Хамтын тэтгэврийг 100 хувиар тогтоох боломжтой
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.12.07

Хамтын тэтгэврийг 100 хувиар тогтоох боломжтой

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Нийгэмд ялангуяа ахмад настнуудын дунд хүлээлттэй байсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг УИХ баталж, 2017 оноос хэрэгжүүлэхээр боллоо. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх боломж байгаагүй хэрэг үү?

-Хуулийг санаачлах санал ахмадуудаас өөрсдөөс нь анх гарсан юм. Тэтгэврийн хуримтлал бий болгочихоод түүнийгээ насны эцэст үзэж чадахгүй байна гэдэг асуудлаар маш олон ахмад ханддаг байсан. Нийгмийн даатгалын салбарыг тодорхой хугацаанд удирдаж байсан хүний хувьд энэ асуудлаар олон мянган ахмадтай санал бодлоо солилцож л байлаа.

Энэ бүх шалтгаанаар 2012 оны сонгуулийн дараа УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран санаачилсан ч хуулийн бүрдүүлэлтээс эхлүүлээд хэд хэдэн шалтгаанаар хойшилсоор 2014 оны нэгдүгээр сард өргөн барьсан. Түүнээс хойш хоёр жил гаруй хугацаанд улс төрийн болон бусад зорилгоор хуулийн төсөл саатсаар өнгөрсөн долоо хоногт баталлаа. Уг нь өргөн барьсан даруйдаа хэлэлцээд баталсан бол магадгүй 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжээд явах бүрэн боломжтой байлаа. Бүр байг гэхэд 2016 оны улсын төсөвт тодорхой хэмжээний мөнгө суулгаад хэрэгжүүлээд явах л байсан. Харамсалтай нь, төсвийн дараа оруулж ирсэн болохоор 2017 оноос хэрэгжихээр болж байна.

-Хамтын тэтгэвэр авах нөхцөлийг хэрхэн тавьж байгаа вэ.Уян хатан байдлаар хандах юм уу эвсэл хуульд заасан нөхцөлөө тавиад явах уу?

-Хамгийн эхний шаардлага бол гэрлэлтээ хууль журмын дагуу бүртгүүлсэн, 15-аас доошгүй жил амьдарсан байх. Учир нь, Хамтын тэтгэврийн хуулийг хэрэгжүүлдэг улс, оронд зарим зохицуулалт хийгээгүйгээс сөрөг үр дагавар гарч байсан юм билээ. Үүнээс сэргийлэхийн тулд тус заалтыг оруулсан. Хоёрдугаарт, хуульд заасны дагуу нийгмийн даатгалаа 20 жилээс доошгүй хугацаанд төлсөн байх шаардлагатай.

Магадгүй гэр бүлийн хоёрын нэг нь бурхан боллоо гэхэд үлдсэн нь тэтгэвэрт гарах нас, шимтгэл төлсөн хугацаа нь бүрдээгүй байж болно. Энэ тохиолдолд тэрхүү нөхцөлийг бүрдэх хүртэл буюу таван жилийн хугацаанд хамтын тэтгэвэр авах боломж нь хадгалагдаад явах уян хатан заалтыг оруулж хуульчилсан. Жишээ нь, нөхөр нь нас барах үед эхнэр нь 50 настай байж болно шүү дээ. Тэгэхээр таван жилийн дараа тэтгэвэртээ гарахад хамтын тэтгэвэр авч болно гэсэн санаа.

-Таван жилээс дээш хугацааны дараа тэтгэвэрт гарахаар байвал яах бэ. Хамтын тэтгэвэр авах боломжтой юу?

-Боломжгүй. Хуульд хамрагдах эрх нь хүчингүй болно гэсэн үг.

-Хамтын тэтгэвэр авах хүн нь ханийнхаа тэтгэврийн хэд хүртэлх хувийг авах боломжтой юм бэ.  Тогтоосон хувь хэмжээг нь хэдий хугацаанд авах юм?

-Хэдэн хувиар тогтоох вэ гэдгээ тухайн үеийн Засгийн газар шийднэ. Улс орны нийгэм, эдийн засгийн бодит боломж, суурьд тулгуурлаж шийдвэр гаргах нь тухайн Засгийн газрын эрх байдаг. УИХ дээр улс төрийн ч юм уу янз бүрийн зорилгоор популист алхам хийх гэсэн хүмүүс өөрсдийн юмаа л хийдэг. Эдийн засгийн боломжгүй юмыг ч батлах тохиолдол гардаг. Тиймээс Засгийн газарт эрхийг нь үлдээх зүйтэй юм гэж үзсэн. Гэхдээ тухайн үеийн Засгийн газрын хамтын тэтгэврийн хувь хэмжээг тогтоохдоо бүрэн тэтгэврийн 20 хувиас доош тогтоож болохгүй.

-Ямар ч тохиолдолд 20 хувиас доош тогтоохгүй гэж ойлгож болох нь ээ?

-Тийм. Хамгийн бага хувиар тогтоолоо гэхэд 20 хувь л байх юм. Цаашлаад 30, 40, 50 бүр 100 хувь тогтоох нь Засгийн газрын эрхийн хүрээний асуудал. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230 мянган төгрөг байгаа. Үүний 20 хувиар бодоход сардаа 44- 45 мянган төгрөг нэмж авна гэсэн үг. Жилийн 500-600 мянган төгрөг үлдэж байгаа гэр бүлийн хүнд нь дэмжлэг болж очих юм. Дундаж тэтгэвэр 350- 400 мянган төгрөг гээд бодоход сар бүр 80 мянган төгрөг нэмж авна.

-Таны хэлж байгаагаар хамтын тэтгэврийн хувь хэмжээ эдийн засгийн байдлаас хамаарах юм байна?

-Засгийн газар нь эдийн засгийнхаа байдлаас хамаарч хувь хэмжээг нь шинэчлэн тогтоогоод явна.

-Насны тухайд асуух нэг юм байна. Жишээ нь, цэргийн алба хаагчид 45 насандаа тэтгэвэрт гардаг шүү дээ. Хуулиа дагана гэвэл эдгээр алба хаагч хамтын тэтгэвэрт хамрагдах боломжгүй юм шиг харагдаж байна. Эвсэл эдгээр хүмүүсийг хамруулах тусгай зохицуулалт хийсэн юм уу?

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ

-Хуулийн агуулга бол 55, 60 нас хүрснээс хойших хүмүүст үйлчлэхээр заасан байгаа. Ер нь 45 нас хүрсэн хүн нас барна гэж бараг байхгүй ш дээ. Бидний хувьд энэ асуудлыг яриагүй биш нэлээд ярьсан юм. Тусгай алба хааж байсан, 45 насандаа тэтгэвэрт гарсан хүн хүнд өвчний улмаас юм уу, онцгой тохиолдолд гэхээс биш нас барах нь ховор. Тиймээс тусгайлан зохицуулах шаардлагагүй, хуулийнхаа дагуу явах нь зөв юм байна гэж үзсэн.

-Манайд гэрлэлтээ батлуулаагүй хүмүүс цөөн биш л байх. Ялангуяа хөдөө орон нутагт. Тэгэхээр эдгээр хүн яах ёстой бэ?

-Маш хурдан батлуулах ёстой. Гэрлэлтээ батлуулахгүй байна гэдэг нь гэр бүлийнхээ өмнө хуулиар хариуцлага хүлээхгүй байна гэсэн үг. Гэр бүлийн үнэ цэнэ, бат бэх байдлыг зохицуулах нь хуулийн гол зорилго. Тийм болзол, үүрэг хариуцлагыг хүлээсэн хүн л хуульд хамрагдана. Залуучуудын дунд хамтран амьдрах гэсэн нэршил бий болчихлоо шүү дээ. Тэгэхээр ийм зүйлийг гаргуулахгүй нь л хуулийн зорилт.

-15 жил хүрэхгүй, 14 жил байвал яах вэ?

-Боломжгүй л гэсэн үг. Уг нь анх 10 жил байхаар оруулж ирсэн юм. Гэвч Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр 15 жил болж өөрчилсөн. Бүр 20 жил байх саналыг дэвшүүлж байлаа шүү дээ. Хүмүүсийн дундаж наслалтыг аваад үзсэн ч 15 жил байх нь боломжтой гэж үзсэн. Одоо бол монголчуудын дундаж наслалт эрэгтэй хүн 66, эмэгтэй хүн 75 нас хүрчихлээ шүү дээ. Үүнээс харахад 30 нас- тай гэр бүл боллоо гэхэд 15 жил боломжит хугацаа.

-240 гаруй мянган тэтгэвэр авагч ахмад настан байдаг гэсэн судалгаа бий. Үүнээс хэчнээн тооны ахмад буюу гэр бүлийн хоёр хүн хамт тэтгэвэр авдаг юм бол. Энэ тооцооллоор хамтын тэтгэвэрт хамрагдлаа гэхэд жилд хэдий хэмжээний мөнгийг улсын төсөвт суулгахаар байна вэ?

-Одоогийн байдлаар яг нарийн тооцоо хийгээгүй байна. Судалгаанаас харахад 11-12 мянган нас барсан Хүн нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж авдаг. Үүний 60 орчим хувь нь өндөр настан байдаг гэж үзэхээр 7-8 мянга орчим болж байгаа юм. Гэхдээ энэ тоо жил, жилд харьцангуй байдаг. Тэгэхээр нарийн тооцоо нь тухайн үеийнхээ байдлаас гарах байх.

-Гэр бүлийн нэг нь нас барсны дараа өөр хүнтэй амьдрах тохиолдол манайд цөөнгүй бий. Энэ тохиолдолд хамтын тэтгэвэр авах эрх нь яаж нээгдэхээр зохицуулсан бэ?

-Хуульд заасан шаардлагуудыг биелүүлж байвал асуудалгүй.

-Гэр бүлийн гишүүд нэг дор хамтдаа амьдарсан байх шаардлагатай гэсэн заалт явж байсан. Үүнийг яаж зохицуулахаар тусгасан бэ?

-Хуулийг хэлэлцэх үеэр энэ заалтыг хассан. Учир нь, хүүхэд нь гадаадад гэр бүлтэй болчихсон аав, ээж хоёрын нэг нь очиж харах тохиолдол бий. Эсвэл гадаадад ажилладаг байж болно. Дотоодод ч хөдөө орон нутгаас орж ирээд үр хүүхдийндээ амьдраад дадчихсан хөгшчүүл байж л байгаа шүү дээ. Тиймээс энэ нь хүний эрхийн асуудал гээд хассан.

-Насны зөрүүний тухайд ямар байхаар хуульчилсан бэ. Тухайлбал, 20 насны зөрүүтэй бол хамтын тэтгэвэр олгохгүй гэж яриад байсан шүү дээ?

-Энэ заалтыг бас хассан. Адилхан л хүний эрхийн асуудал. Өндөр, нам, өргөн, бүдүүн хэнтэй ч амьдарч болно шүү дээ. Өөрийг нь хайрлаж л байвал хэнтэй ч сууж болно.

-Хамтын тэтгэврийг үр хүүхдэд өвлүүлэх боломжтой юу?

-Амьдрал баян. Хань ижил бурхан болоочийнхоо тэтгэврийг нь авч байгаа нь өвлүүлэх ажлын эхлэл. Нэг үгээр хэлбэл, өвлүүлэх ажлын эхний алхам. Хуучин огт мөнгө өгдөггүй байлаа шүү дээ. Тэгэхээр хамтын тэтгэвэрт хамрагдах хоёр ахмад хоёулаа нас барсан тохиолдолд хуримтлал нь хаагдана. Тэгэхээр үр хүүхдэд нь өвлүүлэх тухай зохицуулалт одоогоор байхгүй.