2015.12.11

Лоббины тухай хууль батлахгүй юм бол бүх бизнесмен шоронд орох эрсдэлтэй

Лоббины хууль ямар ач холбогдолтой вэ? 

Судлаач О.Машбат

Би 2005 онд “Азийн сан”-гийн санхүүжилтаар Монгол дахь авлигын түвшинг тогтоох төслийн үндсэн зөвлөхөөр ажилласан. Бид гурван сарын хугацаанд хэрэгжсэн төслийн үр дүнд үндэслэн зөвлөмж гаргасан юм. Харамсалтай нь тэр зөвлөмжийн дагуу арга хэмжээ авч ажилласан нь тодорхойгүй байна.  Миний бодлоор авлигаас ангид байх ажлыг 2005 оноос хийж эхлэх ёстой байсан.

Юу хийх ёстой гэвэл эхний ээлжинд “Лоббины хууль” батлах ёстой. Лобби нь өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалах, урагшлуулахаар хэн нэгэн, ямар нэгэн шийдвэрт нөлөөлөх процесс.

Ардчилсан нийгэмд хүн лоббидох эрхтэй. Тухайлбал, бизнесмен хүн УИХ-ын гишүүнтэй уулзаж, өөрийн эрхэлж буй бизнесийн төсөлд дэмжлэг хүсэх боломжтой. Гол нь лобби хийх процессыг авлигаас ялгаж зааглахын тулд хуульчлах ёстой.

Хэрэв зааглахгүй бол Монголын бүх бизнесменийг шоронд хийх бололцоотой. Монголчууд цөөхөн учраас хамаатан садны хэлхээ холбоо их.

Авлигын хэрэгт өртсөн аль нэг УИХ-ын гишүүнтэй хамаатуулаад маш олон хүнийг шоронд хийх аюултай. Таны хамаатнууд дунд нэг бизнесмен, нэг улс төрч, нэг төрийн албан хаагч заавал байх жишээтэй. Бизнесмен хамаатнаасаа болоод улс төрч, төрийн албан хаагч хоёр нь шоронд орвол яах уу? Эсвэл татвар нэмэхээр дампуурчих гээд байхаар нь УИХ-ын гишүүнтэй уулзаад татвар нэмүүлэхгүй байх талаас нь дэмжээд өгөөч гэж хэлснийхээ төлөө ял эдэлвэл яах уу?

Нэг үгээр хэлбэл авлигатай тэмцэхийн тулд “Лоббины тухай” хууль хэрэгтэй.

Уг хуулиар улс төрч эсвэл төрийн албан хаагчид яаж нөлөөлж,  дэмжлэг авч болох зөвшөөрөгдсөн арга замуудыг зааж өгөх юм. Барууны орнуудад бэлэн хууль байна. Бид зөвхөн зохицуулалтынх нь зарчмыг хуулж авчраад хэрэгжүүлэхэд хангалттай. Хэн нэгнийг, ямар нэг байгууллагыг лоббидох гэж байгаа хүн энэ тухайгаа зарладаг. Жишээ нь, гадаадын нэг бизнесмен Оюу Толгойд хөрөнгө оруулахын тулд Монголын Засгийн газрыг лоббидох бол бүртгүүлж, олон нийтэд зарлана. Зарладгийн учир нь хэн хэнд, яаж нөлөөлөх гэж байгаа нь олон нийтэд ил тод байна гэсэн үг. Яагаад гэвэл энд ард түмний ашиг сонирхол хөндөгддөг. Үүнээс гадна тухайн бизнесмен компанийхаа мэдээллийг ил байлгах ёстой.

“Лоббины тухай” хуультай оронд лоббины мэргэшсэн компаниуд байдаг. Тухайлбал, Монгол улс нь АНУ-ын “Orion Strategies” лоббины компанитай гэрээтэй. Уг компани Монголын Засгийн газрыг төлөөлж, АНУ-ын Конгрессийг лоббиддог. Үүнийг америкчууд мэднэ. Монгол улс бол энэ компанийн олон үйлчлүүлэгчдийн л нэг. Харин компаниас Конгрессийн хэн нэг гишүүнд мөнгө өгсөн тохиолдолд энэ нь авлига болно. Энэ мэтээр юу нь авлига, юу нь лобби гэдгийг ялгаж өгөх хэрэгтэй байна.

Мөн гар цайлгах мөнгөний дээд хэмжээг тогтоох ёстой. Шоколад авсан хүн болгоныг шийтгэж болохгүй биз дээ.

АНУ-ын хувьд дээд хэмжээ нь 20 ам.доллар байдаг. Гэтэл манайд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доош гэдэг нь авлигыг өөгшүүлж, зөвшөөрсөн явдал болж байна.