өнөөдөр ардчиллын зарчмаас ухарч, тэр хүмүүсээс долоон дор шийдвэр гаргаж болохгүй шүү дээ. Зах зээлийнхээ зарчмаар аж ахуйн нэгжүүдээрээ хийлгэвэл мэргэжилтнүүдээ ажилтай болгож, залуусыг шинэ мэргэжилтэй болгож чадна. МСҮТ-ийг ч бодит хэрэгцээнд буулгах, Хөдөлмөрийн яам хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах боломж бий болох юм. Харьцангуй иргэншсэн аргаар үүнийг хийж болох боломж байсаар атал яагаад Хойд Солонгос шиг цэргээр төмөр замыг барих гээд байгаа юм бэ.

 -Цэргүүдийг үнэгүй тэжээж байснаас ажил хийлгэсэн нь дээр гэж үзэх гишүүд байсан.Гэтэл цаана нь өөр том сонирхол яваад байгаа юм биш үү?

 -Цэрэг хүнийг зүгээр тэжээдэггүй юм. Цэрэг хүн тэнд цэргийн эрдэм суралцдаг. Галт зэвсэг эзэмшиж, цэргийн зохион байгуулалтанд орж, хариуцлага хүлээж, хэнд удирдагдаж ямар ажил чиг үүрэг хариуцаж, сорилтыг хэрхэн даван туулах вэ гэдэг цэргийн эрдэмд суралцдаг. Наад зах нь олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, байгалийн гамшиг болоход иргэний хамгаалалтын үйл ажиллагаанд яаж дэмжлэг үзүүлэх вэ гэдэг дадлагыг тэнд хийж байх ёстой. Нэг жилийн хугацаанд энэ эрдмийг сургаж хүрэлцэхгүй байна. Гэтэл дээр нь нэмээд хар ажил хийлгэж болохгүй биз дээ.

Энэ бол манай улсын батлан хамгаалах чадавхийг сулруулах бодлого гэж би хэлнэ. Улсаа батлан хамгаалах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн оронд хувийн хэвшлийн хийх ёстой ажлыг өмнүүр нь орж хийгээд байвал батлан хамгаалах сургалт дадлгаа хэн хийх. Зөрүүлээд хувийн хэвшлээрээ хийлгэх үү. Нөгөө талаас энэ бол төр өөрөө зах зээл дээр өрсөлдөгч болж хувираад, эцсийн дүндээ зах зээл дээр явж байгаа бизнесийг төр булааж авч байгаа нэг хэлбэр. Мөдхөн компаниуд тариа тарьж чадахгүй байна, цэргийн хүчээр тариа таръя гэвэл яана. Энэ бол хэвийн явж байгаа зах зээлийн орчинг армийн нэрээр булааж авах санаачлага. Гитлер ийм санаачлага гаргасан. Тухайн үед маш олон бизнес эрхлэгчид түүнийг дэмжсэн ч эргээд бүх бизнесээ төрд булаалгасан. Тиймээс Э.Бат-Үүлийн “Энэ бол фашист санаачлага” гэж хэлснийг би 100 хувь дэмжиж байна. Ийм түүхийг дэлхий туулаад өнгөрсөн байхад манайх 100 жилийн дараа давтах гэж оролдож болохгүй. Ийм санаачлагыг тэр дундаа АН гаргаж болохгүй. Тиймээс үүн дээр эргэж харах ёстой.

Армиар төмөр замын бүтээн байгуулалт хийлгэвэл цэргийн гэмт хэргийн тоо маш их өснө шүү. Дээр нь төмөр зам барихын тулд техник хэрэгсэл хэрэгтэй. Түүнийг арми бас худалдаж авах юм уу. Дахиад төсвөөс армид огт шаардлагагүй маш их хэмжээний тоног төхөөрөмж худалдаж авах шаардлага гарна. Үүгээр яах гэж байгаа юм, мөнгө угаах гээд байгаа юм уу. Сонирхолтой байгаа биз дээ! Зүй нь тэр тоног төхөөрөмжийг компаниуд нь худалдаж аваад, ажилгүй байгаа залуучууд нь ажлын байраар хангагдаад, МСҮТ, тэдгээрийн багш нар нь танхимд биш ажлын байр дээр нь мэргэжил эзэмшүүлээд, Хөдөлмөрийн яам нь хөдөлмөрийн дотоод зах зээлээ хамгаалах бодлогоо бариад, залуучуудын байгууллага, иргэний нийгэм нь уриалга гаргаж  хамтраад явбал зөв л байх.   

-Ярилцсанд баярлалаа.