2009.01.04

Б.Бат-Эрдэнэ: Төрийн албаныхан хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөж баярхаад байна

Захиргааны зардал буурахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа гишүүд олон бий.Тэдний нэг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн саналыг сонирхлоо.

-2008 оны сонгуулийн үр дүнд бий болсон УИХ, Засгийн газрын бүдүүвчээ батлан, албан тушаалын томилгоогоо ч дуусаж байна. Энэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн оновчтой болоход гишүүдийн үүрэг их. Таны хувьд сэтгэл хэр хангалуун байна вэ?

-Би энэ асуудал дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. УИХ-ын сонгууль болж, нэг улс төрийн хүчин нь ялдаг. Тэгээд яам, агентлаг бүрийг шинэчлэн байгуулж, шинэ удирдлагыг нь томилдог. Шинэ дарга нар нь очсон газартаа шинэ тасаг, хэлтэс, олон орон тоо бий болгодог байдал нь улс орны хөгжилд тэр бүр нийцэхгүй байна.
Улсын төсвөөр амьдардаг албан хаагчдын тоо ихээр нэмэгдэж, 130 гаруй мянгад хүрлээ. Эдгээр төрийн албан хаагч нь төрийн үйлчилгээг ард түмэнд түргэн шуурхай хүргэхээс гадна татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх ёстой. Гэтэл ийм байж чадахгүй, харин ч иргэдэд дарамт учруулах нь нэмэгдэж, авилга хээл хахуулийг өсгөөд байгаа юм.
Би төсөв, үндсэн чиглэл хэлэлцэж байхад Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүний үүргийнхээ дагуу захиргааны зардлыг 20 хувь бууруулах санал оруулж, манай байнгын хороо дэмжсэн. Харамсалтай нь Төсөв, Эдийн засгийн байнгын хороод дэмжээгүй.

-Та чуулганы хуралдаан дээр «Замын сан»-г нэг удаа нэлээд шүүмжилж байсан. Яагаад тэгсэн юм бэ?

-Төрийн алба хашиж буй зарим хүмүүс ажилдаа яаж хандаж байгааг шүүмжилж жишээ татсан юм. Миний хэлээд байгаа хэрэгцээ шаардлагагүй бүтэц замын сан дээр байна. Замын сан хажуу талдаа хуулийн заалтыг харуулсан том самбар тавьчихсан хоёр хүн ээлжээр мөнгө хурааж байгаа юм. Цаг тутамд нэг байраар 70-100 машин дамжин өнгөрдөг албан тооцоо бий. Ингээд нэг машинаас 500 төгрөг, сардаа ойролцоогоор 1.5 сая төгрөг хураана гэж бодъё.

Гэтэл тэнд хоёр хүн ээлжээр ажиллаж цалин авна, байр, гэрэл, дулааны урсгал зардлыг нь тооцоод үзвэл замын санд хуримтлагдах мөнгө байх уу үгүй юу гэдэг эргэлзээтэй. Тэгэхээр энэ замын санд мөнгө хурааж байгаа нь зөвхөн тэр хэдэн хүнийг ажилтай байлгах гэж байгаа юм шиг. Гэтэл замын сангийнхан маш их хүнд сурталтай. Замаар өнгөрч байгаа хүмүүстэй муухай харьцдаг. Тэр байтугай мөнгийг нь авчхаад тасалбараа барьчхаад өгдөггүй. Дараагийн машин орох гээд жолооч нь яараад яваад өгдөг. Энэ мэтчилэн нэг тасалбараар хэд хэдэн 500 төгрөг авах жишээтэй. Авлигын тод жишээ энэ юм.

Уг нь замыг сайжруулах зорилгоор хөрөнгө цуглуулж буй боловч тэд дуртай цагтаа ажиллаж, дургүйдээ ажиллахгүй байна.

-Төрийн албаны бүтцийн шүүмжүүд шинэ бүтцэд тусч чадсан болов уу? Таны бодлоор эхний ээлжид юу хийх ёстой вэ?

-Төрийн алба хашиж буй хүмүүс бүх шатандаа тансаг хэрэглээнээс татгалзах хэрэгтэй. Төрийн албан хаагчдын ихэнх нь хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөж, тэдэнтэй адил унаа унах гээд, хаустай болох гээд байна. Ингэж өрсөлдөж болохгүй. Төрийн хар хүн гэдэг хэзээнээс нааш төлөв даруу, чин шударга байхыг уламжилж ирсэн. Үүнийг бий болгох хэрэгтэй байна.

Дэд сайдын орон тоог болиулъя, яам агентлагийн тоог цөөрүүлье гэх мэтчилэн их шүүмжилсэн. Тодорхой хэмжээнд 2.4 тэрбумыг хэмнэж, 300 гаруй орон тоог цөөлж байгаа. Цаашид бүр ч багасгах хэрэгтэй гэж бодож байна. Төсөв батлахад тэвчиж болох бүх зардлыг багасгахаар болсон. Гэтэл ордны коридорт тавилга гаргаж, хураагаад л байна. Энэ чинь солиод л байна гэсэн үг шүү дээ.

-Цаашид бүр багасгах хэрэгтэй гэж олон хүн ярьдаг. Яг ямар боломж байна вэ?

-Хүн бүр дор бүрээ хичээж эхлэх ёстой. Нийгэмд нэр нөлөө бүхий хүмүүс ч ярьж эхлэх хэрэгтэй. Монголчууд угаасаа ийм тооцоо муутай ард түмэн юм уу гэвэл үгүй. Өндөр хөгжилтэй орнууд үрэлгэн байна уу гэвэл бас үгүй. Тухайлбал тэдгээр оронд дулааныг хэмнэхийн тулд өрөө бүрт нэг халаалт өгөх биш, тохируулж өгсөн байх жишээтэй.

-Та өөрөө моторын багтаамж ихтэй авто-машинаасаа татгалзмаар байна гэж хэлж байсан. Сольж амжсан уу?

-Автомашинаасаа татгалзахаар барахгүй явган алхахыг эрхэмлээд байна. 30-40 минут алхаад гэртээ харьчихдаг. Автомашины угаар агаарыг их бохирдуулж байна. Тийм учраас хот дотор аль болох явган алхаж, хотоос гарахдаа хуучин авчихсан машинаараа явж байгаа. Машин борлогдохгүй байгаа учраас унаж байна. Хэрэв авах эзэн нь олдвол машинаасаа татгалзана гэж бодож байгаа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.