Заалт бүрээр үүнийг юу гэж үзэж байна гэсэн санал асуулга явуулах ёстой
УИX-ын гишүүн Д.Тэрбишдагва
2015.11.23

Заалт бүрээр үүнийг юу гэж үзэж байна гэсэн санал асуулга явуулах ёстой

УИX-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ард иргэд ч Үндсэн хуулийг тодорхой хэмжээгээр өөрчлөх ёстой гэдэг саналтай байх шиг байна. Миний хувьд ч өөрчлөх хэрэгтэй гэсэн саналтай байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх олон шалтгаан бий л дээ. Ганцхан жишээ хэлэхэд л аймаг, нийрлэл, сум, дүүрэг, баг, хороо гэдэг юм байна. Түүн дээр зааж өгснөөр бол дүүрэг, сум хоёр адилхан статустай явж байгаа. Дүүрэг 300 мянган хүнтэй байхад сум гурван мянган хүнтэй шүү дээ. Энэ мэтчилэнгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналууд бий. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөх ёстой юу гэвэл өөрчлөх ёстой. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх тухай санал асуулга явууллаа гэхэд өөрчлөх үү, үгүй юу гэдэг дээр санал асуулга явуулаад хэрэггүй. Харин өөрчлөх гэж байгаа бүх заалтуудаа тус бүрээр нь үүнийг юу гэж үзэж байна гэсэн санал асуулга явуулах ёстой.

-Та энэ парламентыг Үндсэн хуулийг өөрчлөх чадамжгүй гэж ярьж байсан. Чадамжгүй гэдгийг нь яаж мэдэж байгаа юм бэ?

-Өнөөдрийн УИХ-ыг би чадамжгүй их хурал гэж үздэг. Сонгуулийн өмнө ч хэлж байсан. Сонгуулийн дараа ч, одоо ч тэгж хэлж байгаа. Яагаад гэхээр 76 гишүүний 48 нь ард түмнээс сонгогдсон. 28 нь намаас сонгогдсон. 2012 оны тавдугаар сарын 2-ны өдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн “Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай" гээд 03 дугаар тогтоол байгаа. Уг тогтоолоор засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчимд харшилсан гээд дүгнэлт гаргачихсан. Тэгээд Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс тогтоох нь гээд үүн дээр “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно гэснийг тус тус зөрчсөн байна” гээд заагаад өгчихсөн. Үндсэн хуулийн Цэц ийм шийдвэр гаргасан ч сонгууль болсон л доо.

Намын жагсаалтаар орсон 28 нь ихэвчлэн намын удирдлага дарга нар нь эсвэл намын даргын далдаганадаг хүмүүс байна. Мөн намдаа их хэмжээний хандив өгсөн улсууд сонгогдсон гэж ард иргэд яриад байна шүү дээ. Ийм нөхцөл байдалд өнөөдрийн УИХ энэ Үндсэн хуульд өөрчлөлт хийж болохгүй. Харин энэ Их хурлаар нэг сайн зүйл нь бол Үндсэн хуульд өөрчлөлт хийх УИХ-ын ажлын хэсэг байгуулагдаж янз бүрийн санал гарлаа. Энэ саналыг ард нийтээсээ асуугаад дараагийн Их хуралдаа шилжүүлж өгөх хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл энэ гаргасан судалгаа тооцоо, ард нийтийн санал асуулга, эрдэм шинжилгээ судалгааны олон эрдэмтэн судлаачдын үндсэн дээр иж бүрэн хэлэлцүүлгийг жил орчим хийгээд Үндсэн хуульд өөрчлөлт хийх ёстой юм л даа. Яг одоо УИХ-ын сонгууль болохоос хэдхэн сарын өмнө Үндсэн хуульдаа өөрчлөлт хийж байгаагаас эхлээд миний хувьд санал нийлэхгүй олон зүйл байгаа. Би Үндсэн хуулийг өөрчлөх ёстой юу гэдэг ажлын хэсгийн санал дээр гарын үсэг зурсан болохоос биш доторх асуудлуудыг зөв буруу байна гэдэг дээр гарын үсэг зураагүй.

-МАХН-ын нарийн бичгийн даргаар Б.Тулгыг томилсон байна?

-Тийм. Гэхдээ Ерөнхий нарийн бичгийн даргаар биш МАХН-ын үзэл суртал, пиар хариуцсан нарийн бичгийн даргаар түр томилсон.

 

-Г.Шийлэгдамбын оронд хэнийг томилох бол?

-Ярилцаж байж л шийднэ. Г.Шийлэгдамбын асуудлыг зөв буруу гэдгийг нь шийдээгүй байгаа үед энэ асуудпаар ярих нь зөв зүйтэй биш л дээ. Шийдлийн Засгийн газар юу хийчихэв ээ гэхэд жилийн хугацаанд Засгийн газраа хоёр удаа сольчих шиг боллоо. Засгийн газрынхаа нэг сайдыг шоронд хийлгүүлчих шиг боллоо. Ер нь Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын тэргүүний хувьд кабинетын зарчим барьж ажиллах ёстой. Тэгэхээр Г.Шийлэгдамба гэдэг хүнийг өмгөөлөгч авахуулалгүй байцаалгасан. Шүүхээр зөв буруу нь тогтоогдоогүй үед ингээд ажил төрлийг нь өгүүлж байгаа. Ер нь Ерөнхий сайд ямар нэгэн байдлаар шалгах гэдэг юм уу тэр зөвшөөрлийг өгч байгаа нь зохимжгүй л дээ. Тэгэхээр үүн дээр Г.Шийлэгдамбатай холбоотой асуудлыг шүүх зөв бурууг тогтоосны дараа л тодорхой асуудал ярихгүй бол янз янзын л мэдээлэл байна. Бидний хувьд Г.Шийлэгдамбыг аливаа нэгэн зөрчил гаргасан явдал байхгүй байх, уг хүний зан чанар нь ч тэр, өөрийнх нь төрд ажилласан туршлагыг харсан ч янз янзын юм хийхээргүй хүн гэж үзэж байгаа.

Одоо шүүхийн өмнөөс юм уу шалгасан байгууллагын өмнөөс бид урьдчилсан дүгнэлт, үнэлэлт өгөөд байх боломж байхгүй.

-Ерөнхий сайд шалгах зөвшөөрөл олгосон талаар тодруулахгүй юу?

-Ер нь бол олгох юу байхав. Засгийн газрын гишүүний хувьд Ерөнхий сайдаас албан ёсоор асуух ёстой. Түүн дээр нь Ерөнхий сайд ямар нэгэн байдлаар Засгийн газрын хуралдаанаар оруулъя. Аль эсвэл эхлээд уулзаж ярья гэлгүйгээр зөвшөөрөл олгосон. Буруу зөв зүйлийг нь Ерөнхий сайд асууж байгаад шийдвэр гаргах ёстой л доо. Тийм шийдвэр гаргаагүй. Би ингэж ойлгож байгаа.

-Танай намын даргыг албан тушаалд томилсон хүмүүсээсээ мөнгө нэхдэг гэдэг яриа байдаг. Үүн дээр та тайлбар өгөөч. Г.Шийлэгдамбыг үнэхээр ийм байдалд ортол мөнгө нэхээд байв уу гэсэн хардлага яваад байгаа юм?

-Асуух хүнээсээ асуусан нь дээр л дээ. Надаас асуух асуулт биш байна. Ер нь бол албан тушаал аваад авлига аваад байж болохгүй шүү дээ. Тухайлбал, би Монгол Улсын Шадар сайд байхад намайг янз бүрээр шалгасан. Миний хариуцсан агентлагуудыг нэг бүрчлэн шалгаж үзсэн юм байна лээ. Тийм зарчимгүй юм хийж болохгүй. Мен Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж намын санхүүжилтийн тухай асуудлыг шийдэхгүй бол Монгол Улс нам дамжсан бүлэглэл дээрээс нь гадаадын эдийн засгийн алуурчдаас тодорхой хэмжээгээр хамааралтай байна уу гэж хэвлэл мэдээллээр ч ярьж байна. Ард түмэн ч ярьж байна. Миний хувьд ч тэгж үздэг. Тэгэхээр энэ сонгуулийнхаа хуульд намуудын санхүүжилтийн тухай хуульд онцгойлон анхаарахгүй бол хүнээс хамааралтай санхүүжилт гэдэг асуудал байж болохгүй.

Яг одооны жишээ өөрийн чинь асууж буй асуултаас илүүтэйгээр энэ намын байраа барихад миллиард миллиардаар нь хандивласан гээд өөрсдөө хэвлэл мэдээллээр ярьсан хүмүүс ч байгаа шүү дээ. Ингэж бодоод үзэх юм бол миллиард миллиардаар нь хандивласан тийм асуудал нь өөрөө авлига уу, хандив уу.

Хаанаас олсон мөнгө юм гээд ярих юм бол олон асуудал бий. Тийм учраас аль аль намын дарга нарын зовлон бол тодорхой хэмжээгээр намынхаа үйл ажиллагааг явуулахын тулд гадна дотнын нөхдүүдээс хандив цуглуулдаг явдал. Ийм зүйл аль ч намд байдаг байх гэж бодож байна. Яг үүн дээр бол шахаж шаардсан уу гэдгийг асуулгах ёстой хүн нь ч би биш байх гэж бодож байна. Тийм байдал гарсан гэж би бодохгүй байна.