Сонгуулийн хуулийг өөрчлөх талаар Бага хурлын гишүүд байр сууриа нэгтгэлээ
МАН- ын дарга М.Энхболд
2015.12.14

Сонгуулийн хуулийг өөрчлөх талаар Бага хурлын гишүүд байр сууриа нэгтгэлээ

 УИХ болон орон нутгийн сонгууль хаяанд ирсэн энэ үед сөрөг хүчин буюу МАН-ын Бага хурлын III хуралдаан өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт боллоо. Хуралдаанд МАН-ын Бага хурлын 310 гишүүний олонх нь нийслэл, хөдөө орон нутгаас хүрэлцэн ирж, 56.3 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм.

Тус хуралдаанаар МАН-аас өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын явц ба ирэх сонгуульд хэрхэн бэлтгэж оролцох талаар УИХ-ын дэд дарга, МАН- ын дарга М.Энхболдын улс төрийн илтгэлийг сонссоноос гадна намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат намын санхүүгийн тайлан илтгэлийг танилцууллаа. Мөн УИХ-ын ирэх сонгуульд нэр дэвшигчийг орон нутаг дахь МАН-ын байгууллага дээр хэлэлцэх журам, намын сонгуулийн санхүүжилтийн журам зэргийг хэлэлцэн баталсан байна.

Ирэх оны сонгуулийн үр дүнгээс МАН-ын удирдлага төдийгүй гишүүд, дэмжигчид ч багагүй амжилт ялалтыг хүлээж байгаа юм. Тиймээс Боловсон хүчнийг өөрчлөн шинэчлэх журам ч Бага хурлын гишүүдийн анхаарлын төвд байлаа. МАН- ын дарга М.Энхболд энэ талаар сэтгүүлчдийн асуултад өгсөн хариултдаа онцлон дурдаж байсан юм. Энэ ярилцлагыг товчлон хүргэж байна.

         -Танай намаас УИХ- ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулахдаа ямар шалгуурыг эн тэргүүнд тавих вэ?

         -Ирэх оны гурав, дөрөвдүгээр сараас УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг сонгохдоо намын анхан шатны байгууллагаар хэлэлцүүлж шалгаруулахаар зорьж байна. Тухайн хүн нэр дэвшээд тойрогтоо очиход намын анхан шатны байгууллага нь бүрэн дүүрэн дэмжиж ажиллах бололцоог үүгээр хангах бөгөөд улс төрийн ажил амьдралд дадлагажиж мэргэшсэн, олон нийтийн дунд нэр хүндтэй, үнэлэгдэж сайшаагдсан, тэр хүмүүсийг төлөөлж чадах хүнийг тодруулах ёстой гэж үзэж бид энэ журмыг боловсруулсан юм.

         -МАН Сонгуулийн хуулийг энэ онд багтааж батлах, тооллогын хар машины үр дүнг баталгаажуулах үүднээс гар аргаар тоолох нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Энэ нь хэвээр байна уу?

         -Бид энэ байр суурь дээрээ бат зогсоно. Үүнээс гадна намыг бус нэр дэвшигчийн нэрийг дугуйлъя. Энэ нь өнөөдөр мөрдөж буй Үндсэн хуулийн зүйл заалттай ч нийцэж байгаа шүү дээ.

         -МАХН-ынхан танай намтай нэгдэх саналаа ахмадуудаараа дамжуулан илэрхийлсэн. Энэ талаар МАН-ын байр суурь ямар байгаа бол?

         -Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-ний өдөр МАХН-ын нэр бүхий 30-аад ахмад зүтгэлтэн, үзэл бодол ойролцоогийн хувьд МАН-тай нэгдэж болох талаар санал бодлоо илэрхийлсэн албан бичиг бидэнд ирүүлсэн. Мөн манай намын Бага хурлын 10 гишүүн энэ асуудалд бодолтой, алсын хараатай хандах талаар үзэл бодлоо хэлсэн албан бичиг явуулсан байна билээ. Тиймээс манай намын Удирдах зөвлөл эдгээр санал хүсэлтийг нэлээд нухацтай авч хэлэлцээд МАХН- ын удирдлагатай ярилцаж зөвшилцөж байгаа зүйл бий гэлээ. 

         МАН-ын Бага хуралд УИХ-ын гишүүн асан Р.Рааш, салбарын сайд асан С.Чинзориг, нийслэлийн ИТХ-ын дарга асан Т.Билэгт, Засаг даргын орлогч асан Б.Баатарзориг болон намын ахмад зүтгэлтэн Л.Даш- Ёндон, аймгуудын Засаг дарга асан хэд хэдэн хүн хүрэлцэн ирсэн байлаа. Тэдний заримаас МАН-ын Бага хурлаар хэлэлцэх болон хэлэлцэж болзошгүй зарим асуудлаар байр суурийг нь сонссон юм. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын захирагч А.Ишдорж, хөдөө орон нутагт ард түмний амьдрал хүндэрч байна. Монголчуудын өвлийн идэш хоолны цагаар малчид хэд гурван төгрөгтэй болчихдог байсан бол энэ жил мал, махны үнэ унаснаар ноолуурын цагийг хүлээх боломжгүй л болж байна гэж учирлав.

         Харин Хөвсгөл аймгийн ИТХ- ын төлөөлөгч Л.Ганболд улсын төсөвт тусгагдсан өрийн эргэн төлөлт хөдөө орон нутгийн хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж, нэг ч сургууль, цэцэрлэг шинээр барьж байгуулах боломжгүй болсон гэж халаглаж байлаа. Ирэх онд болох УИХ болон орон нутгийн сонгуулийн өмнө МАХН-тай нэгдэх эсэх тухай яриа Бага хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгагдаагүй боловч намын Бага хурлын гишүүдийн анхааралд байлаа. Энэ талаар Булган аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Бат- Эрдэнэ ярихдаа, “Нэгэн зорилгын дор нэгдэж чадвал бүх шатандаа хэлэлцэж ярилцсаны эцэст хоёр нам эвсч яагаад болохгүй байх билээ.

Гэхдээ энэ талаар Бага хурлаар нухацтай хэлэлцэх байх” гэсэн бол МАН-ын Бага хурлын гишүүн П.Дэлгэржаргал “Харилцан ойлголцож болно гэж бодож байна” хэмээн санал бодлоо хуваалцав. МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарын Бага хуралд тавьсан илтгэлийн товчлолыг уншигч та бүхэн манай сониноос унших боломжтой. МАН-ын Бага хурлын III хуралдаанаар хэлэлцсэн нэг асуудал нь зохион байгуулалтынх байсан бөгөөд янз бүрийн шалтгаанаар орон зай гарсан гишүүдийн нөхөн сонголтыг хийж, хэлэлцэж баталсан байна. Мөн УИХ болон орон нутгийн сонгууль ойртсонтой холбогдуулан Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн тоонд өөрчлөлт оруулж, зарим хүний нэрийг дэвшүүлэн сонгожээ.