Зөвшилцлийн ажлын хэсэг өнөөдрөөс ажлаа эхэлнэ
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2015.12.02

Зөвшилцлийн ажлын хэсэг өнөөдрөөс ажлаа эхэлнэ

Сонгуулийн хуулийн гурван төсөл шийдлээ хүлээж буй. УИХ-д суудалтай нам, эвслүүдийн Сонгуулийн хуульд баримталж буй зөрүүтэй байр суурийг нэгтгэх үүрэгтэй Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулах УИХ-ын даргын захирамж гарчээ.

Уг Ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей ахалж буй аж. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Зөвшилцлийн ширээний ард УИХ-д суудалтай бүх нам, эвслийн төлөөлел сууж байгаа юу. Ажлын хэсэг ямар бүрэлдэхүүнтэй вэ?

-АН-аас Б.Гарамгайбаатар, Н.Алтанхуяг, М.Батчимэг, МАН-аас С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд, М АХН-МҮ АН-ын “Шударга ёс” эвслээс Н.Батцэрэг, Д.Тэрбишдагва, ИЗНН-аас С.Оюун нар Ажлын хэсэгт ажиллаж байгаа.

-Ажлын хэсэг хуралдсан уу?

-Хараахан хуралдаагүй байна. Маргааш (өнөөдөр) хуралдана.

-Сонгуулийн хуулийг хуулийн хугацаанд хэлэлцэн баталж амжих уу?

-УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын бсшовсруулж өргөн барьсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд процессын шинжтэй бүх зохицуулалтыг маш нарийн оруулж ирсэн. Энэ нь уг хуулийн төслийн давуу тал. Энэ сайн тал дээр нь түшиглээд бусад нам, эвслийн зүгээс тавьж байгаа цөөн хэдэн асуудал дээр зөвшилцөж чадвал Сонгуулийн хуулийг хугацаанд нь амжаад баталчих боломжтой.

-Зөвщилцөх шаардлагатай хэр олон асуудал байгаа вэ?

-Сонгуулийн тогтолцоо, орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг хамт хийх, санал тоолох машин зэрэг тоймтой хэдхэн асуудал дээр л зөвшилцөх хэрэгтэй байгаа. Энэ хэд дээр тохиролцчихвол Сонгуулийн хууль цааш явахад амархан.