Хар машиныг эсэргүүцэж байгаа гишүүд өөрсдөд нь саналаа өгсөн сонгогчдыг үгүйсгэж байна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2015.12.07

Хар машиныг эсэргүүцэж байгаа гишүүд өөрсдөд нь саналаа өгсөн сонгогчдыг үгүйсгэж байна

Сонгуулийн хуулийн гурван өөр төслийг нэгтгэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Үүнтэй холбоотойгоор тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.

-Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсэг хэдэн удаа хуралдсан бэ. Тодорхой шийдэлд хүрч чадсан уу, хууль боловсруулах ажил ер нь хэрхэн үргэлжилж байгаа вэ?

-УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн хуулийн ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт байгуулагдсан. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ажлын дэд хэсэг байгуулсан. Ажлын хэсэг байгуулагдаад удаагүй учраас хууль боловсруулах ажил эхлэл төдий л байна гэж хэлж болно. Байгуулагдаад бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг удаа хуралдсан. Ингэж хуралдахдаа УИХ-д өргөн баригдаад буй гурван хуулийн төслийн зааг, ялгаа болон ижил төстэй, давхцаж байгаа зүйл юу байна гэдгээр санал солилцоод, зайлшгүй зөвшилцөх шаардлагатай зарчмын шинжтэй гол асуудал нь юу вэ гэдгийг ярилцсан.

-Тодруулбал?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей

-Тэр нь нийтлэг хэдхэн асуудал байгаа. Нэгдүгээрт, сонгуулийн тогтолцоо ямар байх вэ гэдэг дээр зөвшилцөх шаардлагатай. Хоёрдугаарт, УИХ болон орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах эсэхийг шийдэх, гуравдугаарт, санал тоолох төхөөрөмжийн дүн, мөн хяналтын тооллогыг яаж явуулах вэ гэдэг асуудал. Тиймээс энэ бүгдийг шийдэхийн тулд эхлээд УИХ дахь нам, эвслийн бүлгүүд дотроо хуралдаж, нэгдсэн нэг шийдвэр гаргах ёстой гэх шаардлагыг ажлын хэсгийн зүгээс тавьсан. Дараа нь намууд хоорондоо зөвшилцөх ёстой. Ингэж байж ажлын хэсгийн хуралдаан үр дүнтэй, шуурхай болно. Харин зөвшилцөж чадахгүй байгаад байвал Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хэчнээн хуралдаад ч нэмэргүй.

-Ажлын хэсэг нэг удаа хуралдахдаа гурван хуулийн зааг, ялгааг ярьж, зөвшилцөх чиглэл өгснөөс өөр зүйл одоогоор хийгээгүй байна гэсэн үг үү. Хугацаа бага байгаа шүү дээ?

-Тэрнээс гадна ажлын хэсгийн хийгээд байгаа нэг зүйл нь УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын өргөн барьсан хуулийн төслийг суурь болгоод нөгөө хоёрыг нь түүнд суулган, ярилцаж байна.

-Яагаад УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын өргөн барьсан хуулийн төсөл гэж?

-Р.Бурмаа нарын өргөн барьсан хуулийн төсөл бол иж бүрэн. Өөрөөр хэлбэл, шинэчилсэн найруулга. Ерөнхийлөгчийн, орон нутгийн, УИХ-ын сонгууль гээд бүгдийг нь багтаасан. Нөгөө хоёр нь харин Сонгуулийн хуулийн зарим заалтад л нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн баригдсан байгаа.

-Таны хэлснээр ажлын хэсэг дээр яригдаж байгаа нийтлэг гэх гурван асуудлыг тус бүрт нь авч үзье. Эхлээд хамгийн их маргаан дагуулж байгаа санал тоолох машиныг хэрэглэх үү, үгүй юу гэдэг дээр ажлын хэсгийн гишүүд ямар байр суурьтай байгаа вэ?

-Зөвшилцөлд хүрэх гол асуудлын нэг гэж түрүүнд хэлсэн. Нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй байгаа учраас ажлын хэсгийн хуралдаанд яригдсан зүйлийг хамаагүй ярьж болохгүй байх. 2011 онд одоогийн мөрдөгдөж байгаа Сонгуулийн хууль батлагдсан. Тэр үедээ УИХ-ыг бүрдүүлж байсан АН, МАН болон бусад намууд бүгд сонгогчдын саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох нь зүйтэй гэж үзсэн шүү дээ. Тэр дагуу 2012 оны УИХ болон орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль явагдсан.

Зарим гишүүний зүгээс хийж байгаа санал тоолох машинтай холбоотой эсэргүүцлийг миний хувьд хий хардалт гэж үзэж байна. Би нэг жишээ хэлье. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар би буруу санаагүй бол нийт 300 гаруй хэсэг дээр гараар давхар тооллого хийсэн. Тэгэхэд санал тоолох машины дүнгээс нэг ч зөрөөгүй. Дагаад нэг ч гомдол гараагүй. Тэгэхээр зөрүү гараагүй, гомдол гараагүй байхад хий хардалт, сэрдэлтээр асуудлыг буруутгах нь өөрөө буруу зүйл байхгүй юу.

Товчоор хэлбэл, улс төрийн шинжтэй эсэргүүцэл, яриа гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр, ингэж ярьж байгаа хүмүүс өөрсдөд нь саналаа өгсөн сонгогчдын саналыг, мөн өөрсдийгөө үгүйсгэж байна. Яах вэ мэдээж хяналтаа сайжруулах үүднээс дурын хэсгийг зааж, сонгоод давхар гараар тоолох боломж бий. Тийм зохицуулалт хийж болно.

-Дурын хэсгийг нь зааж, сонгоод давхар тооллого хийж болно гэж та хэллээ. Энэ чинь маргаан дагуулах юм биш үү, ямар хэсэг дээр нь гараар давхар тоолоод ямар дээр нь тоолдоггүй юм гэхчилэн?

-Тийм болохоор анхнаасаа сайн ярьж, намууд хоорондоо зөвшилцөх л хэрэгтэй.

-УИХ болон орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах эсэх дээр ажлын хэсгийн ахлагчийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Эхлээд УИХ-ын, хэдэн сар өнгөрөөд орон нутгийн сонгууль, тэгээд дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгууль болдог. Ингээд үндсэндээ хоёр жилийг бид сонгуулиар амьсгалж өнгөрөөдөг. Мөн дээрээс нь сонгуулийн өмнөх бэлтгэл гээд бас нэг жилийг зориулдаг. Дунд нь нэг жил л ажил хийх боломжтой. Тиймээс орон нутгийн болоод УИХ-ын сонгуулийг хамт явуулахад болохгүй зүйл байхгүй. Техникийн дэвшил байна, зардал хэмнэх ч боломжтой. Ядаж нийслэл, аймгийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулах хэрэгтэй.

-Давхар, давхар сонгууль болоод дагаад замбараагүй байдал үүсээд, дахиад л олон маргаан дагуулах магадлалтай юм биш үү?

-Иргэд, сонгогчдын сонгуульд оролцох, санал өгөх мэдлэг, соёл нэг үеэ бодвол харьцангуй сайжирсан. Нарийн зохицуулалт хийгээд хамтад нь явуулах боломжтой.

-Сонгуулийн тогтолцооны хувь 48:28, 38:38 гээд олон хувилбар яригдаж байна. Энэ олон тогтолцооны талаар ажлын хэсгийн эхний хурал дээр гишүүд ямар санал гаргасан бэ?

-Одоо өргөн баригдаад байгаа гурван хуулийн төсөлд бүгдэд нь холимог тогтолцоотой байх нь зөв юм гэж оруулж ирсэн. МАН-ынхны өргөн барьсан хуулийн төсөлд энэ тогтолцоог 48:28 хэвээр нь байлгаад, 48 нь нэг мандаттай жижиг тойрог байхаар тусгасан байна. Р.Бурмаа нарын гишүүний өргөн барьсанд төсөлд мөн 48:28-ыг хэвээр нь байлгая гэсэн боловч, ялгаа нь 48 нь олон мандаттай томсгосон тойрог байх нь зөв гэж заасан. Харин О.Баасанхүү  нарын гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд сонгуулийн тогтолцоог 38:38 гэж оруулж ирсэн. Ижил тал нь гэвэл аль аль нь холимог тогтолцоог дэмжиж байна. Ялгааны хувьд мажоритар нь  олон мандаттай байх уу, үгүй юу гэдэг асуудал.

Мөн намын жагсаалтаар орох гишүүдийг яаж сонгох тухай яригдана. Нарийвчилж хуулийн  төслүүдэд тусгаагүй байна лээ. Ер нь бол аль ч тохиолдолд нэр дэвшигчийн нэр саналын хуудсанд бичигдсэн байх ёстой гэж үзэж байгаа.

-Нэг мандаттай олон тойрог байх МАН- ынхны санал зөв юм биш үү. Нэг намаас нэр дэвшиж байгаа хүмүүс хоорондоо өрсөлдөхгүй ш дээ?

-Хувь гишүүний үүднээс харвал одоогийн хүчин төгөлдөр байгаа 48:28 гэсэн тогтолцоог  хэвээр байлгах нь зүйтэй гэж харж байна. Мандатын тухай ярих ёстой. Нэг мандаттай болговол яах вэ нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөхгүй байх сайн талтай.  Гэхдээ тойрог жижигрээд явчихна. Харин олон мандаттай томсгосон тойрог буюу аймгийн хэмжээнд нэр дэвшихэд сонгогчдын саналын төлөөлөл нэмэгдэх сайн талтай ч эсрэгээрээ нэг намын төлөөлөл хоорондоо өрсөлдөнө гэсэн үг.

-Та ажлын хэсгийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга учраас Сонгуулийн хуулийг хугацаанаас нь өмнө баталж амжина л гэх байх. Яг бодит байдлаас харвал амжих эсэх нь эргэлзээтэй юм биш үү?

-Сонгууль болох өдрөөс зургаан сараас доошгүй хугацааны өмнө сонгуулийн хуулийг баталсан байх ёстой. Хугацаа нь хэтэрвэл өөрчлөлт оруулах боломжгүй. Тэгэхээр бидэнд одоо сар л хүрэхгүй хугацаа үлдээд байна. Үлдэж байгаа хоногуудад дээр хэлсэн асуудлуудаар зөвшилцөж чадах юм бол бид амжина. Боломжтой гэсэн үг. Харин чадахгүй бол хуучнаараа үлдэнэ.

АСЕМ-ийн уулзалттай холбогдуулан сонгуулийн хугацааг нэг сараар хойшлуулна. Ингэх юм бол Үндсэн хууль, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжтой гэх мэдээлэл бий. Энэ талаар ярьсан зүйл бий юү?

-Тийм юм байхгүй. Энэ бол огт яригдаагүй асуудал.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал Сонгуулийн хуультай холбогдож байгаа. Жишээ нь, сумдын Засаг дарга нарыг ард иргэд нь сонгох тухай заалт. Сонгуулийн хуулийг хэлэлцэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүлээх үү?

- Үндсэн хуулийг баталсны дараа Сонгуулийн хуулийг батална гэвэл бид амжихгүй. Өөрийн тань хэлсэн зүйл бол Сонгуулийн хуультай мэдээж холбогдоно. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх асуудал цаг нь тулчихсан байгаа бөгөөд баталж чадахгүйд хүрвэл одоогийн хуулиар л Сонгуулийн хуулийг сайжруулах хэрэгтэй шүү дээ. Сумдын Засаг даргыг тухайн газрын ард түмэн сонгох тухай байж болно. Судалгаа гарсан. Тус судалгаанд дийлэнх иргэд үүнийг дэмжсэн байна лээ. Ер нь Үндсэн хуультай холбоотой гол гол асуудал дээр нэг бүрчлэн ард нийтээс санал авах хэрэгтэй.

-Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжихгүй бол сумдын Засаг дарга нарыг одоогийнхоо хуулиар сонгоно гэсэн үг үү?

-Тэгэхээс өөр аргагүй.