Намууд төлөвшөөгүй, үнэт зүйлс ч үгүй байна. Харин бидэнд энэ бүхэн бий
УИХ-аар хэлэлцэж байгаа УИХ-ын сонгуулийн тухай болон, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намуудын тухай хуулийн талаар Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ын дарга С.Боргилтой ярилцлаа.
-Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг боловсруулаад танилцуулсан. Харин улс төрийн намууд энэ хуулийн төслийг дэмжихгүйгээ мэдэгдэж, хэвлэлийн хурал хийсэн. Танай намын хувьд энэ төсөлд ямар байр суурьтай байгаа вэ?
-Одоогийн намуудын хувьд сэтгэл дундуур байгаа асуудал нь тэдний байр суурьтай холбоотой байх. Улс төрийн намуудын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт би очоогүй. Бид хуулийн мэргэжилтнүүдээ оролцуулсан. ХҮН-ын хувьд тухайн асуудлуудад мэргэжлийн үүднээс хандаж улс төрийн бус өнцөгөөс сонсохыг эрмэлздэг учир хуулчьдаа оролцуулсан. Монголын улс төрд цоо шинээр гарч ирж байгаа намын хувьд бид олон зүйлийг эсэргүүцдэг популист нам гэдэг нэр авч байх шиг. Зөв зүйтэй санал санаачилга, бодлого шийдлийг дэмжих, хамтрах нь бидний үүрэг. Бидний намаа байгуулсан зарчим, чиг хандлага, үзэл санаатай Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намуудын тухай хуулийн төслийн зарим заалт нийцэж байгаа. Тиймээс зарим талаараа энэ хуулийн тодорхой заалтуудыг дэмжиж байгаа.
-Зарим талаараа гэдгээ тодруулаач. Тухайлбал, ямар заалтуудыг дэмжиж байгаа юм бэ?
-Бид ХҮН-ыг 2015 оны тавдугаар сарын 4-нд шинэчлэн зохион байгуулснаас хойш санхүүжилтийн хувьд ил тод байх ёстой гэдэг зарчим баримталсан. Улс төрийн намуудын хувьд хамгийн их хардлага дагуулж байдаг зүйл нь санхүүжилт. Тэгэхээр бид санхүүжилтээ ил болгож хамгийн анх шилэн данстай болсон нам. Зургадугаар сар, есдүгээр сараар эцэс болгож санхүүгийн тайлангаа ил тавьсан. Энэ сарын сүүлчээр ч гэсэн тайлангаа ил болгоно.
Бид үүнийгээ олон нийтэд ил зарлаад явдаггүй. Бид улс төрд шинэ зарчим, хандлага, соёл бий болгохыг эрмэлзэж байгаа. Хуулийн төсөлд намуудыг санхүүжилтээ ил болгохыг тусгасан. Мөн улс төрийн намуудыг лидер, удирдан толгойлогч, манлайлагчаараа биш нам гэдэг агуулгаараа бодлого, шийдвэр, асуудлын гарцыг олохоороо өрсөлдөж байхаар буюу институтын зарчмаар ажиллаж байхаар уг төслийг боловсруулж. Бидний анхнаасаа баримталсан бас нэг гол зарчим бол намыг институт болгох. Өөрөөр хэлбэл нам бол удирдагч эсвэл тухайн удирдах багаас шууд хамаардаг бүтэц биш. Дарга эсвэл баг нь солигдсон ч нам өөрийн зарчим, амлалт, зорилтоо өөрчлөхгүйгээр тасралтгүй ажилладаг тийм байгууламж байх юм. ХҮН тодорхой нэг манлайлагч юм уу, удирдах албан тушаалтнуудаас хамааралтай нам биш ээ. Бид бүх шийдвэрийг хамтаараа гаргадаг.
-Үнэхээр хамтаараа шийдвэр гаргаж чаддаг уу?
-Тэгэлгүй яахав. Бидний хэн нэг нь хэзээ ч бие дааж шийдвэр гаргадаггүй. Өнөөдөр та бид хоёрын ярьж байгаа зүйл ч ялгаагүй намын байр суурь болохоос намын даргын байр суурь биш. Энэ ярилцлагыг өгөхийг тулд намын удирдах зөвлөлийн гишүүд, хуулийн мэргэжилтнүүд, хуулийн зөвлөхүүд, Бодлого судалгааны хүрээлэнтэй хамтарч энэ байр сууриа гаргасан. Намын дарга бол нийтээр хэлэлцэж тогтсон намын байр суурь, шийдлийг олон нийтэд намын өмнөөс тайлбарлаж, мэдээлдэг үүрэгтэн. Түүнээс биш дангаараа дураараа гишүүдийнхээ өмнөөс шийд гаргадаг бие даасан мэдэлтэн биш ээ.
-Танай бодлоготой агуулга нь нийцэж байгаа төсөл учраас Улс төрийн намын тухай хуулийг дэмжинэ гэсэн үг үү?
Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ын дарга С.Боргил
-Намын дэргэдэх байгууллагын тооны хязгаарыг тогтоож хуулийн төсөлд оруулсан юм билээ. Бид Бодлого судалгааны хүрээлэн гэж дэргэдээ ганцхан байгууллага байгуулсан. Тухайн асуудлууд дээр манай хүрээлэнгийн судлаачид, эрдэмтэд, мэргэжилтнүүд онол, судалгаа, туршлага дээр үндэслэн улс төрийн ямар нэг өнцөг, ойлголт тусгаагүй бодлого, шийдэл, гарцыг намын гишүүд болон удирдах багт танилцуулдаг. Энэ үндэслэлд бид улс төрийн тодорхой байр сууриа илэрхийлдэг. Улс төрийн намыг боловсон хүчний хувьд тарамдуулж, нэгдсэн бодлого, үзэл баримтлалыг хөгжүүлэхэд хамгийн их саад болж байгаа намын дэргэдэх олон дагавар бүтцийг бид эсэргүүцдэг.
Энэ агуулгаараа намын дэргэдэх байгууллагыг цөөлөхийг бид дэмжинэ. Дүгнэж хэлэхэд ХҮН шинэчилсэн зохион байгуулалтаараа дүрмээ шинэчилж, бүтэц зохион байгуулалт, үзэл санаа, зарчим, зорилтоо тодорхойлохдоо санхүүгийн хувьд ил тод, намыг институт байлгах, ёс зүйн хатуу хариуцлагатай байхаар аль эрт хийчихсэн юм. Бидний баримталж байгаа зарчимтай хуулийн төслийн зарим заалтууд нийцэж байна. Хуулийн төсөлд ёс зүйн журамтай байхыг тусгасан бол бид аль эрт дүрэмдээ хийж өгсөн.
-Нийцэхгүй байгаа заалтуудаас ганц нэгийг дурдаж болох уу?
-3000-аас доош хүн амтай засаг захиргааны нэгжид намын салбар байгуулж болохгүй гэсэн. Энэ бол ардчиллын зарчимтай шууд зөрчилдөж байгаа. Хэт улстөржилтийг намжаах зорилготой гэж тайлбарлаж байгаа ч нөгөө талдаа ардчиллын том зарчимтай зөрчилдөөд байна. Өөр олон заалт бий. Хуулийн төслийн зарим заалт дэвшилттэй боловч 25 жилд олсон ардчиллын ололтыг үгүйсгэж болохгүй. Одоогийн улстөржилтөөс зугатаах нэрийн дор өмнө нь олж авсан амжилтаасаа ухарч болохгүй.
-Танай нам хатуу гишүүнчлэлийг дэмждэг биз дээ?
-Үгүй, бид хатуу гишүүнчлэлийг эсэргүүцдэг. Гэхдээ өнөөгийн Улс төрийн намын тухай хуулиар хатуу гишүүнчлэлтэй байж орон нутгийн бүтцийг бий болгоно. Үзэл санааны хувьд хатуу гишүүнчлэлийн эсрэг.
-Гэхдээ танайх үе үе гишүүд элсүүлдэг. Энэ чинь тэгээд хатуу гишүүнчлэлтэй байгааг нэг хэлбэр биш гэж үү?
-Бид тэгж кампаничилсан байдлаар гишүүдээ элсүүлдэггүй. Элсэх сонирхолтой хүмүүсээ цуглуулж байгаад тэдний үзэл бодлыг сонсдог. Үзэл баримтлал, зорилгоо танилцуулаад санаа бодол нийлсэн тохиолдолд бүлэглээд элсүүлдэг. Та бүхний сонголт, үзэл санаа улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулъя гэж үзэж байгаа бол хамтарч ажиллая гэдэг. Бидний үйл ажиллагааг дэмжиж байгаа хүмүүсийн байр суурь, албан тушаал, бизнесийг өнөөгийн хэт улс төржсөн нөхцөлд эрсдэлд оруулахгүй байхыг бид хичээдэг.
Тиймээс бид хүмүүсийг гишүүнээр элсэхээсээ өмнө тэдэнд өөрсдөө шийдэх бололцоо олгохыг эрмэлзэж ажилладаг. Намын жинхэнэ гишүүн болж ил гарахгүйгээр бидний үйл ажиллагаанд оролцоод явах бололцоог хангах зорилгоор бид дэмжигч гишүүн гэсэн статусыг бий болгосон. Манай намд гишүүнээр элссэн хэн боловч андгай өргөдөг. Андгай өргөхийн гол утга санаа нь намын гишүүн ямар нэг байдлаар авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол нам өмгөөлөхгүй, харин ч уг гишүүнийг хууль хяналтын байгууллагад өгнө гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Ингэснээр ёс зүйн хувьд цэвэр байна, энэ бол бидний хамгийн том ялгарал.
-Улс төрийн намын тухай хуулийн зарим заалтыг нь дэмжиж, заримыг нь дэмжихгүй гэлээ. Намуудын энэ хуулиас илүүтэй Сонгуулийн хуульд ач хобогдол өгч байгаа. Танай намын байр суурь ямар байгаа вэ, Сонгуулийн хуулийн төсөлд?
-Манай Бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаачид, хуульчид ажиллаж байна. Ерөнхийдөө Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлд улс төрийн намууд тодорхой дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Энэ хүрээнд зөв зүйтэй зарчмууд дээр санал нийцэж байгаагаа ил тод илэрхийлэх нь бидний үүрэг гэж харж байгаа. Сонгуулийн тухай хуулийн дөрвөн ч хувилбар яригдаж энэ бүхэн дээр намууд ухаанаа уралдуулж байгаа мөртлөө, Улс төрийн намын тухай хууль дээр ямар нэгэн байр суурь, хувилбарууд яригдахгүй байна. Намууд өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэх ёстой шүү дээ. Дотроосоо өөрчлөгдөхийг хичээхгүй байж улс төрийн эрх авах арга замаа өөрчлөхийг хичээж байгаа нь нийгмийг эрүүлжүүлэх гэсэн ард түмний эрлийг мухардуулж байна.
-Намууд өөрсдөдөө ашигтай байх хувилбараар Сонгуулийн хуулийн төслүүдийг оруулж ирсэн гэх гээд байна уу?
-Тийм ээ, хууль санаачлах эрхэнд тулгуурлан дөрвийн дөрвөн хувилбараар сонгуулийн тухай хуулийн төсөл орууллаа. Тэгсэн мөртлөө улс төрийн намын тогтолцоондоо аль нь ч санаа зовохгүй хаячихсан. Энэ бол улс төрийн намууд төлөвшөөгүй, үнэт зүйлс байхгүйг л харуулж байгаа юм. Улс төрийн намын тухай хуулийн төслийг батлахгүй байлаа ч гэсэн манай намын үнэт зүйлс, зарчим, бодлого өөрчлөгдөхгүй. Бид тодорхойлсон зорилгынхоо дагуу л ажиллана. Дэлхий нийт ч энэ чиглэл рүү явж байгаа шүү дээ.
-Үндсэн хуулийг өөрчлөх эсэхээр ард нийтийн санал асуулга явуулъя гэж байсан. Санал асууж шийднэ гэдэг танай намынхны нэг зорилго биелчихлээ гэж болох уу?
-Нийтийн зөвшилцлийн хамгийн том бэлгэ тэмдэг болсон Үндсэн хуулийг нийтийн зөвшилцөлгүйгээр, ард нийтээс асуулгүй өөрчлөх нь ардчиллын зарчимд үл нийцэх үйлдэл. Бид 1992 онд Үндсэн хуулийг мөнгөгүй улс төрийн орчинд баталсан. Тиймээс маш цэвэр орчноос Үндсэн хууль төрсөн. Тэр үед улстөрчид нь мөнгөгүй, эрх мэдлийн тухай ойлголт ч үгүй байсан. Харин эрх мэдэлтэй байхын хэрээр, цаг хугацааны эрхээр тэд хуулиар дамжуулж эрх мэдлээ удаан хадгалж болохыг ойлгож. Энэ бусармаг үйлдэл нь сэдэрсээр 2000 онд “дордуулсан долоон” өөрчлөлтийг Үндсэн хуульд хийсэн шүү дээ. Ард нийтээс асуулгүй хийсэн үйлдэл нь өнөөдрийн улс төрд мухардлын үүд хаалгыг нээсэн.
Бидний харж байгаагаар эхлээд ард түмнээс өөрчлөх үү, үгүй юу гэдгийг асуу. Дараа нь ямар заалтыг яаж өөрчлөхөө олон нийт, судлаачид, улс төрийн намууд, бусад ашиг сонирхолын байгууллагуудаар хэлэлцүүлэх шаардлагатай. Эдгээрийн оролцоог боловсруулалтын шатанд зайлшгүй хангах ёстой. УИХ-аас ажлын хэсэг томилогдох үед бид зургадугаар сарын 26-нд Үндсэн хуулийг нийтийн зөвшилцөлгүй өөрчлөхийг эсэргүүцэж тайван цуглаан зохион байгуулсан. Бид удаа дараа шаардлага хүргүүлсэн. Хамгийн сүүлд бид арваннэгдүгээр сарын 16-нд ардын хурал зохион байгуулж, хүмүүсийн санал бодлыг сонсоод дөрөв дэх шаардлагаа хүргүүлсэн. Одоог болтол бидэнд ямар ч хариу өгөөгүй байгаа. Эдийн засаг хямарч, олон нийт бухимдаж байгаа энэ үед өөрсдийн улс төрийн нөхцөлдөө тохируулан Үндсэн хуулиараа тоглож нийгмийн тэнцвэрээр хамаагүй оролдож болохгүй.
-Ард нийтийн санал асуулгын хуулиа өөрчлөөд санал асуух шийдвэр УИХ-аас гарчихвал яах вэ?
-Ард нийтийн санал асуулга явуулахаар болоод ард нийт ямар нэг эсэргүүцэл үзүүлбэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу гацах эрсдэл бий. Тэгэхээр шаардлагатай өөрчлөлт нь гацах эрсдэлтэй гэсэн үг. Одоогийн тохиолдолд улс төрийн чадамжгүй, нэр хүндгүй болсон энэ парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх эрхгүй гэж бид харж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа сайн унших ёстой. Тэдний энэ гоомой үйлдэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг найман жилээр хойшлуулах эрсдэлтэйг мэдэх хэрэгтэй.