Ашигт малтмалын үнэ ирэх дөрвөн жилд сэргэх төлөв алга
Монголын уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч Н.Алгаа
2015.12.09

Ашигт малтмалын үнэ ирэх дөрвөн жилд сэргэх төлөв алга

Монголын уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч Н.Алгаатай уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа. 

-Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унаж байна. Цаашдаа ямар байх төлөв ажиглагдаж байна вэ?

-Зах зээлийн судалгааны байгууллагуудын төсөөлж буйгаар ирэх ойрын гурав, дөрвөн жилд дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөхгүй гэж байгаа. Гэхдээ бүр доош унахгүй. Унаж бас бага зэрэг сэргэсэн байдалтай дээш доош хэлбэлзэнэ гэсэн таамаг зонхилж буй юм. Тухайлбал, зэс алтны үнэ иймэрхүү байдалтай байх болов уу гэж байна. 

-Тэгвэл манай уул уурхайн компаниуд ашигтай ажиллах боломж тааруу. Уул уурхайн салбар ойрын хэдэн жилдээ дорвитой сэргэхгүй нь гэж ойлгож болох уу?

-Эрдэнэт, Оюу толгой хоёр өнөөдөр манай улсын эдийн засгийг чирч явна.  Өнгөрсөн онд ч энэ хоёр үүргээ гүйцэтгэсэн. Энэ жил ч ялгаагүй. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрийн баяжмал алт агуулаагүй учраас Оюу толгойнхоос арай бага үнэтэй. Оюу толгойн зэсийн баяжмал алтны агууламж сайтай юм. Иймд Оюу толгойн хувьд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвар арай илүү байгаа болов уу гэж бодож байна. Шинэ үйлдвэр тул хөрөнгө оруулалт, элэгдэл хорогдлын   зардал хэдийгээр шингэж байгаа ч боломжийн ашигтай ажиллаж байгаа байх. Нүүрсний үнэ хамгийн доод цэгтээ хүртэл уналаа. Төмрийн хүдэр, жоншны үнэ бас муу байгаа. 

Алтны үнэ боломжийн хэмжээнд байгаа ч манайд олборлолт дорвитой сэргэж чадахгүй байна. Хүмүүсийн ярьж заншсанаар урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Гэвч Засгийн газраас хоёр гурван тогтоол гарсан ч өнөөг хүртэл хил хязгаарыг нь тогтоож амжаагүй, ажил нь удааширсан юм. Энд БОНХЯ, мэргэжлийн хяналтынхан ажиллаж байна. 
Одоо алт олборлох улирал дууслаа. Тэгэхээр ирэх оны дөрөв, тавдугаар сараас алт олборлолт сэргэнэ гэсэн хүлээлт бий. Гацууртын алтны үндсэн ордыг ашиглах талаар УИХ гурван удаа хуралдаад шийдэж чадсангүй. Хэрэв Гацууртын ордын асуудлыг  шийдсэн бол ажлын байр, хөрөнгө оруулалт, дотоодоос худалдан авалт хийх зэргээр бизнесийн идэвхжил гарах байсан. Гацуурт бол хамгийн их нөөцтэй, ашиглахад бэлэн болсон орд. 
Таван толгой ордын асуудал бас л эргэлзээтэй хэвээр. Харин Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Бэлтгэл ажлаа хийж буй. Төмрийн хүдэр олборлодог хэд хэдэн компани бий. Гэтэл төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр бас л тааруу байна.

Иймд төмрийн хүдэр олборлогч компаниуд асуудлаа шийдэх гээд Хятадын хойд нутгийн эцсийн хэрэглэгч нартай яриа хэлцэл хийж байгаа юм билээ. Уул уурхайн нүүрсний салбар нэлээд хүндэрсэн. Одоо “Мон энко”, “Энержи ресурс” компанийн нүүрс олборлолт зогсоод байна. “МАК”, “Өмнийн говийн элс” компани баг зэрэг нүүрс олборлож байгаа.  Энэ хэд л манай улсын уул уурхайн салбарт жин дардаг компани. Ер нь алт, төмөр, жонш үйлдвэрлэгчдийн тус тусын холбоо бий. Тэд арай илүү мэдээлэлтэй байна. Зарим холбоо нь манай ассоциацын гишүүн. Гишүүн биш ч гэсэн бид ажил хэргийн холбоотой байдаг. Монгол Улсын уул уурхайн үйлдвэрлэлийн хэм­жээ өсөх, үнэ нэмэгдэх болол­цоо одоохондоо хязгаар­лагд­мал байна. 

-Тэгэхээр урт нэртэй хуулийн хил хязгаар тодор­хой болох, Гацууртын ордыг ашиглахаас алт олбор­лол­тын хэмжээ шалтгаалах нь ээ дээ? 

-Гацууртын алтны үндсэн ордыг ашиглах  нь уул уурхайн дунд хэмжээний төсөл. Гэтэл ийм төслийг олон дахин хэлэлцэнэ гэдэг нь ойлгомжгүй зүйл. УИХ гэдэг бол зүгээр л нэг компанийн ТУЗ-ийн хурал хийж байгаа биш. Арай дэндэнэ. Засгийн газрын шийдээд явах асуудлыг УИХ дээр гацаагаад байгаа юм. Өнөөдөр Монголд Гацуурт шиг нөөцтэй орд илрээгүй байна. Баян айргийн ордоос бараг зургаа дахин их нөөцтэй. Ашиглахад бэлэн болоод зургаан жил болсон. Гэтэл өнөөг хүртэл шийдэж чадсангүй. Шалтгаан нь Ноён уул, Хүннүгийн булштай холбоотой. Шинжлэх ухааны байгууллагууд үүнд нөлөөлөхгүй гэсэн. Өнөөдөр нижна нар л Гацууртыг эзэгнэж байх шиг байна. Алт олборлох салбарт өнөөдөр бололцоо бий. Хамгийн гол нь төр засгаас шийдэж өгөхгүй байгаа. 

-Эдийн засагт дутаж буй гадаад валют олж ирэх томоохон зүйл нь гадаадын хөрөнгө оруулалт гэдэг. Гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбарт орж ирдэг байлаа. Манай улс хөрөнгө оруулалт татах хууль эрх зүйн орчин нөхцөлөө сайжруулсан. Гэвч мөнгө бариад ирэх хөрөнгө оруулагч төдийлэн алга. Үүний шалтгаан юунд бий гэж та бодож байна вэ?

-Хөрөнгө оруулалт буур­санд бид өөрсдөө буруутай. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ огцом өсөөд буурч эхэлж байхад гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх эрх зүйн бүх орчиноо дордуулсан юм. Ингээд монголчууд бидний гаргасан шийдвэр, алдаа бол хөрөнгө оруулалт саарч, зогсоход 70 хувийн нөлөө үзүүлсэн хүчин зүйл болсон. Иймд өнгөрсөн жил бодлогын алдаагаа төр засаг заслаа.  Гэтэл дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнийн уналт улам гүнзгийрсэн. Тэгэхээр өнөөдөр хөрөнгө оруулалт буурах гадаад талын хүчин зүйл 70 хувийн нөлөөтэй болсон. Өнөөдөр зөвхөн Монголд бус дэлхийн хэмжээнд ашигт малтмалын хайгуулын төслүүд зогсч байна.

Үнэ унаж буй тул компаниуд санхүүгийн байдлаа сайжруулахын тулд үйлдвэрлэлийн зардлаа танаж буй юм. Хөрөнгө оруулалт бүх түвшинд буурсан. Ингээд монголчууд бид хоёр давхар хайчинд орсон.  Төр дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдийг эдийн засаг сайн байсан ч муудсан үед ч дэмжиж ирээгүй юм. Татвараар дарамтална. Мөн эрх зүйн орчноо тоглоом шиг байн байн өөрчлөөд  байхад Монгол Улсад бизнес оршин тогтнож хөрөнгө оруулж, хөгжих  боломжгүй. Бизнес эрхлэгчид хуулийн зорилгыг үгүйсгэдэггүй. Нутаг ус, байгаль дэлхийд хайргүй хүн байхгүй. Түүнийг ариг гамтай ашиглаж тордон хамгаалах журамт үүрэг хүн бүрт бий. Гэтэл хэрэгжих боломжгүй хууль баталж компаниудын оруулсан хөрөнгийг үнэгүйдүүлэх явдал гардаг. 

-Тэгвэл ирэх онд уул уурхайн салбарын улсын төсөвт оруулах мөнгө тасрах нь гэсэн ойлголт төрлөө. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Харин тийм. Уул уурхайн салбараас авахаар улсын төсөвт төлөвлөсөн мөнгийг бүрдүүлж өгч амжихгүй нь. Яагаад гэвэл ирэх  оны улсын төсөвт зэс, нүүрс, төмрийн хүдэр гээд ашигт малтмалын дэлхийн зах зээлийн дундаж үнийг өндрөөр тогтоож төлөвлөсөн. Гэтэл тэр төлөвлөж буй үнээс нь доогуур орлоо. Манай улсын төсөв тооцдог гол арга нь эрсдэлүүдийг тооцдоггүй. Миний мэдэхээр сүүлийн арав, хорин жил ашигт малтмалын үнийг дандаа өндөр, эерэгээр төсөөлж төсөвт тусгаж байна. Мөн ашигт малтмал өндөр үнэтэй байх үед төсвөөс илүү гарсан мөнгөө хуримтлуулж чадаагүй. Ирээдүйд ашиглах, эдийн засаг хүндэрсэн үед зарцуулах мөнгө хадгалах тэр энэ, сангийн загвар манайд тохирно, тохирохгүй гэж дөрөв, таван жил ярилаа.

Үр дүнд хүрээгүй л байна. Өнөөдөр манай улсад Хөгжлийн сан, Тогтворжуулалтын сан, Хүний хөгжил сан гээд их олон сан бий. Тэгээд тэр санд орсон мөнгөө улсын төсөвтэй хамт зарцуулж байгаа юм. Уг нь тэгэх ёсгүй. Одоогийнх шиг ийм хүнд байдалд орсон үед л гар хүрэх учиртай юм. Ер нь тэр, энэ сан сайн гэж ухаан уралдуулах шаардлаггүй.

Зүгээр нэг сан байгуулаад зөв төсөвлөж, төлөвлөөд ашигт малтмалын үнэ өндөр үед улсын төсвөөс илүү гарсан мөнгийг хийж болно. Эсвэл ашигт малтмалын салбарын борлуулалтын орлогоос авдаг нөөц ашигласны төлбөрийн тодорхой хэсгийг  аль ч тохиолдолд тэр сандаа хуримтлуулдаг болох ёстой. Үүнийгээ улсын төсөвтэй хутгаж зардаггүй болох учиртай. Түүнээс биш сайхан нэртэй заавал нэг зүйл хуулаад байх шаардлага алга. 

-Төсөвт ашигт малт­малын үнийг яагаад өнд­рөөр төсөөлж байна. Та бүгд зах зээлийн нөхцөл байдал ийм тийм байгаа шүү гээд саналаа хэлэх боломжгүй юу?

-Төсвийн төлөвлөлтийг Сангийн яамныхан мэднэ. Тэндээс яагаад ашигт малтмалын үнийг өндөр төсөөлж байгааг тайлбарлах байх. Миний бодлоор ашигт малтмалын үнэ өндөр байх үед түүнийг дагаад зардлаа өсгөсөн. Тэгээд тэр ухаалаг бус төсөвтөө тааруулж ийм байх болов уу гэсэн төсөв хийдэг байх. Уг нь хамгийн муу хувилбараар бодож төсвөө хийж сурах ёстой. Нэг жишээ хэлье. Оюу толгойг ашиглах талаар ярилцаж байх үед  ТЭЗҮ-ийг  нь 30 жилийн хугацаанд нэг тонн цэвэр зэсийн үнийг 2600-3000 орчим ам.доллараар бодсон.

Тэр үед нэг тонн цэвэр зэс дэлхийн зах зээл дээр 4000 гаруй ам.доллар байлаа. Тэгээд манайхан яахаараа бага үнээр бодов.  Биднийг хулхидах гэлээ гээд бөөн яриа, асуудал өрнөсөн. Уг нь бизнесийн байгууллагууд хамгийн муу хувилбараар тооцож үүнд хөрөнгө оруулах эсэхээ шийддэг. Гэтэл манайхан богино хугацааны таамгаар судалгааны байгууллагуудын өндөр хэлсэн төсөөллийг л авч байна. Судалгааны байгууллагууд ч үнэ ханш ямар байхыг яг таг мэдэхгүй. Зах зээлийн үнэ ханш байнгын хэлбэлзэлтэй эрсдэлтэй байдаг. Хаанаас ямар эрсдэл гарахыг хэн ч урьдчилан таашгүй юм. 

-Эдийн засгийн гол тулгуурын нэг уул уурхайн салбар хүнд байна. Үүнээс өөр мөнгө олох, эдийн засаг, иргэдийн амьжиргааг өөд татах ямар салбар бий гэж үзэж байна вэ?

-Эдийн засагт хамгийн их мөнгө олж ирдэг байсан уул уурхай хүнд байдалд ороход хүмүүс юу хийх, хэрхэн амьдрах талаар бодож эхэлж байна.  Манай улсад мал аж ахуй, газар тариалан гээд эдийн засгийн том салбар бий. Өнөөдөр мах экспортлох тухай ярьж байгаа. Гэвч тэгж чадахгүй байна. Хамгийн гол нь мах авах талын стандарт шаардлагад нийцүүлчихвэл мөнгө олох боломж бий юм билээ. Мах, арьс, ноос гээд гарах бүтээгдэхүүний чанарыг сайжруулах л асуудал байгаа юм. Газар тариалан гэхэд Халх голд томоохон төсөл хэрэгжүүлэх гээд бас л эсэргүүцэлтэй тулгарлаа. Би газар тариалан сайн мэдэхгүй. Өөрийн өнцгөөс харвал Монголын нутагт  томоохон бизнес өрнүүлэх юм билээ.  Түүнээс газрыг нь тасалж аваад гадаад оронд өгнө гэж би бодохгүй байна.