Өнөөгийн ахмадуудад хуримтлал хийх бололцоо байгаагүй
Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдаад байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.
-Хамтын тэтгэврийн тухай хууль нэлээд хугацаанд яригдаж байж батлагдах шиг боллоо?
-Хамтын тэтгэврийн тухай хууль олон жил яригдаж байж батлагдлаа. Уг нь энэ хуулийг эртхэн баталсан бол ахмадуудад их хэрэгтэй байсан юм. Учир нь одоо байгаа тэтгэвэр нь бага тогтоогдсон ахмадууд социализмын үед ажиллаж амьдарч байсан хүмүүс. Тиймээс өнөөгийн манай ахмадуудад хуримтлал хийх бололцоо байгаагүй. Сүүлийн үеийн хүмүүс тодорхой хэмжээгээр өөрсдийн өмчтэй, хуримтлалтай болчихсон байна. Ийм ч учраас өнгөрсөн хугацаанд олон ахмад над руу утасдаж саналаа хэлдэг
байсан. “Манай хөгшин саяхан өнгөрчихлөө. Та нар хуулиа эртхэн батлахгүй дээ” гэсэн гомдол ч гарч байсан. Яараад байсан нь бас ийм учиртай юм.
-Халамжийн нэг өөр хэлбэр бий боллоо гэсэн өнцгөөс шүүмжлэх хүмүүс байсан. Энэ талаар юу хэлэх вэ?
-Цөөхөн хуудастай жижиг хууль хэрнээ их олон талын ач холбогдолтой. Энэ хууль, нийгмийн олон асуудлыг шийдэж байгаа. Шууд утгаараа манай тэтгэврийн ахмадуудын нийгмийн хамгааллын асуудалд чухал дэмжлэг үзүүлэхээр хууль болсон. Нөгөөтэйгүүр зарим гишүүн “Та нар халамжаас татгалзана гэчихээд халамж өглөө” гэх зэргээр хэлж байсан. Энэ бол халамжийн хууль биш.
Өөрөөр хэлбэл тухайн хүн насаараа ажил хийгээд өөрийнхөө цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан. Ингээд тэтгэвэрт гарсан хойноо хэрэглэх гэж байсан мөнгө нь юм. Эсвэл тэтгэвэрт гарахдаа аваад гэр бүлээрээ хэрэглэх гэж байсан хуримтлал нь шүү дээ. Тийм учраас энэ зүгээр ажил хийхгүй байгаа хүнд өгч байгаа халамжийн мөнгө биш юм. Амьд сэрүүн байсан бол бүр 100 хувь авах байсан нэг ёсондоо бараг өмч нь гэсэн үг. Тухайлбал, биднийг Солонгост очиход ярьж байсан. Тэнд тэтгэвэрт гарахад нь “Та шууд тэтгэврийн мөнгөө 100 хувь авах уу. Эсвэл хувааж авах уу” гээд асуудаг юм байна. Манай нөхцөлд шууд өгөх бололцоо байхгүй учраас гэр бүлд нь үлдэх ёстой. Тухайн гэр бүл хамтран амьдрах хугацаандаа цугтаа энэ тэтгэврийн мөнгийг босгож байгаа шүү дээ.
-Энэ хууль хэрэгжсэнээр төсовт аль хэр ачаалал нэмэгдэх вэ?
-Хамтын тэтгэврийн хуулийг санаачлагчид анх нас барсан хүнийхээ тэтгэврийг үлдэж байгаа нь 70, 80 хувь авахаар оруулсан. Гэтэл Засгийн газар тэр хувь хэмжээг нь тодорхойлохоор оруулж ирсэн. Би байнгын хорооны хурал дээр үүнийг нэлээд эсэргүүцсэн. Засгийн газар баталж болно. Гэхдээ доод хэмжээгээ заана. Тэгэхгүй бол та нар мөнгөгүй гээд зарим жил өгөхгүй. Зарим жил таван хувь өгөх юм бол энэ хуулийн утга алдагдана. Ямар ч үед доошлуулахгүй гэсэн доод хэмжээг нь заавал зааж өгөх ёстой гэж оруулсан санал дэмжигдсэн байгаа. Тухайн жил мөнгөтэй байвал тэтгэврийн 100 хувийг өгсөн ч болно шүү дээ. Үүнийг Засгийн газар тоггооно гэсэн үг. Төсөвт ирэх ачааллын хувьд 20 хувиар тооцох юм бол гурван тэрбум төгрөгийн л ачаалал ирэх юм билээ. Гурван тэрбум төгрөг бол төсвийн нийт дүнгийн тийм ч их хувь биш шүү дээ. Буцаан хэрэглэх дээр нэлээд маргаан гарсан. Бид 2012 оноос хойш нас барсан иргэдийнхээ гэр бүлд өгье гэсэн. Хэдэн жилээр буцааж олгохыг Засгийн газар шийдэхээр Улсын их хурал баталсан.
-Хамтын тэтгэвэр авах шалгуур бий юу?
-Хамтран амьдарсан хугацаанаас гадна тухайн хос хоёулаа ямар ч байсан 20 жил шимтгэлээ өгөөд тэтгэврээ тогтоолгочихсон байх ёстой.
-Тэтгэврээ өндөр тогтоолгосон гэр бүлийн тэргүүн нас барсны дараа хань ижил нь хүнд нөхцөлд үлддэг талаар хууль санаачлагчид хэлж байсан. Энэ мөн Хамтын тэтгэврийн хуулийг санаачлах нэг шаардлага байв уу?
-Манай эмэгтэйчүүдийн хувьд давхар ач холбогдолтой. Эмэгтэйчүүдийн ажилласан жил нь байсхийгээд тасарчихдаг. Тогтвортой удаан ажиллаж чаддаггүй. Түүнчлэн цалин өндөртэй оройн цагаар эсвэл хүнд нөхцөлд ажилладаг ажлыг хийдэггүй. Хүүхэд гаргадаг зэргээс шалтгаалаад тэтгэврийг нь их бага тогтоодог. Нөхрөө өндөр цалинтай ажил хийлгэдэг. Нөхөр нь өдөр, шөнөгүй ажил хийгээд гүрийгээд байдаг. Сүүлд нь ингээд тэтгэвэр авахад тэнцвэргүй байдал үүсч байгаа юм. Нөхөр нь нас барсан тохиолдолд бүр хүнд байдалтай болдог. Тийм учраас эмэгтэйчүүдэд их чухал хууль гэж бодож байгаа. Мөн гэр бүлийн үнэ цэнийг их нэмэгдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл хамтдаа гэр бүлээ батлуулаад 15 жил ба түүнээс дээш жил амьдарсан тохиолдолд хамтын тэтгэвэр авах эрх үүснэ. Тэгэхээр олон талын ач холбогдолтой хууль гэж үзэж байна.
-Гадаадад хамтын тэтгэврийн хууль хэр элбэг байдаг юм бол?
-Их олон оронд хамтын тэтгэврийн хууль байдаг юм байна лээ. Анх гэр бүл болохдоо гадаадынхан чинь гэрээ хийдэг шүү дээ. Гэрээн дээрээ бас нарийн тусгаж өгдөг юм байна. Жишээлэхэд тэтгэвэрт гараад намайг нас барсан тохиолдолд миний тэтгэврийн тэдэн хувийг чи авах эрхтэй гэх зэргээр хамтын гэрээн дээрээ зааж өгдөг. Бусад оронд их нарийн зохион байгуулалттай байдаг. Мөн хууль батлах явцад зарим гишүүдээс болгоомжлол гарч байсан.
Тэр нь тэтгэвэрт нь болоод зориуд нэг хүнтэй суугаад, нэг хоёр жилийн дараа нөгөө хүн нь нас барчихаар тэтгэврийг нь авна гэж тооцоолох вий гэсэн зүйлс юм. Бусад оронд ийм явдпууд гардаг юм билээ. Тэгэхээр бид ийм сөрөг үр дагаврууд бий болгохгүйн тулд жилийг нь зааж өгсөн. 15 жил заавал хамт амьдарсан байна гэдэг зүйл заалт оруулж өгсөн учраас энэ асуудал эергээр шийдэгдчихэж байгаа юм.